Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

2020 оны 6-р сарын 19

Холбоотой мэдээ

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Дэлхийн хоёрдугаар дайн гэнэт, нэг цагийн дотор эхлээгүй. Мөн Герман ч гэнэт Польшийн эсрэг түрэмгийлээгүй. Энэхүү дайн нь тухайн үеийн дэлхийн улс төр дэх олон чиг хандлага, хүчин зүйлүүдийн үр дүн юм. Дайны өмнөх бүх үйл явдлууд нь хувь заяаны нэгэн гинжин хэлхээнд холбогдсон. Гэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гашуун эмгэнэлт явдлыг урьдчилан тодорхойлсон гол зүйл бол улс орнуудын төр засгуудын хувиа хичээсэн үзэл, хулчгар зан, хүчээ авч буй түрэмгийллийг үл хайхрах байдал ба улс төрийн элитүүдийн харилцан буулт хийж, харилцан тохиролцоход бэлэн бус байсан явдал юм.

Тиймээс нацизмын Гадаад хэргийн сайд Риббентропын Москвад хийсэн хоёр өдрийн айлчлал нь Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн гол шалтгаан гэж хэлэх нь шударга бус юм. Учир нь дэлхийд тэргүүлэгч бүх улс орнууд нь өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулсан ба аливаа нэгэн хэмжээгээр дайны эхлэлд буруутай. Бусдыгаа хууран мэхэлж, зөвхөн өөртөө давуу талыг бие болгож, ойртсоор буй бүх нийтийн гамшгаас хол байж чадна хэмээн итгэж, бусдаасаа илүүрхэж байснаас нөхөж баршгүй алдаа гаргасан. Алсын хараагүйн улмаас хамтын аюулгүй байдлын тогтолцоог бий болгохоос татгалзсаны төлбөрт олон сая хүний амь насыг өгч, асар их хохирол амсжээ.

Би энэ тухай бичихдээ шүүгчийн үүргийг гүйцэтгэж, хэн нэгнийг буруутгах, эсвэл зөвтгөх гэсэнгүй. Мөн улс орон, ард түмний хооронд шинэ мөргөлдөөн үүсгэж болзошгүй олон улсын мэдээллийн мэтгэлцээний шинэ шатыг түүхэн талбар дээр эхлүүлэхийг хүссэнгүй. Дэлхийн олон улс орнуудын нэр хүндтэй эрдэмтдийн өргөн төлөөлөл бүхий эрдэм шинжилгээний шинжлэх ухаан нь өөрөө өнгөрсөн үйл явдлуудад тэнцвэртэй үнэлгээ өгөх судалгаа шинжилгээний ажлыг өрнүүлэх ёстой гэж би үздэг. Бид бүгдэд бодит үнэн хэрэгтэй. Миний хувьд би хамтран зүтгэгчдэдээ тайван, нээлттэй, итгэлцсэн яриа хэлэлцээ хийж, өнгөрсөн хамтын түүхээ өөртөө шүүмжлэлтэйгээр, шударгаар харахыг уриалсаар ирсэн. Ийм хандлага нь тэр үед гаргасан алдаагаа давтахгүй байх, олон жилийн турш энх тайвнаар амжилттай хөгжих боломжийг олгоно.

Гэвч зарим түншүүд маань хамтран ажиллахад хараахан бэлэн бус байна. Тэд эсрэгээрээ биднийг буруутай мэт сэтгэгдэл төрүүлж, биднийг өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлого хийлгүүлэх гэсэн өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд манай орны эсрэг чиглэсэн мэдээллийн дайралтын тоо, цар хүрээг улам өргөтгөж, улстөржсөн, хуурмаг тунхаглалуудыг баталж байна. Тухайлбал, Европын парламентын 2019 оны 9-р сарын 19-ний өдрийн «Европын ирээдүйн төлөө түүхэн ой санамжийг хадгалахын ач холбогдлын тухай» тогтоол нь ЗХУ нь нацист Германы хамт Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн хэмээн шууд буруутгалаа. Мэдээжийн хэрэг, уг тогтоолд Мюнхений үйл явдлын талаар ганц ч үг дурдаагүй.

Энэхүү тогтоолыг «баримт бичиг» хэмээн нэрлэж чадахгүй учир «цаас» хэмээе. Иймэрхүү «цааснууд» нь хоосон дуулиан шуугиан дэгдээх зорилготой нь илт байгаа ч бодит аюул заналхийллийг өөртөө агуулна. Учир нь уг «цаасыг» маш нэр хүндтэй байгууллага баталсан. Ингэснээрээ тэр юуг харуулав? Дайны дараах дэлхийн дэг журмыг тогтоох нь улс орнуудын хувьд нэр хүнд, хариуцлагын асуудал байсан бол, хэдий харамсалтай ч, өдгөө эдгээр орнуудын заримынх нь төлөөлөгчид энэхүү хуурамч тунхаглалын төлөө саналаа өгч, дэг журмыг устгах бодлогыг санаатайгаар хэрэгжүүлж байгааг харуулж байна. Ингэснээрээ тэд ялалтын 1945 оноос хойш олон улсын түгээмэл байгууллагуудыг үүсгэн байгуулсан дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт болон Нюрнбергийн шүүх хурлын дүгнэлтүүдийг хүчирхийлж байна. Үүнтэй холбогдуулан сануулахад, үр дүнд нь Европын парламент гэх мэт бүтцүүд бий болсон, мөн Европын интегралчлалын үйл явц нь өнгөрсөн үеэс сургамж авч, түүнийгээ эрх зүйн болон улс төрийн байр сууриас зөв үнэлэн дүгнэсний үр дүнд боломжтой болсон юм. Энэхүү зөвшилцлийг санаатайгаар эргэлзээтэй болгож буй хүмүүс нь дайны дараах Европын үндэс суурийг нураан сүйтгэж байна.

Дэлхийн дэг жаягийн суурь зарчмуудад заналхийлэхээс гадна энд мөн ёс суртахууны асуудал бий. Бид бүхний дурсамжийг доромжлон тохуурхах нь жигшүүртэй. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг тэмдэглэх үеэр Гитлерийн эсрэг эвслийн бүх гишүүдийг нэрлэхдээ санаатайгаар ЗСБНХУ-ыг хассан нь хоёрдмол нүүртэй, жигшүүртэй. Нацизмын эсрэг тэмцэгчдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэхээр босгосон хөшөө дурсгалыг нурааж буйгаа таагүй үзэл суртал, түрэмгийлэлтэй тэмцэж буй мэт хуурамч уриа лоозонгоор зөвтгөх гэж оролдож байгаа нь ичгүүртэй, жигшүүртэй. Нео-нацистууд болон Бандерагийн өв залгамжлагчидтай тэмцэж буй хүмүүсийг алж хядаж, шатааж байгаа нь цуст жигшүүртэй. Аливаа жигшүүрт хэргийг элдэв янзаар үйлдэж болох ба ийнхүү жигшүүрт хэрэг нь гаднах хэлбэрээсээ хамааран өөрчлөгдөхгүй, ой гутмаар зэвүүн байхаа болихгүй.

Түүхийн сургамжийг мартсанаар хүнд шийтгэлийг хүлээх нь гарцаагүй. Бид түүхэн бодит баримтууд дээр үндэслэсэн үнэнийг тууштай хамгаалж, Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын талаар шударга үнэнийг ярьсаар байх болно. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд бид Дэлхийн хоёрдугаар дайн болон түүний өмнөх үеийн түүхийн тухай архивын баримт бичиг, дүрс бичлэг, гэрэл зургийн материалуудын хамгийн том цуглуулгыг Орост бий болгох томоохон төслийг боловсруулсан.

Уг төслийн хэрэгжилт хэдийнээ эхэлсэн. Энэхүү нийтлэлээ бичихдээ би саяхан олдсон, нууцын зэрэглэлээс хассан олон шинэ баримтуудыг ашигласан. Үүнтэй холбогдуулан би «ЗХУ нь Германы эсрэг урьдчилан сэргийлэх дайн эхлүүлэх санаатай байсан» гэдэг хувилбарыг батлах аливаа архивын баримт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ээ, Зөвлөлтийн цэргийн удирдлага түрэмгийлэлд өртөх тохиолдолд Улаан арми дайсныг хурдан няцааж, эсрэг давшилтад шилжин, байлдааны ажиллагааг дайсны нутаг дэвсгэр дээр явуулах болно гэсэн сургаалыг баримталж байсан нь үнэн. Гэсэн хэдий ч иймэрхүү стратегийн төлөвлөгөө нь огтхон ч түрүүлж Герман руу довтолно гэсэн утгатай биш билээ.

Өдгөө түүхчид Зөвлөлтийн болон Германы штабуудын удирдамж, цэргийн төлөвлөлт зэрэг баримт бичгүүдийг судлах боломжтой болсон нь ойлгомжтой. Эцсийн эцэст бид тэртээх он жилүүдэд бодит байдал дээр үйл явдлууд хэрхэн өрнөж байсныг мэдэх боломжтой боллоо. Зарим нь энэхүү мэдлэгийн өндрөөс эргэн харахдаа улс орны цэрэг, улс төрийн удирдлагын гаргасан алдаа, буруу тооцооллын талаар их ярьдаг, эргэцүүлдэг. Үүнтэй холбоотой ганц л зүйлийг хэлье: олон төрлийн ташаа мэдээллийн асар их урсгалын хажуугаар Зөвлөлтийн удирдагчид нь нацистууд тун удахгүй түрэмгийллээ эхлүүлэх гэж байгаа талаар бодит мэдээлэл авч байсан. Тиймээс дайны өмнөх саруудад тэд улс орныхоо цэрэг, байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр, үүний дотор цэргийн алба хаах насны зарим хүмүүсийг цэргийн албанд нууцаар татаж, бэлтгэл сургуулилтуудад хамруулж, дотоодын цэргийн тойргуудаас зарим анги нэгтгэлүүдийг баруун хил рүү шилжүүлэх гэх мэт тодорхой арга хэмжээнүүдийг авч байсан.

Дайн гэнэтийн байгаагүй. Түүнийг хүлээж, түүнд бэлдэж байв. Гэвч нацистуудын цохилт нь үнэхээр түүхэнд урьд өмнө байгаагүй ширүүн, сүйрлийн мэт хүчтэй байсан. 1941 оны 6-р сарын 22-нд Зөвлөлт Холбоот Улс нь дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн их дайчлагдсан, хамгийн сайн бэлтгэгдсэн армитай тулгарсан. Энэхүү армийн арын бэлтгэлийг хангахаар Европын бараг бүх аж үйлдвэрийн, эдийн засгийн, цэргийн хүчин чадал ажиллаж байв. Энэхүү үхлийн довтолгоонд зөвхөн Вермахт төдийгүй Германы дагуул улсууд болон Европ тивийн бусад олон улс орнуудын цэргийн анги нэгтгэлүүд оролцсон.

1941 оны хүнд хүчир ялагдлууд нь улс орныг цөхрүүлж, гамшгийн ирмэгт хүргэв. Байлдааны бэлэн байдал, хяналтыг сэргээхийн тулд онцгой аргуудыг ашиглаж, бүх нийтийн дайчилгааг явуулж, төр засаг, ард түмний бүхий л хүчин чадлыг шавхав. 1941 оны зун дайсны галлагаа дор сая сая энгийн номхон иргэдийг, олон зуун үйлдвэрүүдийг улсын зүүн хэсэг рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг. Маш богино хугацаанд арын албыг зохицуулж, өөрсдийн үйлдвэрлэсэн зэр зэвсэг, галт хэрэгслийг дайны эхний өвлөөс фронт руу явуулж эхэлсэн бөгөөд 1943 он гэхэд Зөвлөлтийн цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь Герман ба түүний холбоотнуудын цэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг даван гарчээ. Жил хагасын дотор Зөвлөлтийн ард түмэн фронт дээр болон арын албан дээр боломжгүй мэт зүйлсийг олноор нь хийж гүйцэтгэж байв. Ийм агуу амжилтыг байгуулахын тулд ямар их хүчин чармайлт, зориг зүтгэл шаардагдаж байсныг төсөөлөхөд, ойлгоход, ухаарахад одоо ч хүртэл хэцүү хэвээр байна.

Нацистуудын хүчирхэг, тултлаа зэвсэглэсэн, ажиггүй хүйтэн, түрэмгий махны машины өөдөөс тайван амьдралыг нь, төлөвлөгөө найдварыг нь гишгэлэн, эвдэн сүйтгэсэн дайснуудаас өшөөгөө авч, эх нутгаа хамгаалах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн Зөвлөлтийн нийгэм тэр чигээрээ босож иржээ.

Энэхүү аймшигт, цуст дайны үеэр зарим хүмүүс айдас, төөрөгдөл, цөхрөлд автсан нь мэдээжийн хэрэг. Тиймээс урвах, зугтах зэрэг явдлууд гарч байсан. Ялангуяа засгийн эрхэнд гарч ирсэн эхний он жилүүддээ большевикууд үндэснийхээ түүх, уламжлал, итгэл үнэмшлээ үгүйсгэн доромжлох үзлийг хүчээр дэлгэрүүлэх гэж оролдсоноос үүдсэн, мөн Хувьсгал болон Иргэний дайнаас улбаатай харгис алдаанууд нь тодрон мэдэгдэв. Гэвч Зөвлөлтийн иргэд болон хувь заяаны эрхээр гадаадад байсан нутаг нэгт хүмүүсийн хандлага өөр байсан ба тэдний сэтгэл санаа нь эх орноо аврах гэсэн нэгэн зүгт тэмүүлж байв. Энэ нь чин сэтгэлийн, тогтоон барьшгүй тэмүүлэл байсан ба хүмүүс жинхэнэ эх оронч үнэт зүйлүүдээс сэтгэл санааны дэмжлэгийг хайж байлаа.

Нацист «стратегичид» олон үндэстнээс бүрэлдэн тогтсон асар том улсыг маш амархан буулгаж авч чадна гэдэгт итгэж байсан. Гэнэтийн, харгис хэрцгий дайн болон түүний хүнд хүчир бэрхшээлүүд нь үндэстэн хоорондын харилцааг улам бүр хурцатгаж, улс орныг хэдэн хэсэгт бутлан хуваана гэж тооцоолж байсан. Гитлер: «Оросын өргөн уудам нутаг дэвсгэр дээр амьдардаг ард түмний талаар баримтлах бодлого нь аливаа зөрөлдөөнийг өөгшүүлэх, хагарал бутралыг өдөөхөд оршино» хэмээн шууд хэлж байв.

Дайны эхний өдрүүдээс л нацистуудын энэ төлөвлөгөө бүтэлгүйтэх нь тодорхой болов. Брест цайзыг гуч гаруй үндэстний цэргүүд цусаа шавхтал хамгаалж байв. Дайны туршид буюу шийдвэрлэх томоохон тулалдаануудын үеэр ч, төрөлх нутгийнхаа сөөм тутам, талбар тутмын төлөөх байлдаануудын үеэр ч ийнхүү эв нэгдлийн олон жишээнүүдийг олж харж болно.

Төрөлх нутгаасаа ангижран, нүүн шилжсэн олон сая хүмүүсийн хувьд Ижил болон Урал мөрний сав газар, Сибирь болон Алс Дорнод, Дундад Ази болон Өвөр Кавказ нь шинэ гэр орон нь болжээ. Нутгийн оршин суугчид сүүлийн идшээ хуваалцаж, дөрвөгсөдийг чадах бүхнээрээ дэмжиж байв. Харин дайсны хувьд хүмүүсийн найрамдал, тэдний харилцан туслалцаа нь жинхэнэ усташгүй цайз болжээ.

Өдгөө юу ч гэж ярьж, яаж ч гэж батлахыг оролдсон ч Зөвлөлт Холбоот Улс болон Улаан арми нь нацизмыг бут цохиход шийдвэрлэх хувь нэмрийг оруулсан юм. Белосток болон Могилёв, Умань болон Киев, Вязьма болон Харьковын бүслэлтэд орж, эцсээ хүртэл тэмцэлдсэн, Москва болон Сталинград, Севастополь болон Одесса, Курск болон Смоленскийг чөлөөлөхөөр давшиж байсан, Варшава болон Белград, Вена болон Прагаг чөлөөлсөн, Кёнигсберг болон Берлиныг байлдан дагуулсан баатрууд.

Бид дайны тухай зөөллөн, гялтайлгасан бус бодит үнэнийг хамгаалж байна. Энэхүү хатуу ширүүн, гашуун, хайр найргүй ч ард түмний, хүмүүний үнэнийг фронтын галын тамыг өөрийн биеэр туулсан зохиолчид, яруу найрагчид бидэнд өвлүүлсэн билээ. Миний болон бусад үеийнхний зүрх сэтгэлд тэдний үнэнч, гүн гүнзгий түүх зохиолууд нь, гол зүсэх мэт «дэслэгчийн өгүүллэгүүд» нь, шүлэг яруу найргууд нь мөнхрөн үлдэж, Ялалтын төлөө бүхнийг хийсэн ахмад дайчдаа хайрлан хүндэтгэж, дайны талбар дээр үүрд үлдэгчдийг дурсан санаж байхыг сануулсан гэрээслэл болсон билээ.

Аугаа их эх орны дайны үеэр Зөвлөлт-Германы фронтын төв хэсэгт болсон цуст, харгис тулалдааны оролцогчдод зориулсан Александр Твардовскийн «Би Ржевын ойролцоо алагдсан…» шүлгийн энгийн бөгөөд агуу утга нь өнөөдөр ч биднийг цочирдуулсаар байна. Зөвхөн Ржев хот болон Ржевскийн хошууны төлөөх тулалдаан нь 1941 оны 10-р сараас 1943 оны 3-р сар хүртэл үргэлжилсэн ба уг ажиллагааны үеэр Улаан арми нь шархадсан, сураггүй алга болсон хүмүүсийг оруулснаар 1 сая 342 мянга 888 хүнээ алдсан.

Дайны дараах жилүүдэд янз бүрийн шалтгаанаар чимээгүй, эсвэл шударга бус цөөн үгээр дурдан өнгөрч байсан энэхүү нэртэй, нэргүй баатруудын гэгээн дурсгалыг хүндэтгэн, анх удаа тэдний тухай ярьж байна. Тэдний тухай энэхүү аймшигтай, эмгэнэлтэйгийн хажуугаар бүрэн бус тоон мэдээллийг янз бүрийн архивын эх сурвалжуудаас цуглуулсан билээ.

Дахин нэг баримтыг иш татъя. Энэ бол И.Майскийн тэргүүлсэн Герман улсаас нөхөн төлбөр шаардах олон улсын комиссын 1945 оны 2-р сарын тайлан юм. Уг комисс нь ялагч гүрнүүдэд учруулсан хохирлоо Герман улс хэрхэн нөхөн төлөх томьёог тодорхойлох ёстой байсан ба комисс нь дараах дүгнэлтүүдэд хүрчээ. Үүнд: «ЗХУ-тай дайтаж байсан фронт дээр Герман улсын зарцуулсан цэрэг-өдрүүдийн тоо нь бусад холбоотнуудтай дайтаж байсан фронтууд дээр зарцуулсан ийнхүү хэмжээнүүдээс дор хаяж 10 дахин их байна. Зөвлөлтийн фронт нь мөн Германы танкийн тавны дөрөв, Германы онгоцны гуравны хоёрыг өөр лүгээ татаж байжээ». Ерөнхийдөө ЗСБНХУ нь Гитлерийн эсрэг эвслийн цэргийн хүчин чармайлтын 75 орчим хувийг өөртөө татжээ. Дайны олон жилийн турш Улаан арми нь «тэнхлэгийн» гүрнүүдийн 626 дивизийг «нунтагласан» ба тэдний 508 нь Германых байв.

1942 оны 4-р сарын 28-нд Рузвельт Америкийн ард түмэнд хандан хэлсэн үгэндээ: «Оросын цэргүүд нь бусад бүх нэгдсэн улсуудын хамтын хүчнээс ч илүү их бидний хамтын дайсны хүн хүч, нисэх онгоц, танк болон их бууг устгасаар байна» гэжээ. Харин Черчилль 1944 оны 9-р сарын 27-нд Сталинд илгээсэн захидалдаа «Чухам Оросын арми нь Германы дайны машины гэдсийг нь хүүлсэн…» гэж бичжээ.

Ийнхүү үнэлгээг дэлхий даяараа дэмжсэн. Учир нь эдгээр үгсэд тэр үед хэн ч үгүйсгэхийг оролддоггүй байсан агуу үнэн агуулагдаж байв. Зөвлөлтийн бараг 27 сая иргэн фронтын шугам дээр, германчуудад олзлогдон, өлсгөлөн болон бөмбөгдөлтөд нэрвэгдэн, нацистуудын гетто болон үхлийн лагериудын зууханд шатаж амиа алджээ. ЗСБНХУ нь 7, Их Британи нь 127, АНУ нь 320 иргэнийхээ нэгийг алдсан байдаг. Харамсалтай нь, энэ нь Зөвлөлт Холбоот Улсын нөхөшгүй алдагдлын эцсийн тооцоо биш билээ. Улаан армийн цэргүүд, партизанууд, нууц ажилтнууд, цэргийн болон бөөмнөрүүлэн хорих лагериудын хоригдлууд, аллагад өртсөн энгийн номхон иргэд гээд амиа алдсан бүх хүмүүсийн нэрийг сэргээж, хувь заяаг нь тодорхойлох хүнд хэцүү ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна. Энэ нь бидний үүрэг юм. Энд хайлтын хөдөлгөөнийхний, цэрэг-эх орончдын сайн дурын холбоодын үүрэг оролцоо болон архивын баримтууд дээр суурилсан «Ард иргэдийн дурсамж» цахим мэдээллийн сан зэрэг төсөл хөтөлбөрүүд нь онцгой үүрэг гүйцэтгэнэ. Мэдээжийн хэрэг, хүмүүнлэгийн ийм өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.

Хамтын дайсантайгаа тулалдаж байсан бүх улс орон, ард түмний хүчин чармайлт ялалтад хүргэсэн. Британийн арми нь эх нутгаа гаднын халдалтаас хамгаалж, Газар дундын тэнгис, Хойд Африкт нацистууд болон тэдний дагуулуудтайгаа тулалдаж байв. Америкийн болон Их Британийн цэргүүд Италийг чөлөөлж, Хоёрдугаар фронтыг нээж байв. АНУ нь Номхон далай дахь түрэмгийлэгчдэд хүчтэй цохилт өгсөн. Бид Хятадын ард түмний асар их хохирол, Японы милитаристуудыг ялахад оруулсан асар их хувь нэмрийг санан дурсаж байна. Ичгүүртэйгээр бууж өгснийг нь хүлээн зөвшөөрөлгүй, нацистуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байсан «Байлдсаар буй Франц»-ын дайчдыг мартахгүй.

Мөн бид Улаан армийг зэр зэвсэг, түүхий эд, хоол хүнс, техник төхөөрөмжөөр хангаж байсан холбоотнуудынхаа тусламжид үргэлж талархаж байх болно. Энэхүү тусламж нь ихээхэн ач холбогдолтой байсан ба Зөвлөлт Холбоот Улсын цэргийн нийт үйлдвэрлэлийн долоо орчим хувийг эзэлж байсан.

Гитлерийн эсрэг эвслийн гол цөм нь нацист Герман Зөвлөлт Холбоот Улс руу дайрсны дараа үүсэж эхэлсэн бөгөөд АНУ болон Их Британи нь түүнийг аливаа болзолгүйгээр дэмжсэн. 1943 оны Тегераны бага хурлын үеэр Сталин, Рузвельт, Черчилль нар их гүрнүүдийн холбоог үүсгэн байгуулж, хүн төрөлхтнийг үхлийн аюулд өртүүлсэн заналхийлэгчтэй хамтран тэмцэх стратегийг болон эвслийн дипломат бодлогыг боловсруулахаар санал нэгдэв. «Их гурвын» удирдагчид ЗХУ, АНУ болон Их Британийн аж үйлдвэрийн нөөц, цэргийн чадавхыг хослуулан нийлүүлбэл давуу талыг бий болгоно гэдгийг маш сайн ойлгож байв.

ЗХУ холбоотнуудын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, тусламжийн гараа байнга сунгаж байв. Тухайлбал, Беларусьт «Багратион» хэмээх өргөн хүрээний ажиллагааг явуулснаар Улаан арми нь Англи-Америкийн цэргүүдийг Нормандид оруулах ажиллагааг дэмжив. 1945 оны нэгдүгээр сард Одер мөрөнд тулж очсоноороо манай цэргүүд Баруун фронт дээр Арденны нуруугаар нэвтрэн орох гэж байсан Вермахтын сүүлчийн хүчтэй довтолгоог зогсоосон. Германыг ялснаас хойш гурван сарын дараа ЗСБНХУ нь Ялтын хэлэлцээрийн дагуу Японд дайн зарлаж, сая гаруй цэрэгтэй Квантунгийн армийг бут цохив.

1941 оны 7-р сард Зөвлөлтийн удирдлага: «Фашист дарангуйлагчдын эсрэг хийж буй дайны зорилго нь зөвхөн өөрсдийн улс орноо аюулаас ангижруулаад зогсохгүй, Германы фашизмын дарлал дор талхигдаж буй Европын бүх ард түмэнд туслах явдал юм» гэж мэдэгджээ. 1944 оны дунд үеэ гэхэд Зөвлөлтийн бараг бүх нутгаас дайснаа хөөн зайлуулсан байсан ч түүнийг эргэн сэргэхгүйгээр өлгийд нь устгах хэрэгтэй байв. Тиймээс Улаан арми нь Европыг чөлөөлөх ажиллагаагаа эхлүүлж, маш олон улс үндэстнүүдийг бүрэн устгал, боолчлолоос, Холокостын аймшгаас аварсан. Чингэхдээ Зөвлөлтийн хэдэн зуун мянган цэргүүдийн амь насны үнэ цэнээр тэднийг аварсан юм.

Түүнчлэн ЗХУ нь чөлөөлөгдсөн орнуудаа өлсгөлөнгийн аюулаас ангижруулж, эдийн засаг, дэд бүтцийг нь сэргээхэд асар их материаллаг туслалцаа үзүүлж байсныг мартаж болохгүй. Гэтэл энэ үед Брестээс Москва, Ижил мөрөн хүртэлх хэдэн мянган бээр газар нутаг нь үнсэн товрог болсон байв. Тухайлбал, 1945 оны 5-р сард Австрийн засгийн газар «шинэ ургац хураах хүртэл үлдсэн долоо хоногт хүн амаа хэрхэн тэжээхээ мэдэхгүй» байсан учир ЗСБНХУ-аас хоол хүнсний тусламж гуйж байжээ. Австрийн Бүгд Найрамдах Улсын Түр Засгийн газрын Төрийн Канцлер К.Реннер хоол хүнс илгээхийг зөвшөөрсөн Зөвлөлтийн удирдагчдын шийдвэрийг «австричуудын хэзээ ч мартахгүй… авралын үйлдэл» хэмээн тодорхойлж байлаа.

Холбоотнууд нацистын улс төрийн болон дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэхээр Олон улсын цэргийн шүүхийг хамтран үүсгэн байгуулсан. Уг шүүхийн шийдвэр нь угсаатны болон шашны цэвэрлэгээ, геноцид, антисемитизм, ксенофоби гэх мэт еврейчүүд болон бусад үндэстэн угсаатнуудыг арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлан үзэх нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хэмээн эрх зүйн үүднээс тодорхойлсон. Нюрнбергийн шүүх хурал нь нацистуудыг дэмжигч, дагалдагч болон дайсантай аливаа нэг бусад аргаар хамтран ажиллаж байсан этгээдүүдийг аливаа эргэлзээ төрөх боломжгүйгээр шууд буруутгаж байсан.

Иймэрхүү ичгүүртэй үзэгдэл нь Европын бүх улс орнуудад гарч байлаа. Петен, Квислинг, Власов, Бандера гэх мэт «зүтгэлтнүүд» болон тэдний дагалдан баясагчид нь үндэсний тусгаар тогтнол, коммунизмаас ангижрахын төлөө тэмцэгчдийн дүр эсгэж байсан ч үнэн хэрэгтээ урвагч, цаазлагчид юм. Хэрцгий харгислалаараа тэд эздийгээ ч даван гардаг байв. Тэдэндээ өөгшин магтуулахын тулд ихэд хичээн, тусгай шийтгэх бүлэглэлүүдийн бүрэлдэхүүнд орж, хамгийн балмад, хүнлэг бус даалгавруудыг дуртайяа гүйцэтгэдэг байв. Бабий Яр болон Волыньд олон мянган хүмүүсийг цаазалж, Хатынийг шатааж, Литва болон Латвийн еврейчүүдийг хоморголон устгаж байсан тэдний гараас цус арилахгүй.

Өдгөө ч бидний байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна: нацистуудын хамтрагчдын гэмт хэргүүдийг яагаад ч зөвтгөх боломжгүй, тэдгээрийн хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Тиймээс зарим улс орнуудад нацистуудтай хамтарч ажилласнаараа өөрсдийнхөө нэр хүндийг хугалсан хүмүүсийг гэнэт Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчидтай адилтгаж эхэлсэн нь бидний гайхлыг төрүүлнэ. Чөлөөлөгчдийг болон түрэмгийлэгчдийг адилтгах нь зохимжгүй гэж би үзэж байна. Нацистын хамтрагчдыг баатар болгож буй үйл явцыг бидний өвөг дээдсийн тухай ой санамжаас, мөн нацизмын эсрэг тэмцэлд ард иргэдийг нэгтгэсэн тэр үзэл санаанаас урваж буй явдал гэж л үнэлнэ.

Тэр үед ЗХУ, АНУ, Их Британийн удирдагчид түүхэн даалгавартай тулгарсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Сталин, Рузвельт, Черчилль нар нь янз бүрийн үзэл суртал, төр засгийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол, соёлтой улс орнуудыг төлөөлж байсан боловч улс төрийн агуу хатан зориг гаргаж, зөрчилдөөн, хэвшмэл байдлаас дээгүүр байж, дэлхийн жинхэнэ ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьсан. Үүний үр дүнд тэд зөвшилцөлд хүрч, үр дүнд нь бүх хүн төрөлхтөн ялан хожсон шийдвэрийг гаргаж чадсан юм.

Ялагч гүрнүүд бидэнд хэдэн зууны оюуны болон улс төрийн эрэл хайгуулын үр дүн болсон шилдэг тогтолцоог үлдээсэн билээ. Тегеран, Ялта, Сан-Франциско, Потсдам зэрэг хотуудад болсон хэд хэдэн бага хурлууд нь хэчнээн их хурц маргаантай байсан ч хүн төрөлхтөн өдгөө 75 жилийн турш дэлхийн шинэ дайнгүйгээр амьдарч байгаагийн үндэс суурийг тавьсан.

Түүхийг, ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайн болон түүний үр дүнгийн тухай сэдвийг эргэн харах «ревизионизм» үзэгдлийг бид өдгөө Баруунд ажиж байгаа ба энэ нь 1945 оны Ялтын болон Сан-Францискогийн бага хурлуудаар эхлэл нь тавигдсан энх тайвнаар хөгжих тухай зарчмуудын үндэс суурийг бүдүүлгээр зөрчиж байгаа нь аюултай. Ялтын болон тэр үеийн бусад шийдвэрүүдийн хамгийн том түүхэн ололт нь тэргүүлэгч гүрнүүдийн хооронд хэдий зөрчилдөөн маргалдаан үүссэн ч тэднийгээ шийдвэрлэх явцад зөвхөн дипломат аргуудын хүрээнд үлдэх боломжийг бүрдүүлсэнд оршино.

Хорьдугаар зуун дэлхийн хэмжээний иж бүрэн, өргөн цар хүрээтэй зөрчилдөөнөөр баян байсан ба 1945 онд дэлхийг махбодоор нь устгах чадвартай цөмийн зэвсгийг анх хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, маргааныг хүчээр шийдвэрлэх нь туйлын аюултай болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялагчид үүнийг маш сайн ойлгож байсан. Хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, ойлгож байсан.

1945 онд тэд Үндэстнүүдийн лигийн гашуун туршлагыг харгалзсан. Тиймээс энх тайвны баталгааг аль болох тодорхой, үр дүнтэй болгох үүднээс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн бүтцийг боловсруулсан. Ийнхүү Аюулгүй байдлын Зөвлөлийн байнгын гишүүдийн институц байгуулагдаж, тэдний давуу эрх болон үүрэг хариуцлагыг тодотгохоор тэдэнд хориг тавих эрхийг өгсөн.

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хориг тавих эрх гэж юу вэ? Шуудхан хэлэхэд, их гүрнүүдийн шууд мөргөлдөөнийг орлох цорын ганц боломжит, ухамсартай хувилбар юм. Энэ нь таван их гүрний аль нэг нь түүний хувьд аливаа шийдэл нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүний ашиг сонирхол, зөв хандлагын талаарх ойлголт төсөөлөлтэй зөрчилдөж байна гэдгийг илэрхийлэх мэдэгдэл юм. Бусад улс гүрнүүд түүнтэй нь санал нийлэхгүй байсан ч нэг талт хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэх оролдлогоос татгалзан, уг байр суурийг нь өгөгдөхүүн мэт хүлээн зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл, зөвшилцөлд хүрэх аливаа өөр аргуудыг эрэлхийлэх ёстой болно.

Дэлхийн хоёрдугаар дайн дуусмагц дэлхий ертөнц өргөн хүрээний шинэ мөргөлдөөнтэй тулгарсан бөгөөд уг зөрчилдөөн нь заримдаа маш их ширүүсэж байсан. Хүйтэн дайн нь Дэлхийн гуравдугаар дайн болж хувираагүй нь «Их гурвын» байгуулсан хэлэлцээрүүд хэр их үр дүнтэй болсныг нотлов. НҮБ-ыг үүсгэн байгуулах явцад тохиролцсон ёс зүйн дүрмүүд нь цаашдаа эрсдэлүүдийг улам бүр багасгаж, сөргөлдөөнүүдийг хяналтан дор байлгах боломжийг олгосон.

Өдгөө НҮБ-ын тогтолцоо нь арай гэж ажиллаж байгааг, тийм ч их үр дүнтэй биш болсныг бид харж байна. Гэсэн ч НҮБ үндсэн үүргээ гүйцэтгэсэн хэвээр. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааны зарчмууд нь томоохон дайн, эсвэл дэлхийн хэмжээний мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх өвөрмөц механизм юм.

Сүүлийн жилүүдэд Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүдийн тусгай эрхийг үгүйсгэж, хориг тавих эрхийг нь цуцлахыг нэлээд идэвхтэй уриалах болсон нь үнэхээр хариуцлагагүй юм. Эцсийн эцэст ийм зүйл тохиолдвол НҮБ нь дэлхийн үйл явцуудад нөлөөлөх хөшүүрэггүй, хоосон яриа хэлэлцээнээс хэтрэхгүй өнөөх улигт Үндэстнүүдийн лиг болж хувирна. Үйл явдал яаж дууссаныг та бид сайн мэдэж байгаа. Тийм ч учраас ялсан гүрнүүд өмнөх үеийнхээ алдааг давтахгүйн тулд дэлхийн дэг журмын шинэ тогтолцоог бүрдүүлэхэд маш нухацтай хандаж байв.

Олон улсын харилцааны орчин үеийн тогтолцоог бий болгосон нь Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал үр дүнгүүдийн нэг юм. Геополитикийн, үзэл суртлын, эдийн засгийн гэх мэт хамгийн их маргаантай зөрчилдөөнүүд ч хүсэл зориг байваас энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллахад саад болохгүй. Өнөөдрийг ч хамгийн тайван цаг үе гэж хэлэх боломжгүй байна. Дэлхийн хүчний тэнцвэр, нөлөөллийн хүрээ, тодорхой улс орнуудаас эхлээд бүхэл бүтэн тивүүдийн нийгэм эдийн засгийн, технологийн амьдралын үндэс суурь хүртэл бүх зүйл хөрвөн өөрчлөгдөж байна. Өмнөх эрин үед дэлхийн шинэ шаталсан тогтолцоог бий болгох гэсэн ийм өргөн хэмжээний өөрчлөлтүүд нь бараг хэзээ ч цэргийн томоохон зөрчилдөөнгүйгээр, хүчний тэмцэлгүйгээр болж өнгөрч байгаагүй. Холбоотон гүрнүүдийн улс төрийн удирдагчдын мэргэн ухаан, зөн билгийн ачаар ийнхүү дэлхийн өрсөлдөөний хөгжлийн түүхэн, объектив шинж чанарын илрэлийг урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож чадсан.

Энэхүү тогтолцоог хадгалж, сайжруулах нь улс төрийн хариуцлага хүлээхээр шийдсэн бүх хүмүүсийн, ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан гүрнүүдийн төлөөлөгчдийн үүрэг билээ. Өнөөдөр 1945 оны нэгэн адил улс төрийн хүсэл зориг гаргаж, ирээдүйнхээ талаар хамтдаа ярилцах нь чухал байна. Си Зиньпин, Макрон, Трамп, Жонсон гээд манай хамт ажиллагчид маань Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн буюу цөмийн зэвсэгтэй таван их гүрний удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах тухай Оросын санаачилгыг дэмжлээ. Бид үүнд нь их талархаж байгаа бөгөөд ийнхүү уулзалтыг эхний боломж гарангуут зохион байгуулна гэж найдаж байна.

Бидний бодлоор, удахгүй болох дээд хэмжээний уулзалтын хүрээнд ямар асуудлуудыг хэлэлцэх вэ? Бидний үзэж буйгаар нэгдүгээрт, дэлхийн үйл хэрэгт хамтын ажиллагааг хөгжүүлэх алхмуудыг хэлэлцэж, энхийг сахиулах, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, стратегийн зэвсэглэлийг хянах, терроризм, экстремизм болон бусад тулгамдсан сорилт, аюул заналхийллийн эсрэг гаргах хамтын хүчин чармайлтын талаар илэн далангүй ярилцах нь зүйтэй болов уу.

Уулзалтын хүрээнд хэлэлцэх асуудлуудын тусдаа нэг сэдэв нь дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал буюу юуны түрүүнд коронавирусын цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулах явдал юм. Манай улсууд ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж, амьдралын хүнд байдалд орсон иргэдээ дэмжих зорилгоор урьд өмнө байгаагүй арга хэмжээнүүдийг авч байна. Гэвч цар тахлын үр дагавар ямар байх, дэлхийн эдийн засаг хямралаас хэр хурдан гарах нь бид жинхэнэ хамтрагчид шиг зөвшилцөлтэйгээр хамтран ажиллаж чадах эсэхээс хамаарна. Эдийн засгийг дарамт, сөргөлдөөний хэрэгсэл болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Хэлэлцэх шаардлагатай сэдвүүдийн дунд мөн байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтүүдтэй тэмцэх, дэлхийн мэдээллийн орон зайны аюулгүй байдлыг хангах зэрэг багтана.

Удахгүй болох «тав»-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцэх буюу Оросын санал болгож буй асуудлууд нь манай улсын хувьд ч, дэлхий дахины хувьд ч чухал ач холбогдолтой. Мөн бидэнд бүх асуудлуудаар дэвшүүлэх тодорхой санал, санаачилгууд бий.

Орос, Хятад, Франц, АНУ, Их Британийн дээд хэмжээний уулзалт нь орчин үеийн сорилт, аюул заналхийллүүдэд хамтын хариултуудыг олоход чухал үүрэг гүйцэтгэж, бидний өвөг дээдэс мөр зэрэгцэн тулалдаж байж хамгаалж чадсан тэрхүү хүмүүнлэгийн үнэт зүйлс, холбоотны үзэл санаанд бид тууштай үнэнч гэдгийг харуулна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Бид нийтийн түүхийн ой санамждаа тулгуурлан бие биедээ итгэж болно, итгэх ч ёстой. Энэ нь дэлхий ертөнцийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлж, бүх улс орнуудын хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хангахад чиглэгдсэн амжилттай яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийн бат бөх үндэс суурь байх болно. Хэтрүүлэхгүй хэлэхэд, үүнд бидний дэлхий нийтийн өмнө, өнөөгийн болон хойч үеүдийнхээ өмнө хүлээсэн хамтын үүрэг, хариуцлага оршино.

Эх сурвалж: kremlin.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж