Монгол наадам нээлтээ хийхэд дөрөв хоног үлдлээ. Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадмын хувьд зохион байгуулагдаж буй нөхцөл байдал, байршил, найруулагч гээд эхнээсээ олны сонирхлыг татсан.
News.mn сайтын сурвалжлах баг энэ удаад энэ жилийн үндэсний их баяр наадам зохион байгуулагдах "XIII зуун" цогцолборыг зорьсон юм. Улаанбаатар хотоос 90 гаруй километрийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших энэхүү аяллын жуулчлалын газарт очихын тулд сумын төвөөсөө 20 гаруй километр шороон замаар явах шаардлагатай. Сайжруулсан бус хуучны шороон замын хажуугаар саяхан сумын төвөөс татсан цахилгааны шугам үргэлжилжээ.
ЦЭРГҮҮД НААДМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГОЛ АЖЛЫГ НУГАЛСАН
Энэхүү 20 гаруй километр үргэлжилсэн цахилгааны шугам дамжуулах хоолойг цэргүүд ухаж, төрийн өмчит "Нетком" ХХК үндсэн ажлыг нь гүйцэтгэсэн аж. Цэргүүдийг "XIII зуун" цогцолборын урдхан байрлах хээр талд хоёр хэсэг болгон хуваан байрлуулжээ. Цэргүүд газар шорооны ажлаас гадна тус газарт байрлах гэр, асар, мөн гол талбайн хоёр том хаалга гэх мэт зүйлсийг машин механизмын тусламжтайгаар барьж байгуулжээ.
Мөн үзэгчгүй наадмыг ард түмэнд шууд дамжуулан хүргэх 16 телевизийн нэг МҮОНРТ энэ өдөр наадмын цогцолбор дээр ирж, явуулын станцуудаа шалгаж, бэлтгэл ажлаа базааж байлаа.
2500 ХҮН НААДМЫН ТАЛБАЙ ДЭЭР ЦУГЛАРНА
"XIII зуун" цогцолбор газраас гурван километр зайтай, тэгш газар 1500 хүнийг хүлээн авах 80 гаруй гэр, асар болон эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван бие засах газар, мөн түүнчлэн хоёр хогийн цэгийг байгуулжээ. Нүхэн жорлонгийн талаар тус газрыг хариуцан ажиллаж буй албаны хүнээс тодруулах гэсэн боловч тэрбээр Улаанбаатар хот руу наадмын зохион байгуулах хорооны хуралд оролцохоор түр явсан гэв.
"XIII зуун" цогцолбор газрын амралтын гэр, амрах байруудын нэг хоногийн үнэ 62,400 төгрөг бөгөөд долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд олон нийтэд үйлчлэхгүй ажээ.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар "XIII зуун" цогцолбор газарт наадмын үеэр 2500 гаруй хүн ирэх аж. Жишээлбэл, шагайн харваанд оролцох 700, бөхийн барилдааны бөхчүүд, гарын даа, засуул, дэвжээний багш нар гээд 700 гаруй хүн оролцох гэнэ. Тус цогцолбор газрыг тойруулан дөрвөн шалган нэвтрүүлэх байр босгосон байсан бөгөөд үүгээр наадмын талбай руу нэвтрэх эрх бүхий хүмүүсийг шалган нэвтрүүлэхээр болжээ. Шалган нэвтрүүлэх дөрвөн байр болгон дээр 15 минутын зайтай автобуснууд очин эрх бүхий хүмүүсийг наадмын талбай руу хүргэнэ.
СУР, ШАГАЙ ХАРВАА, БӨХИЙН БАРИЛДААНЫ ТАЛБАЙ БЭЛЭН БОЛСОН
"XIII зуун" цогцолбор газар олон тооны худалдаа үйлчилгээ, хоол хүнсний газрууд байхгүй бөгөөд зөвхөн "Модерн Номадс" сүлжээ хоолны газрын салбар байрлах аж.
"Модерн Номадс"-ын хоолны асар шагайн харвааны талбайгаас нэг их холгүйхэн томоохон асар босгосон нь харагдана.
Харин шагайн харвааны талбайгаас урагш сурын талбайг байрлуулжээ. Биднийг очиход тус газарт харваачид наадмын өмнөх цэц мэргэнээ сорьж байлаа. Дээрх сур, шагай харваа, бөхийн барилдаан зохион байгуулагдах газруудыг өнгөрсөн долоо хоногт ариутгал, халдваргүйжилтийн баг ирэн ариутгаж, хулганы хор цацжээ.
“Hero” энтэртайментийн захирал Б.Баатарын хэлснээр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэнэ хэмээсэн. Тэгвэл түүний энэхүү санаачлагын хүрээнд "XIII зуун" цогцолбор газар нэг ч майхан босгохгүй дан монгол хэв шинжийг агуулсан гэр болон асруудыг байрлуулсан байна. Мөн видео бүтээлийг алдаа мадаггүй төгс бүтээхийн тулд хамгаалалтанд гарах цагдаа нарыг монгол дээлээр жигдрүүлэхээр болсон гэнэ.
Гурван тэрбум төгрөгийн өртгөөр зохион байгуулагдах өнөө жилийн наадмыг ард иргэд эсэргүүцсэн ч долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд телевиз болон цахимаар шууд хүргэх бэлтгэлээ ийн хангаж байна.
Холбоотой мэдээ