Өмнөд Солонгосын “KARA” охидын хамтлагийн гишүүн асан Гү Хара өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард амиа хорлосон билээ. Түүний амиа хорлосон шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлан бичиж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын шүүхээс түүний экс найз залуу, 29 настай Чой Жун Бомд нэг жил шоронд хорих ял оноожээ. Түүнийг экс найз бүсгүй Гү Харатай секс хийж буй бичлэгээ цацна хэмээн сүрдүүлж, сэтгэл санааны гүн дарамтад оруулснаар амиа хорлоход хүргэсэн гэж шүүхээс буруутгасан байна. Түүний үйлдэл хяналтын камерт бичлэгээр нотлогдсон ба Гү Хара түүний өмнө өвдөг сөгдөн гуйж буй нь бичигдэн үлджээ.
Өмнөд Солонгосын шүүгчийн мэдэгдэлд “Бэлгийн харилцаа нь хүний хувийн амьдралын хамгийн нууц сэдэв бөгөөд видео бичлэгийг нь цацахаар айлган сүрдүүлэх нь түүний нэр хүндийг сэвтээж, хохирогчийн сэтгэл зүйд хүнд дарамт болж амиа хорлоход хүргэсэн” гэж дурджээ. Мөн хохирогч нь олны танил, алдартан байсан учраас хохирлын хэмжээ нь хэд дахин их байхыг шүүгдэгч Чой Жун Бом мэдэж байсан” гэдгийг онцолсон байна.
Гү Харагийн үхэл нь Өмнөд Солонгосын залуусын дунд асуудал болж буй нэгнээ гадуурхан дээрэлхэх, цахим ертөнцөөр үзэн ядалтын харгис сэтгэгдэл, мессеж бичиж дарамтлах зэрэг асуудлыг олны анхааралд авчирсан юм. Гү Хараг нас барснаас ердөө нэг сарын дараа түүний найз дуучин, загвар өмсөгч Сулли мөн амиа хорлосон билээ.
Гү Хара нь 2016 онд хамтлагаасаа гарсанаас хойш соло уран бүтээлдээ анхаарч, Японд аялан тоглолтоо хийгээд байсан юм.
Эх сурвалж: The Korea Times
Холбоотой мэдээ