Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нар өчигдөр /2020.07.06/ мэдээлэл хийж тус намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл эхэлж байгааг мэдэгдлээ. АН VI Их хурлаараа АН-ын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох шийдвэр гаргаж байсан. Энэ дагуу АН-ын даргын сонгууль хоёр дахь удаагаа орон даяар явагдах гэж байна.
Намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл 2020 оны долдугаар сарын 6-9-ний хооронд явагдаж, мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдах юм байна. АН-ын даргын сунгаа 21 аймаг, есөн дүүрэгт болж намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулна.
2000 онд таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулснаас хойш ийнхүү хоёр дахь удаагаа намын бүх гишүүдийнхээ саналаар даргаа сонгох гэж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-д дотоод шинэчлэл хийгдэж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн эргэлт /ротаци/-ийг сэргээж мөн АН-ыг даргыг бүх гишүүдийнхээ саналаар тодруулж байсан.
Тус сонгуульд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдсөнөөс С.Эрдэнэ ялалт байгуулж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АН-ын даргаар ажиллахдаа АН-ыг фракцгүй нам болгохыг зорьж нэлээд шинэчлэл өрнүүлсэн. Харамсалтай нь АН 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялагдсанаар намын дүрмийнхээ дагуу төрийн сонгуулийн үр дүнгээр АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцов.
АН дүрэмдээ УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй тохиолдолд “Намын Дарга, Дэд дарга, намын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцорсонд тооцно. Намын Дарга, Дэд дарга, намын ЕНБД болон тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэж заасан байдаг.
Энэ дагуу АН-ын удирдлагуудад хариуцлага тооцож, дараагийн даргын сунгаа эхэллээ. Харин Намын "Их хурлыг УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 90 хоногт багтаан хийхээр товлоно" гэсэн дүрэмтэй. Тиймээс АН аравдугаар Их хурлаа ирэх наймдугаар сарын 23-ны өдөр товлож, хуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Намын даргад нэр дэвшигчдийг дүрэмд заасан шалгууруудын дагуу бүртгэж, тоонд хязгаар тавихгүй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Дүрмийн дагуу нэр дэвшигч сурталчилгааны зардлыг гаргах үүрэгтэй. Тиймээс нэр дэвшигчид тодорхой болсны дараа зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг гаргаж, нэр дэвшигчид тэнцүү хуваан гаргах юм байна.
Сонгуульд АН-ын дүрмийн шаардлага хангасан бүх хүн нэр дэвших эрхтэй. Ялагдлын халуун суурин дээр намдаа шинэчлэлт хийх хүн хэн бол гэдэг асуулт улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Намын дүрмээрээ С.Эрдэнэ дахин нэр дэвших эрхгүй.
АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл АН-ын даргад өрсөлдөхөө хамгийн эхэнд илэрхийлээд байгаа юм. Тэрбээр энэ тухайгаа “АН-ын даргыг ард түмэн огцруулсан тул би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Манай намд эмэгтэй дарга урьд нь байгаагүй. Эмэгтэйчүүд дандаа л эрэгтэй дарга нарыг гаргахад арын албанд нь ажиллаж байсан байна. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц зохион байгуулалт хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд намдаа төлөх 100 сая төгрөгийн дэнчинг зөвшөөрөөгүйгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй юм.
Ц.Оюунгэрэл 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан. Ц.Оюунгэрэл нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр сүүлийн үед улс төрөөс түр хөндийрч номын ажил болон “Нутгийн шийдэл” ТББ-даа ажиллаж "Жорлонгоо өөрчилье" төслийг хэрэгжүүлэх болсон.
АН-ын даргад нэр дэвшигч дараагийн горилогч бол УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр.Түүний хувьд 2016 онд намын даргын сунгаанд өрсөлдөж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвших болов уу гэсэн хүлээлт сонгогчдын дунд байсан ч нэр дэвшээгүй. Энэ удаад дахин АН-ын даргад өрсөлдөж намынхаа үйл хэрэгт оролцох байх гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Лу.Гантөмөр АН-ын лидерүүдийн нэг. Улс төрийн гараагаа Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөс эхлүүлж байжээ. Тодруулбал,
- 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
- 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.
Удаах горилогч бол ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин. Тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд Төв аймгаас нэр дэвшиж, ялалт байгуулж чадаагүй ч намынхаа шинэчлэлд оролцох нь тодорхой. Гэхдээ түүний хувьд дотоод сунгааг төдийлөн дэмжихгүй байгаа гэсэн. Учир нь, намыг мөнгөний болгож хувиргаж, мөнгө тараадаг уралдаан болголоо хэмээн шүүмжилж буй.
Х.Тэмүүжин намынхаа ялагдлын талаар “2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн хариуцлага хуваалцаж АН удирдлагын түвшинд биш өөрчлөлт, шинэчлэлийг хийх багийн ард жирийн гишүүний хувиар, ардчилал, хүний эрх, шударга ёсны дэм болж, түрж ажиллах болно. Нам дотроо дуугарсан дуу минь сулдсан бололтой. АН-ын ялгарал бүдгэрэх тусам МАН-ын эрх барих хугацаа, жин нэмэгдээд байх. Сөрөг хүчний хурц тод ухаалаг тууштай бодлого, шинэ залуу улс төрийн хүчний нэгдэл АН үүсгэх цаг болжээ” хэмээн жиргэсэн. Тиймдээ ч АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлэх нь тодорхой. Тэрбээр 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд анх Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулж,мөн 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтын 3-рт бичигдэн, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин намын даргын сунгаанд өрсөлдөхөө өчигдөр мэдэгдсэн. Мөн хуульч О.Алтангэрэл, МАЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд нар АН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Холбоотой мэдээ