Наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Энэ жил Үндэсний их баяр наадмыг анх удаа үзэгчгүй тэмдэглэхээр болсон ч гурван тэрбумаар зохион байгуулж байгаа нь шүүмжлэл дагуулаад байна. Баяр наадмын талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй, нээлтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах онлайн наадмыг гурван тэрбумаар тэмдэглэх шаардлагагүй гэж иргэд үзэж байгаа юм.
ГУРВАН ТЭРБУМААР НААДАМЛАСНААС ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ БАРИХ ХЭРЭГТЭЙ
Иргэн Б.СОДНОМДОРЖ:
-Энэ жилийн наадмаар гэртээ баярлана. Харин наадмыг үзэгчгүй тэмдэглэж гурван тэрбумыг үрэх шаардлагагүй. Үзэгчгүй наадамд ийм их мөнгө ч хэрэггүй. Цар тахлын улмаас эдийн засаг хямарсан хүнд цаг үед олон нийтэд хүртээмжтэй эмнэлэг барих хэрэгтэй. Гурван тэрбумаар наадамламж байхаар сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй болбол иргэддээ хүртээмжтэй шүү дээ. Намраас хичээлийн шинэ жил эхлэхэд цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүй асуудал жил бүр яригддаг. Үүнийг шийдсэн нь дээр болов уу. Монголчууд цар тахлаас сэргийлж нийтээрээ цагаан сарын баяраа тэмдэглэлгүй өнжсөн. Тиймээс энэ жил наадмыг ч бас тэмдэглэхгүй байх нь зүйтэй. Харин ирэх жилээс өргөн дэлгэр тэмдэглэж болно.
ҮЗЭГЧГҮЙ НААДМЫГ ДЭМЖИЖ БАЙГАА Ч ГУРВАН ТЭРБУМЫН БОДИТ ЗАРДАЛ ИЛ ТОД БАЙХ ЁСТОЙ
Иргэн С.БАТСУУРЬ:
-Цар тахлын үед УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа амжилттай зохион байгууллаа. Хүн бүр л дээлээрээ гоёж саналаа идэвхтэй өгсөн. Халдварт өвчнийг дотооддоо алдаагүй нөхцөлд үзэгчгүй наадам тэмдэглэхийг дэмжиж байгаа.
Олон хүн нэг дор цуглахгүй. Харин наадмыг тэмдэглэхэд зарцуулах шаардлагатай гурван тэрбумын зарцуулалтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үзэгчгүй наадам тэмдэглэснээр зардал үнэхээр буурсан уу өмнөх жилүүдээсээ ялгаатай байж чадах уу зэрэг бодит зардлын тайлан нээлттэй байх ёстой. Гурван тэрбумтай холбоотой асуудлаар Монгол Улсад шүүмжлэх асуудал олон байгаа ч эдийн засаг хямралтай үед Сүхбаатарын талбайн урд “Хонхтой” цэцэрлэгт хүрээлэнд гурван тэрбумаар усан оргилуур барих шаардлагатай байсан уу. Гэтэл эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй хүүхдүүд нь коридорт хэвтэн эмчлүүлж байна. Энэ мэтээр шүүмжилбэл олон асуудал байна. Тиймээс наадмын төсөв ил тод байвал иргэд ч буруу ташаа ойлгохгүй.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ГУРВАН ТЭРБУМААР БАЯРЛАХ БУС ЭМНЭЛЭГ БАРЬЖ БОЛНО
Иргэн Г.ОЮУН:
– Энэ жил анх удаа үзэгчгүй наадмыг зохион байгуулахаар болсон нь зохион байгуулалтын хувьд зөв шийдвэр. Цар тахлын улмаас олон сар хорионд байсан хүмүүсийн сэтгэл санаа сэргэх байх. Нөгөө талаас Үндэсний баяр наадмаа бид энэ жил тэмдэглэхгүй байж болно. Цар тахлыг манай улс дотооддоо алдаагүй ч эдийн засаг хямралтай байна. Тиймээс үзэгчгүй наадмыг гурван тэрбумаар тэмдэглэснээс тулгамдаж буй асуудлаа шийдсэн нь дээр. Жил бүр цэцэрлэг, сургууль хүрэлцдэггүй, эмнэлэг ачааллаа дийлдэггүй. Үүнийгээ шийдэж гурван тэрбумаар баярлах мөнгөөр эмнэлэгтэй болбол бидэнд хэрэгтэй.
ГУРВАН ТЭРБУМААР НААДАМЛАХЫГ БУС АЖЛЫН БАЙРАА НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИНЭ
Иргэн Б.БАТЦЭЦЭГ:
-Наадам болох гэж байгаа ч энэ жил өнжих нь зүйтэй. Гурван тэрбумаар үзэгчгүй наадам зохион байгуулахыг дэмжихгүй байна. Наадам тэмдэглэхэд хэтэрхий их мөнгө. Өнгөрсөн жилийн наадмыг 650 саяар өргөн дэлгэр сайхан л тэмдэглэсэн шүү дээ. Иймд гурван тэрбумаар баярлахаар хямралд өртсөн аж ахуй нэгжүүдээ дэмжиж, ажлын байраа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гурван тэрбумаар эмнэлэг ч барьж болно шүү дээ. Бас аялал жуулчлалын салбараа ч өөд нь татах хэрэгтэй. Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч, олон хүн ажилгүй болсон. Тэдний нэг нь би. Аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийсний улмаас одоо ч ажил олдохгүй гэртээ хүүхдээ харахаас өөр сонголт алга. Ер нь цагаан сарыг өнжиж болсон байхад наадмаа тэмдэглэхгүй өнжих л хэрэгтэй.
ҮЗЭГЧГҮЙ НААДМЫН ТӨСӨВ ИЛ ТОД БАЙХ ХЭРЭГТЭЙ
Иргэн С.ОРГИЛ:
– Үндэсний баяр наадмаа үзэгчгүй тэмдэглэхээр болсныг дэмжиж байгаа. Цар тахлыг дотооддоо алдаагүйгээс хойш наадмаа үзэгчгүй ч тэмдэглэх хэрэгтэй. Харин наадам тэмдэглэхэд зарцуулсан гурван тэрбумын төсвийг ил тод болгох ёстой. Энэ мэдээлэл бидэнд хаалттай байдаг.
ҮЗЭГЧГҮЙ НААДМЫН ЗАРДАЛД ГУРВАН ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ ГЭДЭГТ ИТГЭХГҮЙ
Иргэн С.ОДГЭРЭЛ:
-Үзэгчгүй наадмыг гурван тэрбумаар тэмдэглэхийг дэмжихгүй. Наадмаа үзэгчгүй тэмдэглэж болох ч зарцуулах төсөв нь хэтэрхий их мөнгө. Гурван тэрбумаар наадамласнаас бороонд эвдэрсэн замаа засч, хүрэлцээгүй сургууль, цэцэрлэгийн тоог нэгээр нэмбэл бидэнд л хэрэгтэй. Эсвэл наадмын зардлаа ил тод болгох ёстой. Үзэгчгүй наадамд гурван тэрбум шаардлагатай гэдэгт итгэхгүй байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ