Зам тээврийн яамнаас 2017 он гэхэд бүх аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож дуусгана гэж мэдэгдсэн. Энэ онд авто замын салбарт Азийн Хөгжлийн банк, Германы Сэргээн босголт банк, Кувейтын сан, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр найман төсөл арга хэмжээ, дотоодын хөрөнгө оруулалтаар 22 ажлыг санхүүжүүлэхээр төсөвт тусгажээ.
Хэрэгжиж буй төслийн тухайд Говь-Алтай чиглэлийн зам баруун аймгуудыг холбох авто замын ажил бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард барилгын ажил нь эхэлсэн байна. Эдгээр ажил 2016 онд шилжиж хийгдэх юм байна. Үүнээс гадна долоон гүүрний ажил хийгдэнэ. Тухайлбал Хэнтий аймгийн Бархын голын 121.3 метр урттай төмөр бетон гүүр, Ширээгийн голын 90 метр урт гүүр зэрэг юм. 2015 онд нийт 690 гаруй метр урт гүүрийн ажлыг төлөвлөж, 100 хувь гүйцэтгэсэн байна. Харин арчлалт засварын хувьд 2016 оны төлөвлөгөөгөөр олон улсын болон улсын чанартай нийт 16 мянга 431 километр авто зам болон гүүрний засварыг хийнэ. Одоогоор улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилладаг 20 төрийн өмчит хувьцаат компаниуд байгаа аж. Нийслэлийн авто замын газраас мэдээлж байгаагаар энэ онд олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан чиглэлийн зам, Толгойт болон 21 дүгээр хорооллын замын ажлаас гадна Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг хос болгох, Замын цагдаагийн газрын уулзварын төмөр зам дээгүүрх гүүр замыг хоёр түвшний болгох зэрэг ажлуудыг хийх юм.
Д.ЖАГАР