Сайдад горилогчдын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Сайдад горилогчдын хэн нь хэн бэ?

Сайдад горилогчдын хэн нь хэн бэ?

Шинэ Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн Засгийн газрын бүтэц, танхимаа бүрдүүлэх учиртай. Улс төрийн хөшигний ард хэнийг сайд болгох, хэнийг гомдоохгүй үлдээх вэ гэдэг нь У.Хүрэлсүхийн толгойны өвчин болоод буй.

Албан бус мэдээллээр Ерөнхий сайд танхимын бүтэц, бүрэлдэхүүнээ энэ долоо хоногт томилж, наадамлахаар төлөвлөжээ.

У.Хүрэлсүхийн танхимын талаар хэд хэдэн хувилбар яригдаж буй. Шадар сайдын тоог нэмэхгүй, зарим яамдыг нэгтгэнэ гэсэн хувилбар байгаа ч ямар нэг яамыг нэгтгэхгүй байж, хоёр Шадар сайдтай байхаар зохицуулалт хийжээ. Өөрөөр хэлбэл, Тэргүүн Шадар сайд, Шадар сайд, Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам, Соёлын яамыг шинээр байгуулахаар болсон гэх.

Мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар яамдын бүтцээ тохиролцоогүй байгаа гэх мэдээлэл байна.

Тэгвэл Ерөнхий сайдын танхимд ажиллахаар горилж байгаа хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг онцлоё.

Энэ Засгийн газарт сайд болох нь тодорхой хэд хэдэн хүн бий. Гэхдээ тэд шалтаг, шалтгаантай нэр дэвшээгүйгээс гадна, нам нь ялбал сайд болно гэсэн тохироотой сонгуулийг өнжсөн. Тодруулбал, УИХ-ын сонгуульд өнжиж, нам ялбал сайд болно гэсэн тохироотой УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Я.Содбаатар нарын хүмүүс бий. Ж.Энхбаярын хувьд Батлан хамгаалахын сайдаар томилогдоно гэдэг нь тодорхой болсон бөгөөд өрсөлдөгчгүй гэх. Түүний мөнхийн амбиц нь батлан хамгаалах салбар, салбараа сайн мэддэг гэдэг ч Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан гэдэг хар дансанд орсон. УИХ-ын гишүүн асан Я.Содбаатарын  хувьд шинээр байгуулагдах Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам эсвэл Тэргүүн Шадар сайд гэсэн албан тушаалуудад яригдаж буй. Өвөрхангай аймгаас 2016 оны сонгуулиар ялалт байгуулж сонгогдсон түүний хувьд ЖДҮ гэх хар толботой үлдсэн. УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн хувьд Зам тээврийн сайдад яригдаж буй. Түүний хувьд УИХ-д гурван удаа сонгогдож байсан, МАН-ын туршлагатай парламентчдын нэг.

Тэргүүн Шадар сайд:

-Тэргүүн Шадар сайдад УИХ-ын гишүүнээр анх удаа томилогдоод буй С.Амарсайханы нэр яригдаж буй. Хотын даргаар сүүлийн хоёр жил ажиллах хугацаандаа багагүй хэл ам дагуулсан тэрбээр хамгийн сүүлд 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд усан оргилуур бариад гишүүн болоод дэвшсэн. Усан оргилуур багагүй хэл ам дагуулсан ч ашиглалтад оруулсан. Түүний гавьяа байгуулсан нэг ажил бол Налайхын зам. Олон жил засвар хийгдээгүй энэ замын бүтээн байгуулалтын автор нь С.Амарсайхан.  Түүнээс гадна одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшингийн яригдаж буй. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд коронавирусийн цар тахлын үед Улсын онцгой комиссыг удирдаж багагүй нэр хүндээ өсгөөд буй. Гэхдээ сонгогчдын дунд Ө.Энхтүвшин “одоо болно” гэх хандлага маш их байгаа. Тиймдээ ч түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй бөгөөд олон нийт ч гэсэн дараагийн Засгийн газарт оруулах ёсгүй хүн хэмээн нэрлээд буй. Тэднээс гадна Тэргүүн Шадар сайд, Шадар сайдад Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрс ч яригдаж эхэлжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар:

-Энэ суудалд хамгийн боломжтой, ямар нэг өрсөлдөгчгүй яригдаж байгаа хүн бол Л.Оюун-Эрдэнэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гал тогоог өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барьсан бөгөөд энэ удаад мөн улираана гэсэн яриа бий. Гэхдээ түүнийг мөн Тэргүүн Шадар сайд болох магадлал өндөр гэдгийг ч хэлэх хүмүүс байна.

Гадаад харилцааны сайд:

-Гадаад харилцааны яамыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сү.Батболдын фракц “эзэмшсэн”. Өөрөөр хэлбэл, Сү-ийн фракцын Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нар дөрвөн жил дараалж, сайдаар нь ажилласан бөгөөд энэ удаад ч мөн тэдний хүн болох Д.Зоригтыг томилно гэх мэдээлэл бий. Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаад нэг хэсэг чимээгүй болсон нь Оюутолгойн гэрээний асуудалтай холбоотой гэдэг. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс өөрийн гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжинг зүтгүүлж буй гэх. Өмнө нь Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалд томилогдох хүмүүсийн дунд явж байсан, залуу, мэргэжлийн чадварлаг боловсон хүчин гэгдэж буй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам:

-Тус яаманд одоогоор яригдаж байгаа хүн тун ховор. Олон нийтийн зүгээс одоогийн сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол нарын нэрс яригдаж байгаа боловч сонголт өөр байна хэмээн учир мэдэх хүмүүс ярилцаж буй. Н.Цэрэнбатын хувьд өөрөө үргэлжлүүлэн сайдаар ажиллах сонирхол байгаа ч  сонгуульд ялагдсан хүмүүсийг шинэ Засгийн газарт оруулахгүй гэсэн мэдээлэл бий.

Барилга хот байгуулалтын яам:

-Барилга хот байгуулалтын сайдаар тус яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс яригдаж буй. Б.Мөнхбаатарын хувьд нэг жил гаруй хугацаанд тус яамны дэд сайдаар ажилласан, Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Харин түүнтэй хамт яригдаж буй тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хувьд 2020 оны сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгөх гэж байхад нь сайдын суудал “амласан” гэдэг. Тиймээс ч ажлаа өгөлгүй сайд болохоор горилж яваа.

Сангийн яам:

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн хүрээнд, нам дотроо ч тохиролцсон нэг зүйл бол Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг улираах. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эдийн засаг, санхүүг тэр зохицуулж ирсэн учир цаашид ч үргэлжлүүлэх нь зөв гэж хүлээн зөвшөөрөгчид олон гэнэ. Ч.Хүрэлбаатарын хувьд дөрөв дэх удаагаа Увс аймгаас сонгогдсон. Улс төрийн хувьд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нартай зөрчилдөөнтэй байдаг. Тиймээс ч өнгөрсөн парламентын үед Ч.Хүрэлбаатарын томилгооноос эхлээд ихэнх хориг нь Ч.Хүрэлбаатарт зориулсан. Гэхдээ энэ удаад Ч.Хүрэлбаатарын томилгоо дээр МАН-ын дарга, Ерөнхийлөгч нар тохиролцсон гэх яриа бий.

Эрүүл мэндийн яам:

-Эрүүл мэндийн дараагийн сайд хэн болох вэ гэдэг хамгийн чухал. Дэлхий нийтээрээ цар тахалтай байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбараа сайжруулах, дотооддоо алдахгүй байх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулах гээд маш хариуцлагатай алба. Тиймээс Эрүүл мэндийн сайдад Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханы нэр яригдаж буй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байхдаа байгууллагынхаа дотоод нөхцөл байдал, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр түүний хийсэн ажлыг эрүүл мэндийн салбарынхан магтдаг. Тиймээс түүнийг Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон гэдэг. Мөн Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатарын нэр яригдаж буй. Тэрбээр өмнө нь ЭМЯ-нд ажиллаж байсан туршлагатай ч их хэмжээний мөнгө цэйфнээс нь гарч, Авлигатай тэмцэх газарт шалгуулж явсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам:

-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр яригдаж буй. Түүний хувьд 2016 онд гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны дарга хийж байсан, хуулийн салбарын хэд хэдэн голлох хуулиудад гар бие оролцсон гээд Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдох магадлал өндөр. Гэхдээ түүнтэй хамт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нэр ч яригдаж буй. Ц.Нямдоржийн хувьд 2020 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшиж, өвдөг шороодсон. Тэгэхээр сонгуульд ялагдсан хүмүүст ямар нэг албан тушаал өгнө гэдэг юу л бол.

Түүнээс гадна Соёлын сайдаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаярын нэр яригдаж буй. Түүнийг соёлын салбарт эхлүүлсэн олон бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгах үүрэг өгөөд сайдаар томилж магадгүй.

Мөн Эрчим хүчний сайдаар Эрдэнэс Монголын захирал П.Ганхүү, Нийгмийн хамгааллын сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Үндэсний статистикийн А.Ариунзаяа нарын нэрс яригдаж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж