ОУХМ Б.Мөнхбат.
Олон улсын модон бөмбөгийн холбооноос (IWF) 2015 оны шинэчилсэн чансааг зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүрийн шилдэг 30 тамирчдын чансааг гаргадаг бөгөөд энэхүү чансааны эрэгтэй тамирчдаас жагсаалтын 23 дугаарт Монгол улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер, Багануур ХК-ны ажилтан, Б.Мөнхбат 58.3 оноогоор шалгарсан байна.
Б.Мөнхбат нь 2008 оноос модон бөмбөгийн спортоор хичээллэж дотоод, гадаадын тэмцээнүүдэд амжилттай оролцон Индонез улсад зохиогдсон Азийн элсний анхдугаар наадмын модон бөмбөгийн спортын төрөлд оролцон эрэгтэй багийн төрөлд 6 дугаар байр, 2009 онд Тайваны нээлттэй тэмцээнд эрэгтэй багаараа 4 дүгээр байр, 2009, 2010 оны ОХУ-д зохиогдсон олон улсын тэмцээнд хувь, баг, хос төрөлд тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Азийн элсний хоёрдугаар наадмын модон бөмбөгийн спортын ганцаарчилсан төрөлд 5 дугаар байр, 2013 онд Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 5 дугаар байр, 2014 онд Хятадын нээлттэй олон улсын тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багийн төрөлд 5 дугаар байр, эрэгтэй хосын төрөлд 8 дугаар байрт шалгарсан амжилтуудыг үзүүлсэн манай шилдэг тамирчин юм.
Мөн эмэгтэй тамирчдын жагсаалтын 30 дугаар байрт ХААИС-ийн тамирчин Ж.Наранчимэг 57,7 оноогоор шалгарсан байна гэж Монголын модон бөмбөгийн холбооноос мэдээлэв.