Монгол “Ганжуур” хөлгөн судрыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Монгол “Ганжуур” хөлгөн судрыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Монгол “Ганжуур” хөлгөн судрыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын төвд нүсэр том агаад сүрлэг барилга оршино. Тус улсын үе үеийн Ерөнхийлөгч өргөөлж суухаас гадна албан хэргээ эрхлэн явуулдаг олон жилийн түүхтэй “Раштрапати Бхаван” хэмээх чухамхүү хүндтэй тэрхүү ордонд 2020 оны долдугаар сарын 4-ний өдөр Монгол улс, монголчуудад зориулсан нэгэн үйл явдал болов.

Бодь модны дор нэг зуун найман хоног бясалган сууж гэгээрлийг олсон  Гаутам Сидхарта бээр таван шавьдаа хүмүүний амьдралын бодь мөрийг айлдсаныг бидний монголчууд “Ганжуур” хэмээх хөлгөн судар болгож өөриймшүүлэн сурч судалж ирсэн аж.

Энэтхэгчүүд 2500 жилийн тэртээх тэрхүү үйл явдлыг “Номын хүрдний өдөр” хүндэтгэн тэмдэглэдэг бөгөөд энэ удаа орчин цагийн дэвшилтэт технологи ашиглан хэвлэсэн монгол “Ганжуур”  хөлгөн судрыг Монгол Улсад ёслол төгөлдөр хүлээлгэн өгөв.

Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд уг хөлгөн судрыг өөрийн биеэр өндөр хүндэтгэлтэй гардуулсан энэхүү ёслолын ажиллагаанд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Соёлын сайд Прахлад Сингх Пател, Залуучууд, спорт, үндэсний Цөөнхийн сайд Кирэн Рижижү, Соёлоор харилцах Энэтхэгийн Зөвлөлийн Ерөнхийлөгч, Парламентын гишүүн, др.Винай Сахасрабуддэ, Олон улсын Буддын шашинтны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга др.Ламтан Дхаммапия, Энэтхэг Улсын төр, засгийн газрын байгууллагуудын удирдах ажилтнууд, нийгэм, соёл, шашны зүтгэлтнүүд оролцсон эл ёслолыг хэвлэл мэдээлэл, түүний дотор телевизийн сувгууд болон цахимаар өргөн олонд дамжуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Номын хүрдний өдөр”-т баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Г.Ганболд уншиж сонсгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ “монголчууд олон шашин, соёлын өлгий нутаг Энэтхэг улстай оюун санааны дотно хэлхээ холбоотой явж ирсэн энэрэл, нигүүсэл, нинжин сэтгэлийг эрхэм болгосноор гэгээрэлд хүрдэг  тухай номлосоноор газар газрын хүн ардын сэтгэлийг эзэмддэг Буддын сургааль танин мэдэх, судлан шинжлэхийн ундраг болсоор байна. Буддын сургаалийг монголчууд судалж, түгээн дэлгэрүүлж ирсэн түүхтэй. “Номын хүрдний өдөр” газар бүрийн эрдэмтэн мэргэд санаа бодлоо солилцох, буддын шашинтнууд дэлхий нийтийн энх амгалан, тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж буйгаа” илэрхийлэв.

Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Р.Н.Ковинд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сард Энэтхэгт хийсэн төрийн айлчлалыг болон түүнийг хүндтэй зочны хувиар  өөрийн орд өргөөнд урьж залсанаа дурсахын сацуу  өнөөгийн Сарнатх хотын Бугатай цэцэрлэгт хүрээлэнд Будда бээр ухаарч мэдсэнээ хүн төрөлхтөнд түгээсэн зуны дунд сарын тэргэл сартай тэр үдшийг Энэтхэгийн хинду, жайн төдийгүй 36 улсад оршин суугаа Бурханы шашинтнууд ч ёслон тэмдэглэдэг, нийт хүн төрөлхтний олон соёлын баяр юм. Эх болсон зургаан зүйлийг энэрч хайрлах, хүчирхийлэхийг үгүйсгэх, зовлон, зовлонгийнй шалтгаан, зовлонгийн шалтгааныг арилгах, түүнээс ангижрах дөрвөн үнэн, гэгээрэлд хүргэх зөв үзэл, зөв санаа, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв  чармайлт, зөв зорилго, зөв  бясалгалыг эрхэмлэж, сувдаг шунал, үзэн ядалт, хүчирхийлэл, атгаг санааг  таягдан хаях тухай Буддын сургааль өнөө үед улам ч ач холбогдолтой болж байна.

Дели дэх ЭСЯ

2020-07-05

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж