Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох ял оногдуулах шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.06/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, түүнд зургаан жилийн хорих ял оноолоо.
Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр нь буюу өнгөрөгч зургадугаар сарын 12-ны өдөр цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Түүнийг цагдан хоригдож байхад УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж улмаар Сэлэнгэ аймгаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-д дахин сонгогдсон. Шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан тул УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний суудлыг хэрхэх вэ гэдэг асуудал гарна.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Дээрх тохиолдолд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдана” гэв. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.7.“Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заажээ.
77 дугаар зүйл.Нөхөн сонгууль явуулах
77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
Ингэхдээ “Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн баталдаг.
Холбоотой мэдээ