Парламент дархлаагүй болов

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Парламент дархлаагүй болов

Парламент дархлаагүй болов

Ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой шөргөөцөдвөл хормойгүй гэдэг үг биеллээ олж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шүүхээс ял сонсов.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Ноён уул, Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Азаргын голт чоно” компанид нөхөх олговор олгохдоо давуу байдал бий болгосон гэж үзжээ.

Улсын тусгай хамгаалалтад оруулах газар нутагт аж ахуйн нэгжийн лицензийн талбай багтсан бол Засгийн газраас нөхөх олговрыг мөнгөөр эхсүл дүйцүүлэн газар олгодог хуультай. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4.т-хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан байдаг. Харин “Азаргын голт чоно” компани нь өнөөг хүртэл нөхөх олговроо аваагүй тухай дуулдаж буй.

Өөрөөр хэлбэл, олборлолт хийх явцад байгаль орчинд нөхөн сэргээлт хийгээгүй байсан нь хэрэг хүлээх үндэслэл болдоггүй юм бол лизензэт талбайгаа төрд хураалгасан “Азаргын голт чоно” компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, мөн төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх шийдвэр гаргасан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат нарт буруудах үндэслэл харагдахгүй байгаа. Гэвч Монголын шүүх М.Энхсайханыг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, 4.6 жилийн хорих ял оноож байсан тул монголчуудын хувьд шүүх байгууллагаас шударга шийдвэр хүлээхээ больсон гэж хэлж болох ч хууль зөрчсөн үйлдэл нь ардчилал үнэт зүйлийг үгүй хийж буй юм.

Нөгөө талаас шүүх энэ хэргийг хэлэлцэхийн тулд яагаад яарав, яагаад заавал УИХ-ын сонгуультай давхцуулав гэдгээс эхлээд хөндөх ёстой асуудлууд гарч ирж буй.

Учир нь шүүх эхлээд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас арван тэрбумын барьцаа шаардсан байдаг. Шүүхийн практикт яллагдагчаас барьцаа тавих үүрэг ногдуулах хуулиар олгогдсон зөвшөөрөл бий ч тэр нь хуульд нийцэхээс гадна амьдралд хэрэгжих боломжтой байх ёстой. Боломжгүй барьцаа шаардчихаад түүнийг байршуулж чадахгүй болонгуут бүрэн эрхийнх нь асуудлыг ч хөндөлгүйгээр шууд цагдан хорих шийдвэр гаргасан нь парламентын дархлаа алдагдаж байна гэсэн үг.

Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байх үед нь Сонгуулийн ерөнхий хороонд асуудал тавилгүйгээр шууд цагдан хорьсон нь Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал болсон байдаг.

Өнөөдөр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхад нь цагдан хорьсон бол дараагийн сонгуулиар бусад нэр дэвшигчийг хорих жишиг тогтоолоо гэж хэлж болно.

Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөө солих хүсэлт гаргахад нь шүүгч хүлээн зөвшөөрсөнгүй. Өмнө нь гурван удаа зөвхөн Ж.Эрдэнэбат гэдэг хүний хүсэлтээр шүүх хуралдаан хойшилсон гэдэг тайлбар хэлээд өмгөөлөгчгүйгээр хоёр хоног шүүв. Хүний амь хөнөөсөн Б.Махбалыг шүүх болохоор шүүх хуралдаан нь 10 гаруй удаа хойшилж болдог, харин Ж.Эрдэнэбат нарын хүмүүсийг шүүх болоход хойшилж болдоггүй.  Шүүх байгууллагын энэхүү илт ялгавартай хандлага яллагдагчийг өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжгүй болгов.

Яллагдагчаар татагдсан хүн бүрт шүүх дээр өөрийгөө өмгөөлүүлэх эрх бий. Яагаад гэвэл зөвхөн нэг тал буюу яллагчийн дүгнэлтэд үндэслэн шүүх шийдвэрээ гаргах нь учир дутагдалтай байдаг тул өмгөөлөгчийн үйлчлүүлэгчээ хамгаалах эрхийг яллагчаас дордуулахгүйгээр хуульчилж өгсөн байдаг.

Шүүх хэнийг ч шүүж болно, ял өгч болно. Гагцхүү хууль зөрчин, шүүж болохгүй. Шүүх нь хуулиа дээдэлж байж нийгэмд шударга ёс тогтоно, гаргасан шийдвэр нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын байрны гадаа өнгөрсөн хоёр хоногт Сэлэнгэ аймгаас ирсэн 300 гаруй иргэн шүүхийнхнийг буруутган, гадаа нь шаардлага тавьж жагслаа. Хэдийгээр шүүх нь хэнээс ч хараат бусаар ажиллаж, шийдвэрээ гаргах Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхтэй ч хууль зөрчсөн үйлдлүүдийг нь иргэд сонгогчид хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Тэд хэдийгээр гэм буруутай хүнийг өмгөөлж, сонгох, сонгогдох эрхээ шаардаж байж болох ч шүүхээс бас шударга ёс нэхэх эрхтэйг санаарай.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж