Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр нэр бүхий улстөрчдийн гэм бурууг тогтоох шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан олны танил эрхмүүдэд холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэснийг тоймлон хүргэе.
Ж.ЭРДЭНЭБАТАД ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2020.07.06/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хаслаа. Харин түүний өмгөөлөгч Д.Батсүх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаж давж заалдана гэдгийг мэдэгдээд байна. Эрүүгийн хуульд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн эцсийн шийдвэр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны тогтоол гардаг тул хуульд заасан хугацаанд нь гомдол гаргах бүрэн эрхтэй аж. Түүний хэлснээр Ж.Эрдэнэбатыг гишүүн байхад нь цагдан хорьж улмаар сонгууль болж дахин сонгогдсон нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал үүсч байна хэмээн үзэж байгаа юм.
Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан юм. Энэ хэргийг шүүх хурал зургадугаар сарын 3-наас эхлэн хэлэлцэж, гэм буруутай хэмээн үзсэн билээ.
С.БАЯР, Ч.ДАВААНЯМ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ТУСГААРЛАВ
Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өчигдөр болсон. Шүүхээс С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар боллоо. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Д.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН, С.БАЯРЦОГТ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ
С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, үлдсэн С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарыг шүүх хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдсан бөгөөд нотлох баримтуудыг шинжлэх ажил үргэлжилж байгаа гэсэн юм. Тиймээс өнөөдөр шүүх хуралдаан үргэлжлэх юм.
Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулаад байсан юм.
Н.НОМТОЙБАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДСЭНГҮЙ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр өглөө эхэлсэн ч 14:00 цагт болсон. Гэвч шүүх хуралдаанаас хэргийг эцэслэн шийдээгүй. Энэ сарын 2.3-нд үргэлжилсэн шүүх хуралдаан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй шүүгдсэн ба шинэ өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаад байв. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлээгүй.
Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “…мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорихоор болсон билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ