Олон нийтийн анхаарлын төвд байгаа хамгийн халуун сэдэв бол хэн сайд болох вэ? гэдэг асуудал болж байна. Засгийн бүтэц ямар байхаас үл хамааран туршлагатай, чадвартай сайдууд тодроосой гэсэн хүсэл нь У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцлийг дэмжсэн ард түмний сонголт нь байсан. Засгийн газрын танхим үе үеийн төлөөллийг хангасан ялангуяа жендэрийн харьцааг хангасан байх нь Монголын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа талаар эрдэмтэн судлаачид санал бодлоо илэрхийлсээр ирсэн.
Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд маш сайн ажиллаж байгаа, өрхийн түвшинд ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг мөртлөө шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн засаглал ноёрхсоор байна. Хүн амынх нь 50-иас илүү хувь эмэгтэйчүүд байтал ард түмний төлөөллийн байгууллага УИХ-д эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 25 хувь байсан нь шударга биш. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтыг өгөөгүй.
Тэгвэл Засгийн газарт эмэгтэйчүүдийн хувь хэд байх бол. Дээрх квотоор дүйцүүлэн бодвол 3-4 эмэгтэй гишүүн байх ёстой. Ерөнхий сайд дэлхий нийтийн трэнд сэдэв жендэрийн тэгш оролцоонд аль хэр мэдрэмжэй хандах бол?.
Одоогоор яригдаж байгаа сайдуудын дотор эмэгтэйчүүдийн нэрс хүлээгдэж байгаа квотод хараахан хүрэхгүй л байна. Ямартай ч МАН-ын эмэгтэйчүүд дотор төрд бэлтгэгдсэн, туршлага суусан, намын ч төрийн ч ажилд нухлагдсан хүмүүс нэлээн бий.
2020 оны УИХ-ын сонгуульд МАН голцуу залуу эмэгтэйчүүдийг дэвшүүлсэн нь буруу байгаагүй гэдгийг нотлож олонх нь сонгогдсон. Одоо УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Ц.Гарамжав, шинэхэн гишүүн Х.Булгантуяа нар Засагт ажиллах магадлалтай гэсэн таамаг байна. Үүний дээр Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалангийн нэр нэлээн дээрээс тодорхой хүрээнийхний дунд яригдаж байгаа гэлцэнэ. Түүний хувьд хөдөө орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, зохион байгуулах өндөр чадвартай, гүйцэтгэх засаглалд мэргэшсэн менежер, манлайлагч гэдгээрээ олон түмэнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй.
Цар тахлын үед Эрүүл мэндийн салбарыг чадварлаг удирдаж сайн менежэр гэдгээ харуулж чадсан Д.Сарангэрэл танхимдаа үргэлжүүлэн ажиллах болов уу гэж олон хүн таамаглаж байна. Ирэх жилүүд эдийн засгийн хямралыг тоссон сорилтын он жил байх болно. У.Хүрэлсүх энэ хямралыг давахын тулд салбараа сайн мэдэх, мэргэжлийн, төрийн ажлын туршлагатай хүмүүсийг багтаа авах хүсэлтэй байгаа нь тодорхой. Гэвч бүлэг фракцын шахаанд хэрчигдэхгүй гэхийн баталгаа алга. Энэ бүхний цаана У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч дүн нуруугаа алдахгүй, эмэгтэйчүүдийн квотоо бариасай. Төлөвшсөн, хүчирхэг эмэгтэйчүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэг давуу тал, ялгарах өнгө байж чадна.
Л.СУВД
Холбоотой мэдээ