Сайдаа нэхсэн салбарынхан

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Сайдаа нэхсэн салбарынхан

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг салбарынхан нь нэхэж, газрын даргыг нь сандаргав. Учир юу вэ гэвэл, тус яаманд өчигдөр “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалт болж, тус салбарынхныг хамарсан 20 гаруй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцсон юм. Тэднээс н.Шагдаржав гэх хүн “Аж үйлдвэрийн сайд хаачив аа. Эзэнгүй байсан энэ салбар нэг жилийн дотор өндийж, хөлөө олон бодлоготой, зорилготой болсон нь Д.Эрдэнэбат сайдын ажлын үр дүн юм. Талархлаа илэрхийлмээр байна. Сайд ч алга, Төрийн нарийн бичгийн дарга ч алга. Хоёуланг нь дуудаад оруулж ир л дээ” гэж байлаа.

Гэвч сайд нь ч, Төрийн нарийн бичгийн дарга нь ч ирсэнгүй. Дээрх уулзалттай давхцаж Засгийн газар ээлжит бусаар хуралдсан учраас Аж үйлдвэрийн сайд тус хуралдаанд оролцож байсан бол Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү албан ажлаар Хөх хот зорьсон байв. Давхар хурал давхацсаныг мэдсэн тэд дахиад нэг уулзалт товлохыг хүсч, энэ сарын 15-нд хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зөвлөгөөний үеэр салбарын сайдаа андахаар болж, уулзалтаа өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж