Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдсэн энэ өдрүүдэд заавал гурван тэрбумын төсөв зарцуулах нь буруу, зөв гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд өрнөөд байна. Өнгөрсөн жил гэхэд Үндэсний их баяр наадам зохион байгуулахад 2,9 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил коронавирусийн цар тахалтай холбоотойгоор үзэгчгүй, цомхон наадамд 3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Гэхдээ Үндэсний их баяр наадам зохион байгуулахад заавал 3 тэрбум төгрөгийг бүгдийг нь ашиглахгүй гэнэ. Энэ талаар Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийгдсэн төсвөө баримталж байгаа. Бид өнгөрсөн оны 11-р сард коронавируст цар тахал гараагүй байхад бид наадмаа төлөвлөөд, төсвөө баталчихсан байсан. Гэсэн ч бид төсөвлөсөн мөнгийг бүгдийг үрнэ гэж байгаа юм биш. Хөл хорио хязгаарлаад, цагаан сараа ч хийгээгүй. Мөн Үндэсний их баяр наадмаа үзэгчгүй биш телевизээр дамжуулаад үзүүлэх гэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд бид байж болох хамгийн бага мөнгийг наадмын зохион байгуулалтад зарцуулна. Харин яг одоо гүйцэтгэлийг нь хэлэх боломжгүй байна. Гэхдээ ил тод болгоно” гэдгийг онцоллоо.
Сануулахад, энэ жил Үндэсний их баяр наадмын сур, шагай, бөхийн барилдаан 13-р зуун цогцолборт болох бол хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Үзэгчгүй зохион байгуулах наадмын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ