Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 02-ны өдрөөс долдугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.
Харин хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.
Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.
Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмждэг ажээ.
Дашрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг боловсролын үнэлгээний төвийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
Батламж нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
Холбоотой мэдээ