Наадам: ЗАРИМ ГАХАЙ БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ!

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Наадам: ЗАРИМ ГАХАЙ БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ!

Наадам: ЗАРИМ ГАХАЙ БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ!

Баяр наадмын тухай шинэ мэдээ: Наадмын хамгаалалтад гарах цагдаа нар баатрын дээлээр жигдэрнэ. Ноёдын наадмын нохой ч хүртэл гоё харагдах ёстой.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөх, сур, шагайн харвааг "XIII зуун" цогцолборт, хурдан морины уралдааныг Хүй долоо худагт зохион байгуулах, ингэхдээ олон нийтэд онлайн болон теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхээр Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Үндэсний баяр наадмын комиссоос шийдвэрлэсэн юм. Үүнийгээ  баяр наадмын комиссынхон “цар тахлын үед хүн амын төвлөрөл үүсгэхгүй гэсэн зохицуулалт” гэж тайлбарлаж буй, тийм биз, үгүй ч биз.

 Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөг байсан бол 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар, 2014 онд 2.2 тэрбумаар, 2015, 2016, 2018, 2019 онуудад 2.9 тэрбумаар нааджээ. Энэ жилийн ноёдын наадамд гурван тэрбумыг татвар төлөгчид төлнө.  Наадмыг “Херо”-гийн Б.Баатар найруулна.  Тэрбээр Ерөнхийлөгчийн кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх. Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Б.Баатар баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэхээр төлөвлөж буй гэх. Татвар төлөгчдийн мөнгөөр Ерөнхийлөгчийн жуулчны баазыг Ерөнхийлөгчийн зөвлөх сурталчлах тэгээд “ариун явдал” уу.

"Арван гуравдугаар зуун" цогцолбор нь “Женкотур бюро” компанийн эзэмшлийнх. “Женкотур бюро” нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гэр бүлийн компани. Ерөнхийлөгч тус компанийн 6762350 ширхэг хувьцааг эзэмшдэг.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нь Ц.Энхтуяа, Ц.Энхсайхан, Х.Намуун, Х.Цэнд-Аюуш нар багтдаг. Б.Баатарын үүсгэн байгуулсан “Херо” компанийн 50 хувийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эзэмшдэг.

Ийнхүү ардын наадам ноёдын наадам болсон нь албан ёсоор баталгаажив. Ноёдын наадамд ноёдын бөх тэргүүлж, ноёдын морь түрүүлж, харц ардууд  гэртээ хагас хугас баярлавал их юм.

Өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн Э.Оюунболдын допингийн маргаан өнөөг хүртэл үргэлжилсээр. Үндэсний бөхчүүд энэ асуудлыг нэг тийш шийдэх хүсэлтийг сар шинийн өмнө МҮБХ-нд тавьж байв.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяраар 9 давж аварга цолонд хүрсэн Э.Оюунболдын шээсний шинжилгээнээс допинг илэрч, Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос барилдах эрхийг нь хоёр жилээр хасах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлээд яг нэг жил болох гэж байна. Гэвч, харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зүгээс 365 хоногийн хугацаанд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүйгээр барахгүй энэ хэрэг сунжирсаар, өнөө жилийн баяр наадмын бөхийн барилдаан хэрүүл, маргаан дагуулж мэдэхээр асуудал нь бүр хүндэрчихлээ. Э.Оюунболд энэ жилийн наадамд зодоглоно гэвэл допингийн тухай цаашдаа ярих, шинжилгээ авах шаардлагагүй гэсэн үг. Хоёрт, түүнд унасан бөхчүүдийн цол, давааны асуудал үүснэ. Тиймээс зарлигаар түүнд аварга цол олгосон Ерөнхийлөгчийн зарилгаар энэ асуудал эцэслэгдэх ёстой юм. Хэрэвзээ, Э.Оюунболд Хэнтийн бөх байгаагүй бол түүний аварга цол аль хэдийнэ хураагдчихсан байх байлаа. Гэвч, тэр ноёны нутгийн бөх учраас баяр наадамд барилдана гээд явж байгаа нь гутамшиг.

Жорж Орвэллийн 1945 онд бичсэн, дэлхийн сонгодог зохиол  “Амьтны ферм”-д бүх амьтан “тэгш эрх”-тэй амьдардаг. Гэхдээ, мэдээж, Наполеон гахай бүр илүү тэгш эрхтэй.

Тэнд ингэж өгүүлдэг. “Бүх амьтад тэгш эрхтэй боловч зарим гахай бусдаасаа илүү эрхтэй! Үүнээс хойш нэг өдрийн дараа фермийн ажлыг хянадаг гахайнууд бүгд урд хөлөндөө ташуур барьсан нь хачин санагдсангүй. Гахайнууд өөрсөддөө радио худалдан авч, ярьдаг утас тавиулах гэж байгаа, мөн “Жон Бул”, “Амтат хэрчим”,” Өдрийн толь” сонинуудыг захиалахаар мөнгө цуглуулж байгааг мэдэхдээ ч хачирхсангүй. Наполеон амандаа гаанс зууж төв байрны цэцэрлэг дотор зугаалж харагдах нь, тэр ч байтугай гахайнууд шүүгээнээс ноён Жонесын хувцсыг гаргаж өмсөөд явж байх нь ч хачин юм шиг санагдсангүй” гэж.

 Өнөөдөр Монголд бүх хүн шударга ёсыг сахиулах хуультай боловч зарим хүн бусдаасаа илүү эрхтэй. Тэд хувийнхаа жуулчны баазад татвар төлөгчдийн гурван тэрбум төгрөгөөр наадам хийх эрхтэй. Тэд хувийнхаа жуулчны баазыг өргөжүүлэхэд цэрэгт явсан ардын хүүхдүүдийг ашиглах эрхтэй.

Гурван тэрбум төгрөг бол цар тахлын үед чамгүй их мөнгө. Тэр тусмаа үзэгчгүй наадамд ийм хэмжээний хөрөнгө төлөвлөсөн нь Ерөнхийлөгчийн жуулчны бааз руу цахилгаан, шилэн кабель татахад зарцуулагдаж байна гэх хардлага ч төрүүлж буй. Иймээс ардын наадам ноёдын наадам боллоо гэж ард түмэн бухимдаад байгаа хэрэг.

Өнгөрсөн 2019 оны наадмын санхүүжилтэд гаргасан 2.9 тэрбум төгрөгийн задаргааг сонирхуулбал,

  • – 11.6 хувь буюу 336 сая төгрөгийг бай шагналд,
  • – 34 хувь буюу 991 сая төгрөгийг урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд,
  • – 19.7 хувь буюу 576 сая төгрөгийг тохижилт үйлчилгээнд,
  • – 9.5 хувь буюу 278 саяыг хэв журам хангах, онцгой байдалд,
  • – 25 хувь буюу 731 сая төгрөгийг зохион байгуулалтад  зарцуулагджээ.

Энэ жил хэв журам сахиулах шаардлагагүй. Урлаг соёл, хүндэтгэлийн арга хэмжээ болохгүй. Тохижилт үйлчилгээ ч хэрэггүй.  Ард түмэн "XIII зуун" цогцолборт алхаж орох боломжгүй, хориотой._ Иймээс наадамчин олонгүй наадамд зарцуулж буй татвар төлөгчдийн тэрбус, тэрбум төгрөгийг хаана, юунд зарцуулсан задаргааг нь Засгийн газраас нэхэх нь зүйн хэрэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар шударга ёс, ёс зүйг хамгийн чангаар нэхдэг, хашгирдаг улстөрчид. Гэтэл өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр хамаарал бүхий компаниа санхүүжүүлэн наадам тэмдэглэж байгаа нь чухамдаа "гахай бүр илүү тэгш эрхтэй" болохыг нотлов. Өөрийн хамаарал бүхий жуулчны  бааздаа наадам зохион байгуулж, төрсөн ах, дүүсдээ төсвийн мөнгө хуваарилах нь ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэрэг мөн.

Өмнө нь улстөрчид ядаж л, ичиж, нууж  иддэг байсан бол өнөөдөр ах дүүстэйгээ нийлээд албаны мөнгийг  хумсалдаг, хулгайлахдаа ард түмнээсээ айж ичихээ байж.  Төрийн мөнгө бол том дарга нарын биш татвар төлөгч бидний мөнгө. Гээд манай ялсан монголчуудын хувьд даргын ярьдаг шударга ёс зөвхөн иргэдэд хамаатай. Товчхондоо, Ерөнхийлөгч Х.Баттулга ба ЗАРИМ АМЬТАД БУСДААСАА ИЛҮҮ ЭРХТЭЙ!

Ж.ЭРХЭС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж