Тойм: УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, Ж.Эрдэнэбатад ял онооно

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

Тойм: УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, Ж.Эрдэнэбатад ял онооно

Тойм: УИХ-ын гишүүд тангаргаа өргөж, Ж.Эрдэнэбатад ял онооно

Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын шинэхэн гишүүд үнэмлэхээ гардан авч, тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа хуралдуулж, 31 дэх Ерөнхий сайдаа тодруулсны зэрэгцээ хорих ангиас нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болсон зэрэг олны анхаарал татсан үйл явдлаар дүүрэн байлаа.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан 76 гишүүнээс 75 нь үнэмлэхээ гардан авч, тангаргаа өргөлөө. Энэ удаагийн тангараг өргөх ёслолын үеэр гишүүд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж, хэрвээ дээрх тангаргаа зөрчвөл хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ анх удаа тангарагласан юм. Ийнхүү гишүүд тангаргаа өргөсний дараагаа УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдыг тодруулсан юм.  Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх улиран томилогдсон билээ.

У.Хүрэлсүхийн хувьд улиран томилогдсон хоёр дахь Ерөнхий сайд төдийгүй Үндсэн хуулиар онцгой эрх мэдэлтэй болсон анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд МАН-ын зуун жилийн ой түүний засгийн үед тохиож байна.

Ерөнхий сайдаа томилсны дараагаар УИХ-ын гишүүдийг байнгын хороодод хуваарилав. Мөн өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын бүтэц олон нийтийн анхаарлыг татлаа. Тодруулбал, Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй байж болно. Иймээс УИХ-ын гишүүдийн хэн нь давхар дээл өмсч, сайд болох вэ гэдэг таамаг хөврөв. Энэхүү таамагт Эрүүл мэндийн сайдын томилгоо олон нийтийг талцуулж орхив. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын албан тушаалд нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайханы нэр яригдаж эхлэв. Харин цахим орчин Д.Сарангэрэл, ХСҮТ-ийн зөвлөх эмч Ж.Чинбүрэн нарын "тулаан" өрнөсөн юм. Ийнхүү Засгийн газрын бүтэц ирэх долоо хоногт тодорно. Ерөнхий сайдын хувьд шинэ Үндсэн хуулиар багаа өөрөө бүрдүүлэх бүрэн эрхтэй.

Ж.ЭРДЭНЭБАТАД ЯЛ ОНООХ ШҮҮХ ХУРАЛ МАРГААШ БОЛНО

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдээ тангаргаа өргөөгүй гишүүн бол Ж.Эрдэнэбат. Тэрбээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд хорих ангиас нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 2,3 -ны өдрүүдэд боллоо. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг ирэх Даваа гаригт /2020.07.06/ 09.00 цагт товлов.

Үүний зэрэгцээ, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал мөн хоёр өдөр үргэлжилсэн. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх даваа гаригт /2020.07.06/ 09.00 цагт үргэлжлэхээр болсон юм.

FATF: МОНГОЛ УЛС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ САЙН БИЕЛҮҮЛСЭН 

Монгол Улс 2019 оны аравдугаар сард Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-ийн техникийн 40 зөвлөмжийн 20-ыг биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлээгүй гэх үндэслэлээр саарал жагсаалтад бүртгэгдсэн. Энэ цагаас хойш Монгол Улс долоон сарын хугацаанд FATF-ийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тайлангаа тухай бүрд нь тавьж, өнгөрсөн тавдугаар сарын 28-нд саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангасан юм. Өөрөөр хэлбэл, Монгол улс нь долоон сарын хугацаанд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-ийн  техникийн 40 зөвлөмжийн 37-г нь биелүүлдэг, 3-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс болов.

Харин Монгол Улс нь үүрэг даалгавраа хэр сайн биелүүлсэн талаарх албан ёсны мэдээ зургадугаар сарын 24-25-нд болсон хуралдааны үеэр яригдаж, Мягмар /2020.06.30/ FATF-ын албан ёсны сайт дээр тайлан нь тавигдсан байна. Тус хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Монгол Улс нь FATF-ийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж үнэлжээ.

Монгол Улс дараах гол шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулах;
  • Тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорын түвшинд яллах ажиллагааг нэмэгдүүлэх;
  • Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
  • Санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авах зэрэг юм. ФАТФ-аас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсад газар дээрх хяналт шалгалтыг хамгийн боломжит ойрын хугацаанд хийхээр шийдвэрлэлээ.

Үүний зэрэгцээ, Covid-19-ийн халдварын тархалт буурч, нөхцөл байдал сайжирмагц FATF төлөөлөгчид Монгол Улсад ирж, газар дээр нь үнэлгээ хийхээ мэдэгдсэн байна. Ингэснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой болох юм. Энэ хугацаа нь ойролцоогоор аравдугаар сар гэж мэргэжилтнүүд харж байна.

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ДЭГЛЭМ САХИЖ БУЙ ААН-ҮҮДИЙГ НЭЭЛЭЭ 

УОК болон нийслэлийн онцгой комисс энэ даваа гаригт хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15 –ныг хүртэл сунгав. Гэхдээ халдварыг дотооддоо алдаагүй байгаа тул улс орны эдийн засаг, өрхийн орлогыг дэмжих үүднээс хөл хориог зөөлрүүлж, аж ахуй нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чандлан сахисан аж ахуй нэгжийг нээх зөвшөөрлийг олгов. Ингэхдээ PC тоглоомыг газар, олон нийтийн жагсаал цуглаан болон нийтийн хамарсан спортын арга хэмжээ болон диско бааруудыг нээхгүй байх шийдвэр гаргасан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж