Posted by News.mn on Monday, July 6, 2020
Т.Доржханд: Манлайлаад явах бүтэц хэрэгтэй
УИХ-ын Анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдын Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” гэж дэмжлээ. Мөн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Анхдугаар чуулганаар төслийг хэлэлцэх үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Сүүлийн 30 жилд эдийн засаг 13 дахин томорсон. Төсвийн зардал 70 дахин томорсон. Энэ хэрээр төрийн зардал өссөн гэсэн үг. Зээлийн хүү 55, нийт өрийн хэмжээ 50 дахин өссөн гэсэн муу үзүүлэлтүүд дандаа байна.
Дэлхийн эдийн засаг маш хүнд сорилтын өмнө ирчихсэн. Үүний хажуугаар Монгол Улсын эдийн засаг ч маш хүнд байгаа. Юун тэтгэвэр тэтгэмжээ тавих, дампуурлаа зарлах асуудал тулчихаад байгаа. Өнөөдөр хөгжиж байгаа улсуудад ч хүнд байдал нүүрлээд байна. Төсвөө хэмнээд бондын өрийг дарж чадахгүй. Азийн зах зээлээс 100-аад тэрбум ам.доллар гараад явчихсан. Өрөө бонд босгож төлж байсан бол одоо тэр мөнгө чинь босохгүй. Тэгэхээр өмнөх шигээ явна гэж тайвширч болохгүй. Өнөөдөр дэлхийн нөхцөл байдал өөр болсон шүү. Тиймээс ийм тохиолдолд хурдан ажилладаг, мэргэжлийн, цомхон Засгийн газар маш их хэрэгтэй байлаа. Гэхдээ хуулийн төслөөр нэг яам нэмэгдсэн байна. Ядаж уг нь хуучин бүтцээрээ явсан бол зүгээр байлаа. Нэмнэ гэдэг нь боломж байна гэж харсан байх.
Соёлын яаман дээр дөрвөн зүйл байна. Соёл урлаг хөгжүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах, сэргээн босгох, салбарын үйлдвэрлэл үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэх асуудал, агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа явуулах гэж байна. Дөрвөн үндсэн асуудлын хоёр нь тэс хөндлөн байна. Соёлын яамаа судалгаа тооцоотойгоор ийм үр дүн гарна гэж харсан юм байгаа юу. Төсөл дээр чинь харагдахгүй байна. Технологи инновацийн яамтай болбол сайн байна гэсэн. Энэ салбарын хөгжлөөс гадна цахим засаглал, авлига, хээл хахуулийг бууруулах, төрийн үйлчилгээг хурдан болгох байдлаар бүх улсууд шийдсэн байна. Энэ боломж нь бидэнд байгаа учраас аваад ашиглая гэсэн санаа. Харамсалтай нь энэ туссангүй. Энэ чиглэлээр та бүгд маань дотроо ярьсан асуудал байна уу. Та үгэндээ төрийн үйлчилгээг цахимжуулна гэсэн. Үүнийгээ ямар байдлаар хийх вэ. Хөрөнгө оруулалтын нэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явна гэхээр санхүүжилт хэрэгтэй. Үеийн үед цаас үйлдвэрлээд хөрөнгө оруулалт нь тавигдаагүй байдгаас лоозонгийн шинж чанартай болчихлоо. Манлайлаад явах бүтэц хэрэгтэй. Таны манлайлал, мөнгө хэрэгтэй Оюун-Эрдэнэ сайдаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Цар тахалтай холбоотой дэлхийн дахинд эдийн засаг хүнд байгаа. Бид үүнийг эрсдэлийн төлөвлөлт гэж тооцсон. Тиймээс л тогтвортой бүтэц байх нь чухал гэж үзэж байгаа. Цаг алдах хугацаа байхгүй. Тиймээс одоо байгаа бүтцээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал. Эдийн засаг дээр тусгайлсан бүтэц оруулна. Яаж эдийн засгийн хямралыг даван туулах нь зүйтэй вэ гэдгийг боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Төрийн үйлчилгээг цахимжуулахад заавал инновацийн хэлтэс байгуулахгүйгээр шийдэж болно гэж бодож байгаа. 11 мянга орчим үйлчилгээг нэг цонх руу оруулах ажлыг хийж байгаа. Хорооны Засаг даргын тодорхойлолтоос эхлээд бүх төрийн үйлчилгээг цахимжуулна. Дэд бүтцийн суурь асуудлаа шийдсэн. Одоо салангид байгаа мэдээллийн датаануудыг хооронд нь холбох, мэдээллийн аюулгүй байдал, цахим гарын үсгийн асуудлыг шийдэх ёстой. Ингэснээр төрийн алба цахимжина. Хувийн хэвшил болон иргэдийн авах үйлчилгээ цахимжина.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар ЗГХЭГ-т очиж байгаа. Хамтарч ажиллах бүрэн боломж байгаа. Гишүүдийн шүүмжилж, санал болгож байгаа зүйлүүдийг бид авна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өнөөдөр Соёлын яамнаас илүү Хөгжлийн бодлого төлөвлөлт хамгийн чухал байгаа. Ерөнхийлөгчийн саналд туссан Уул уурхай, Эрчим хүчний яамаа нэгтгээд явж болно. Хамгийн чухал асуудлыг яам бүхэнд хамааруулж дунд нь хариуцах эзэнгүй орхих вий.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
УИХ: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын Анхдугаар чуулганаар яаралтай горимоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдох хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн талаарх үзэл баримтлалыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулснаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор тус төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж байна.
Засгийн газрын бүтцэд шинээр Соёлын яам байгуулахаар тусгажээ. Тодруулбал,
Ерөнхий чиг үүргийн:
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Батлан хамгаалах яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Чиглэлийн:
- Барилга, хот байгуулалтын яам
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Соёлын яам
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
- Эрчим хүчний яам
- Эрүүл мэндийн яам
Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг Шадар сайд, Хилийн боомтын асуудал Сангийн Сангийн сайдын эрхлэх хүрээнд байна гэдгийг тусад нь салгалгүйгээр нэг болгох саналтай байна. Хэлэлцүүлгийн дараагийн явцад засах боломж байгаа гэж харж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
УИХ-ын сонгуулиар ард түмэн тогтвортой байдлыг хүссэн. Засгийн газар тогтвортой ажиллаж, хийх ёстой ажлуудаа хийгээд яв, шинээр энэ тэнд яам байгуулаад байх хэрэггүй гэж ард түмэн сонголтоо хийсэн. Бид нэг Засгийн газар байгуулах гэж өчнөөн сандал ширээ, бланк үйлдвэрлээд бөөн юм болдгийг та нар бүгд мэднэ. Тийм учраас Засгийн газраа тогтвортой ажиллуулж, ажил хариуцсан хүмүүс нь хэвийн ажлаа цааш нь явуулаг.
Эдийн засгийн хөгжлийн асуудлаар бид олон удаа ярилцсан. Хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, гэхдээ хугацааг нь хойшлуулсан. Энэ удаад эдийн засгийн хөгжлийн асуудлыг ЗГХЭГ-ын даргын хүрээнд бүх яамны хөгжлийн асуудлыг зохион байгуулах бүрэн боломжтой гэж үзсэн. Аль болох хөдөлгөөн бага байлгахыг хичээсэн. Яамны бүтэц нэрээр баахан хүнийг халдаг, баахан төрийн албан хаагчид ажилгүй болдог. Дараа нь хууль шүүх гээд заргалдаад явдаг. Энэ мэт маш хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Тиймээс энэ бүтэц бол урьд нь байсан, ажлаа явуулж болж байсан бүтэц учраас цааш нь тогтвортой байлгах бүрэн боломжтой. Хөдөлгөөн оруулж, Засгийн газрын бүтэц янз бүрийн өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Чөлөөт бүсийн хөгжлийн асуудлыг Шадар сайд, Хилийн боомтын хөгжлийн асуудлыг Сангийн Сангийн сайдын эрхлэх хүрээнд өмнө ч байсан. Энүүгээр болж байхад өөрчлөөд байх хэрэггүй гэж бодож байна. Энэ бүтцээрээ Засгийн газар ажиллаад үзэг, үр дүн нь харагдах байх. Тогтвортой Засгийн газрыг цааш нь авч явна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Дэмжиж байна. Гэхдээ асуулт байна. Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгтэй гэж Ганбат дарга хэлсэн атлаа төгсгөлд нь хэрэггүй гэх юм. Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд олдоггүй. Сангийн сайд, ЗГХЭГ, УУХҮЯ нь өөрөөсөө түлхдэг, хариуцах эзэнгүй болчихдог. ЗГХЭГ эдийн засгийн хөгжлийн асуудлыг аваад явахад цаг зав нь ч гарахгүй болов уу. Өнөөдөр эдийн засгийн асуудал Монгол Улсад хамгийн эхэнд тавигдаж байна. Сангийн сайдынх нь ч зав гарахгүй. Мөн ЖДҮ-ийн тухай хуулиар агентлагтай байх ёстой. Ямар хууль нь хэрэгжээд байдаг юм бэ. 800 мянган хүн ажилладаг салбар шүү дээ.
Ажлын хэсэг:
Орж ирсэн төсөлд хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой, урт хугацааны хөгжлийн асуудлыг уялдуулан зохицуулах үүргийг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд оногдуулсан. Зохицуулах боломжтой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Миний хүлээлт арай л өөр байсан юм. Ард түмэн ч гэсэн өөр хүлээлттэй байсан байх. Засгийн газрын бүтцээ та нар батлаад л явуулах байх, арай л биш байна аа. Өнөөдөр байдал маш хүнд байгаа. 13 яам дээр Соёлын яамыг нэмж байгаа нь дарга нарын сандал, ширээг нэмнэ гэсэн үг. Ингэх шаардлага байсан юм уу. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчийн мөнгө гэж бий. 7-8 сая хүн амтай улс 7-8 хан яамтай байдаг. Бидний хүлээлт 7-8 яам оруулж ирэх байх гэж бодож байсан. Миний ойлгож байгаагаар өнгөрсөн дөрвөн жил нэг ч хүн ядуурлаас гараагүй. Цаашид яах юм. Төр засаг ажлын байр бий болгодоггүй, ААН-үүд бий болгодог юм. Ууган нам энэ талаар бодсонгүй юу. Энэ бүтцээрээ ажиллаад хичнээн хүн ядуурлаас гарч, ажилтай болох юм бэ, хариулт өгөөч.
Ажлын хэсэг:
Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзээд одоо үйлчилж буй Засгийн газрыг бүтцийг хэвээр нь хадгалах зарчмыг баримталсан. Ядуурал санаа тавих асуудал яах аргагүй мөн. Үүнийг зөв бүтэц, зохион байгуулалтаар тавьсан зорилтоо хэрэгжүүлэх бүрэн бололцоотой гэж харж байгаа. Түүх, соёлоо онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзсэн учраас Соёлын яамыг тусад нь байгуулахаар оруулж ирсэн. Тус яамыг цомхон бүтэцтэй байхаар төлөвлөсөн.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Эдийн засаг хүнд байгааг бид бүгдээрээ ойлгож байгаа. Асуудалд улстөржилтөөр хандаад хэрэггүй байх. Та биднийг хамтдаа хий гэж УИХ-д сонгосон. Таныг байнга ярьдаг ХАА-тай холбоотой асуудлууд ч туссан байгаа. Та өмнөх парламентын бүлгийн даргаасаа энэ талаар асуугаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Соёлын яамыг байгуулж байгаа бол тусад нь Соёл урлагийн газар байх хэрэггүй. Өмнө нь Соёлын яамгүй байхад Соёл урлагийн газар байсан. Соёлын сайдын эрхлэх гуравхан асуудал бий. Энэ гурван асуудлыг Соёлын яам дангаараа хариуцах боломжтой. Давхар Соёл урлагийн газар байгуулж, хоорондоо ажлаа булаацалддаг илүү зардал гаргах шаардлагагүй. Яагаад Соёлын яам байгуулж байгаа юм бэ?
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа хууль баталж байгаа учраас өмнөхтэй зөрчилдөх асуудал байна. Засгийн газрын бүтцийн асуудлыг парламент заавал хэлэлцэх шаардлагатай биш. Ямар санаа, оноо байна вэ гэдгээ Ерөнхий сайдад хэлэхээс өөрөөр хүчээр асуудалд хандах ёсгүй. Үндсэн хуулиар Ерөнхий сайд танхимаа өөрөө байгуулна. Мөн парламентын өмнө биечлэн хариуцлага хүлээнэ. Ийм л зохицуулалт руу бид орж байгаа. Энэ хүнд цаг үед эдийн засгийн хөгжил хариуцсан шинэ яам байгуулбал бид цаг хугацаа алдана. Тийм учраас хуучнаар нь байлгасан нь зөв гэж үзсэн. Соёлын яамны хувьд өмнө нь яригдаж байсан. Бусад яам бүгд хэвээр байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд та бүхнийг сайн ажиллана гэж Монголын ард түмэн найдаж байгаа. Та нарыг биш, мөрийн хөтөлбөрийг чинь дэмжсэн шүү. Мөрийн хөтөлбөртөө уул уурхайн баялгыг ард түмэндээ ашигтай болгож, өрөө дарна гэсэн. Оюутолгой, Дубайн гэрээ зэрэг уул уурхайн гэрээнүүдийг сайжруулах асуудлыг хар толгойгоороо хэн нь хариуцах юм бэ. Эзэн биетэй баймаар байна. Хоёрдугаарт, гурван талт хэлэлцээрийг хүчтэй байлгаж байж Засгийн газар бяр орно. Гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргахын тулд ямар зорилт, зорилго тавьж байна вэ. Гуравдугаарт, өрүүдийг хэзээ дарах вэ. Хэн хариуцах вэ. Эзэн бие, үр дүн, хугацааг хэлээч.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Газар шороондоо эзэн байхыг У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн гурван жил чадан ядан явуулсан. Шаардлагатай орд газруудыг буцаан авч ард түмнийхээ өр ширийг дарах ажлуудыг зохион байгуулж байгаа. Цаашдаа ч хариуцлагатай ажиллана. Хууль бусаар олгиархиудын гарт очсон, хууль бусаар баяжсан нөхдүүдэд хариуцлага тооцож ажиллаж байгаа. Улам хатуу зогсоно. Байгалийн баялаг ард түмний баялаг болохоос биш цөөн хэдэн хүний баялаг биш. Ард түмэн ижил тэнцүү хүртэх ёстой. Хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Улс төрийн, хууль хүчний банк санхүүгийнхэн нийлсэн мафи байгаа. Өнөөдөр ч зарим нь энэ дотор сууж байгаа. Цаашдаа ч шалгах хүмүүс зөндөө байгаа. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх субъект. Би гэмт хэрэгтэй тэмцэнэ. Шалгах ёстой хүмүүсийг шалгана, цаашид ч шалгалт үргэлжилнэ. Оюутолгой, Дубайн гэрээг ЗГХЭГ хариуцаж байгаа. Ажлын хэсэг ч байгуулагдсан.
Холбоотой мэдээ