Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

Владимир Путин: «Аугаа Ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага»

2020 оны зургадугаар сарын 19

Аугаа их Эх орны дайн дууссанаас хойш 75 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэд хэдэн үе өсөн бойжиж, манай гариг дэлхийн улс төрийн газрын зураг өөрчлөгдөв. Нацизмыг бут ниргэн аугаа ялалтыг байгуулж, бүх дэлхийг аварч чадсан Зөвлөлт Холбоот Улс байхгүй боллоо. Тэр дайны үйл явдлууд бол оролцогчдынх нь хувьд ч гэсэн аль эрт болж өнгөрсөн хэрэг юмаа. Гэвч яагаад одоог ч хүртэл Орос орон даяар тавдугаар сарын 9-ийг хамгийн чухал баярын өдөр болгон тэмдэглэж, харин зургадугаар сарын 22-ны өдөр хамаг амьдрал зогсож, хоолой зангирах шиг болдог вэ?

Дайн айл болгонд ул мөрөө үлдээсэн гэж ярьцгаадаг. Эдгээр үгийн цаана сая сая хүний хувь тавилан, зовлон шаналал, гарз хохирол бий. Үүний хамт бахархал, үнэн, дурсамж бий.

Миний эцэг эхийн хувьд дайн бол миний хоёр настай дүү Витя нас барж, ээж маань үнэн гайхамшгийн ачаар амьд үлдсэн Ленинградын бүслэлтийн аймшигт гай зовлон билээ. Эцэг маань цэрэг таталтаас чөлөөлөгдсөн байсан ч төрөлх хотоо хамгаалахаар сайн дураараа дайнд явж, Зөвлөлтийн сая сая иргэний адил зүйл хийсэн. Тэрээр «Невагийн сөөм» түшиц газарт тулалдаж, хүнд шархаджээ. Тэдгээр он жил холдон өнгөрөх тусам эцэг эхтэйгээ энэ тухай ярилцаж, дайны үед тэд хэрхэн амьдарч байсан талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвч энэ боломжоо нэгэнт алджээ. Тиймээс аав, ээжтэйгээ энэ сэдвээр ярилцаж байснаа, тэдний сэтгэлийн хомс хөдлөлийг чин сэтгэлдээ нандигнан хадгалсаар байна.

Бидний үр хүүхдүүд, ач зээ нар маань бидний өвөг дээдэс ямар сорилтыг давж, ямар зовлонг туулж ирснийг ойлгон санаж байх нь бидний үе тэнгийнхний хувьд нэн чухал байна. Тэд яаж, яагаад бат зогсож, дайснаа ялж чадсан бэ? Дэлхий дахиныг гайхшруулж, баярлуулах тэдний сэтгэлийн тэнхээ хаанаас гаралтай вэ? Тийм ээ, тэд өөрсдийн гэр орноо, үр хүүхдүүдээ, хамаатан садангаа, гэр бүлээ хамгаалж байсан. Үүний хажуугаар тэднийг эх орноо, нутаг усаа хайрлах сэтгэл нэгтгэсэн. Энэхүү гүн гүнзгий, хувь хүний мэдрэмж нь манай ард түмний мөн чанарт тусгагдсан байдаг бөгөөд нацистуудын эсрэг баатарлагаар, өөрийгөө золиослон тэмцэхэд нь тус болсон.

Хямралын эгзэгтэй нөхцөлд орчин үеийн залуус маань яах бол, юу хийх бол гэж олон хүн боддог. Би вээр бусдын амийг аврахаар «улаан бүс»-ийг зорьж буй олон залуу эмч, сувилагч, заримдаа өчигдрийн оюутан залуусыг харж байна. Хойд Кавказ болон Сирид олон улсын терроризмтой амь насаа хайрлахгүй тэмцэж байгаа манай цэргүүд хэтэрхий залуухан, бараг хүүхдээрээ байна! Үхэшгүй мөнх, домогт агаарын десантын 6-р салааны дайчдын ихэнх нь 19-20 настай залуус байсан ч тэд бүгд Аугаа их Эх орны дайнд газар шороогоо хамгаалсан манай улсын дайчин баатруудын эр зоригийг өвлөн авсан эрхэмсэг үр сад гэдгээ харуулсан.

Тиймээс, Оросын олон ард түмний зан чанарт нь шаардлагатай бол өөрийгөө үл хайрлан үүргээ биелүүлэх чадвар байдаг гэдэгт би итгэлтэй байдаг. Амиа золиослох, гэр орон, ам бүлээ хайрлах эх оронч үзэл нь өдгөө ч Оросын нийгмийн хувьд чухал ач холбогдолтой, суурь үнэт зүйлсийн нэг бөгөөд манай улсын тусгаар тогтнол ер нь энэхүү үзэл бодол дээр тулгуурладаг.

Өнөөдөр бид ард иргэдийн үүсгэн санаачилсан олон сайхан шинэ уламжлалуудтай болсон. Тухайлбал, «Үхэшгүй мөнхийн хороо» нь үе үеийн хоорондын амин чухал холбоос, амьд харилцааг илэрхийлэх бидний талархлын ой санамжийн марш юм. Сая сая хүмүүс эх орноо хамгаалж, нацизмыг ялсан төрөл төрөгсдийнхөө хөрөг зургийг барьж жагсдаг билээ. Энэ нь тэдний туулсан амьдрал, давсан сорилт, золиосол, бидэнд дамжуулан өгсөн ялалтыг бид хэзээ ч мартахгүй гэсэн үг юм.

Өнгөрсөн ба ирээдүйнхээ өмнө хүлээх бидний үүрэг нь ийм аймшигт, эмгэнэлт явдал дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүхнийг хийхэд оршино. Тиймээс би вээр Дэлхийн хоёрдугаар дайн ба Аугаа их Эх орны дайны тухай ийнхүү нийтлэл бичих нь миний үүрэг хэмээн үзсэн. Би энэхүү санаагаа дэлхийн бусад удирдагчидтай олон удаа ярилцахдаа нэг бус удаа хэлэлцэн зөвшилцөж, тэд намайг ойлгон дэмжсэн. Өнгөрсөн жилийн сүүлээр ТУХН-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт дээр бид нэгэн саналаар нацизмыг Зөвлөлтийн ард түмэн ялсан ба галын шугам, арын хангамжид Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах бүх улсуудын ард иргэд мөр мөрөө зэрэгцэн ажиллаж, дайтаж байсан гэдэг ой санааг хойч үедээ дамжуулан өгөх нь чухал гэдгийг зөвшөөрсөн. Мөн тэр мөчид хамтран зүтгэгчидтэйгээ дайны өмнөх амар бус үеийн тухай ярилцаж байсан.

Энэхүү яриа нь Европ болон дэлхий дахинд маш их үр дагавар, резонанстай болсон. Эндээс өнгөрсөн үеийн сургамжаа эргэн дурсах нь зайлшгүй шаардлагатай, тулгамдсан асуудал юм байна гэдгийг харсан. Үүний зэрэгцээ маш их сэтгэл хөдлөл, өөрийн дутагдлаа бараг далдалж чадахгүй байгаа муу үйлдлүүд, бусдыг буруушаах гэсэн чанга чанга мэдэгдлүүд хөврөв. Хэд хэдэн улс төрчид Орос улс түүхийг шинээр бичихийг оролдож байна гэж сурсан дассанаараа яаравчлан мэдэгдсэн ч бидний талаас ишлэл татсан ганц ч баримтыг, гаргаж тавьсан ганц ч нотолгоог үгүйсгэж чадсангүй. Мэдээжийн хэрэг, зөвхөн Орос төдийгүй гадаадын олон улс орны архивд хадгалагдаж байгаа бодит баримтуудтай маргалдах нь хэцүү бөгөөд боломжгүй юм.

Тиймээс манай улс болон хүн төрөлхтөнд сургамж болон үлдсэн дэлхийн дайныг өдөөсөн шалтгаануудыг судалж, хүнд хэцүү, эмгэнэлт үйл явдлууд болон ялалтын талаар эргэцүүлэн бодох, үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Энд би дахин давтаж хэлэхэд аливаа архивын материал, тэр үйл явдлуудын гэрч хүмүүсийн дурсамжид суурилан, аливаа үзэл суртал, улс төржүүлсэн таамаглалыг орхигдуулах нь нэн чухал ач холбогдолтой юм.

Би нэгэнт тодорхой болсон нэгэн зүйлийг дахин сануулъя: Дэлхийн хоёрдугаар дайны цаад шалтгаан нь Дэлхийн нэгдүгээр дайны дараа гарсан шийдвэрүүдээс үүдэлтэй. Версалийн гэрээ нь Германы хувьд шударга бусын бэлгэдэл болжээ. Уг гэрээний дагуу барууны холбоотнууд нь тус улсыг дээрэмдэн тоносон гэхэд хилсдэхгүй ба Герман асар их дайны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь түүний эдийн засгийг ихэд доройтуулж байсан. Холбоотнуудын цэргийн дээд командлагч, Францын маршал Ф.Фош Версалийн гэрээг үнэн зөв дүгнэж, «Энэ бол энх тайвны бус хорин жилийн түр эвлэрлийн гэрээ» хэмээн зөгнөсөн байдаг

Ийнхүү улс орныг үндэс угсаагаар нь тохоон доромжилсон нь тооцоо бодож өшөө авах гэсэн радикал сэтгэлгээ урган цэцэглэх таатай хөрсийг бэлдэж өгсөн. Нацистууд эдгээр сэтгэл хөдлөлийг чадварлагаар ашиглаж, Германыг «Версалийн өвөөс» авран хамгаална, хуучны сүр хүчийг сэргээн мандаана гэж суртал ухуулгаа хийж байсан нь үнэн хэрэгтээ Германы ард түмнийг шинэ дайн руу түлхэж байлаа. Хамгийн сонирхолтой нь, үүнд барууны орнууд, тэр дундаа Их Британи, АНУ хоёр нь шууд болон шууд бус байдлаар хамгийн их дэмжлэг үзүүлсэн. Тэдний санхүүгийн болон аж үйлдвэрлэлийн хүрээнийхэн Германы цэргийн үйлдвэрлэлд маш их хөрөнгө оруулж байсан бол язгууртнууд болон улс төрийн хүрээнийхэн дунд Герман болон Европын орнуудад улам бүр хүчээ авч байсан радикал, хэт баруун, үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөнүүдийг дэмждэг маш олон хүмүүс байсан.

Версалийн «дэлхийн дэг журам» нь олон тооны далд зөрчилдөөн, маргааныг өдөөсөн ба тэдгээрийн үндэс сууринд Дэлхийн нэгдүгээр дайны ялагчид Европын улс орнуудын хил хязгаарыг дур зоргоороо зурсан нь оршиж байв. Газрын зураг дээр шинээр улс орнууд гарч ирмэгц газар нутгийн маргаан, харилцан нэхэмжлэл зэрэг ихээр дэлгэрч, тэр бүгд нь тодорхой цаг хугацааны дараа тэсрэн дэлбэрэх бөмбөг болж хувирчээ.

Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн чухал үр дүнгүүдийн нэг нь Үндэстнүүдийн Лигийг үүсгэн байгуулсан явдал юм. Энэхүү олон улсын байгууллага нь урт хугацааны турш энх тайвныг хадгалж, хамтын аюулгүй байдлыг хангаж чадна гэдэгт ихээхэн найдаж байв. Энэ нь дэвшилтэт санаа байсан бөгөөд түүнийг тууштайгаар хэрэгжүүлсэн бол дэлхийн аймшигт дайн дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх байсан гэвэл хэтрүүлэхгүй.

Гэсэн хэдий ч Их Британи, Франц буюу бусад ялагч гүрнүүд ноёрхож байсан Үндэстнүүдийн Лиг нь үр ашиггүй сул талаа харуулж, хий дэмий хоосон ярианд живэв. Үндэстнүүдийн лиг, мөн түүнчлэн Европ тив тэр чигээрээ хамтын аюулгүй байдлын тэгш эрхт тогтолцоог бүрдүүлэх тухай удаа дараа гаргасан Зөвлөлт Холбоот Улсын уриа дуудлагыг сонссонгүй. Тухайлбал, ЗХУ нь түрэмгийллийг тогтоон зогсоох боломжтой Зүүн Европ, Номхон далайн гэрээнүүдийг байгуулах саналыг дэвшүүлж байсан ч тэдгээрийг нь үл тоомсорлов.

Үндэстнүүдийн Лиг нь Итали Эфиопи руу, харин Япон Хятад руу дайрахад, Испанид иргэний дайн эхлэхэд, Австрийг Германд нэгтгэхэд, мөн дэлхийн бусад өнцөг булангуудад мөргөлдөөн дэгдэхэд яаж ч чадаагүй, тэднийг урьдчилан сэргийлээгүй. Гитлер, Муссолинигээс гадна Их Британи, Францын удирдагчид оролцсон Мюнхений гэрээг Үндэстнүүдийн Лигийн Зөвлөлийн бүрэн дэмжлэгтэйгээр баталсан ба тэд Чехословакийг хуваан авав. Үүнтэй холбогдуулан сануулахад, Европын тэр үеийн олон удирдагчдаас ялгаатай нь Сталин тэр үед барууныхны хүрээнд нэр хүндтэй улс төрчөөр тодорсон, Европын олон улс орнуудын нийслэлд тавтай морилдог байсан Гитлертэй нүүр туулж уулзаагүй, нэр төрөө цэвэр авч үлдсэн гэдгийг тэмдэглэж байна.

Чехословакийг таслан хуваах үйл хэрэгт Германы хамсаатны үүргийг Польш гүйцэтгэсэн. Тэд Чехословакийн аль нутгийг хэн авахаа урьдчилж, хамтдаа шийдсэн байдаг. 1938 оны есдүгээр сарын 20-ны өдөр Герман дахь Польшийн элчин сайд Ю.Липский өөрийн орны Гадаад хэргийн сайд Ж.Бект Гитлерийн мэдэгдлийн талаар: «… Хэрэв Тешин дэх Польшийн ашиг сонирхол хөндөгдөж, Польш, Чехословакийн хооронд зөрчилдөөн үүсвэл Рейх манай [Польшийн] талд гарна гэсэн» гэж мэдээлж байжээ. Тэр ч байтугай нацистуудын удирдагч Польшид зарим зөвлөгөөнүүдийг өгч, «Германчууд Судетын уулыг эзэлсний дараа…» үйл явдлуудаа эхлүүлэхийг хэлж өгч байжээ.

Польш Гитлерийн дэмжлэггүйгээр түүний түрэмгий төлөвлөгөө нь бүтэлгүйтнэ гэдгийг маш сайн мэдэж байсан. Энд би 1938 оны аравдугаар сарын 1-ний өдөр Варшав дахь Германы элчин сайд Г.А.Мольтке, Ж.Бек нарын Польш, Чехийн харилцаа болон энэ асуудлаар баримтлах ЗХУ-ын байр суурийн талаар хийсэн ярианы бичлэгээс иш татъя: «… Ноён Бек … Мюнхений бага хурлын үеэр Польшийн ашиг сонирхлыг тэдэнд таатайгаар тайлбарлаж, түүнчлэн Чехийн мөргөлдөөний үеэр хоорондын харилцаандаа чин сэтгэлээсээ хандсанд маш их талархаж байгаагаа илэрхийлэв. [Польшийн] Засгийн газар, олон нийт фюрер болон рейхканцлерийн байр суурийг хүндэтгэн үнэлж байна» гэжээ.

Чехословакийг маш харгис хэрцгийгээр хувааж авсан. Мюнхенд тивийн хэмжээнд үйлчилж байсан хэврэгхэн, бараг хэлбэр төдий баталгаануудыг нураасан ба үүгээрээ харилцан тохиролцоо нь ямар ч үр цэнэгүй гэдгийг харуулсан. Чухам Мюнхений хуйвалдаан нь Европт айхавтар дайн гарах нь гарцаагүй болжээ гэдгийг харуулж, түүнийг эхлүүлсэн.

Өнөөдөр Европын улс төрчид, тэр дундаа голчлон Польшийн удирдагчид Мюнхений үйл явдлуудын талаар чимээгүй өнгөрөхийг хүсэж байна. Яагаад вэ? Тэр үед тэдний улс орнууд нь хүлээсэн үүргээсээ ухарч, Мюнхений хуйвалдааныг дэмжиж, тэр байтугай зарим нь олзоо хуваан хуваарилах ажилд оролцсоноос гадна тэрхүү 1938 оны хүнд хэцүү өдрүүдэд зөвхөн ЗХУ Чехословакийг өмөөрөн зогсож байсныг эргэн санахад тэдэнд маш эвгүй байна.

Зөвлөлт Холбоот Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ, түүний дотор Франц болон Чехословактай байгуулсан гэрээнүүдээ ухамсарлан, эмгэнэлийг урьдчилан сэргийлэхийг оролдож байв. Харин Польш нь өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, Европ дахь хамтын аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход хамаг хүчээрээ саад учруулж байсан. 1938 оны 9-р сарын 19-нд Польшийн Гадаад хэргийн сайд Ж.Бек дээр дурдсан Элчин сайд Ж.Липский Гитлертэй уулзах гэж байхад түүнд илгээсэн захидалдаа: «… Өнгөрсөн жил Польшийн засгийн газар Чехословакийг хамгаалах олон улсын ажиллагаанд нэгдэх орох саналаас 4 удаа татгалзсан» хэмээн бичиж байжээ.

Тэр үед чех болон словакуудын гол холбоотон байсан Их Британи, Франц зэрэг улс орнууд нь өөрсдийн гаргасан батлан даалтаасаа татгалзаж, Зүүн Европын энэхүү улс орныг бусдын өгөөш болгон хаялаа. Хаяад зогсохгүй Герман болон Зөвлөлт Холбоот Улс нь хоорондоо зайлшгүй мөргөлдөж, бие биенээ хүчгүйдүүлэх алсын зорилготойгоор нацистуудын хүсэл эрмэлзлийг дорно зүгт чиглүүлж байв.

Энэ бол өрнөдийн «тайвшруулан зөөллөх» бодлогын үндэс суурь байсан билээ. Тэд энэ бодлогоо Гуравдугаар Рейхтэй харилцах харилцаандаа төдийгүй «Коминтернийн эсрэг гэрээ» хэмээн нэрлэгддэг холбооны бусад гишүүд болох фашист Итали, милитарист Японтой харилцах харилцаандаа баримталж байв. Уг бодлогын оргил нь 1939 оны зун Алс Дорнодод байгуулсан Англи-Японы хэлэлцээр байсан бөгөөд түүний ачаар Токио Хятадад дур зоргоороо авирлах болов. Европын тэргүүлэх гүрнүүд Герман болон түүний холбоотнууд дэлхий дахинд ямар аюултайг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, дайн тэднийг тойрон гарна найдаж байлаа.

Мюнхений хуйвалдаан нь барууны орнууд аюулгүй байдлын асуудлуудыг түүний ашиг сонирхлыг харгалзалгүйгээр шийдвэрлэж, аливаа боломжтой тохиолдолд Зөвлөлтийн эсрэг фронт байгуулж чадна гэдгийг ЗХУ-д харуулав.

Үүний зэрэгцээ Зөвлөлт Холбоот Улс нь барууны улс орнуудын хоёр нүүрт байр суурийг үл харгалзан, Гитлерийн эсрэг эвсэл байгуулах саналаа гүйцэтгэх аливаа боломжийг сүүлийн мөч хүртэл ашиглахыг хичээж байсан гэдгийн давтан хэлье. Тухайлбал, гадаад тагнуулын албаны шугамаар Зөвлөлтийн удирдлага 1939 оны зун тогтоосон Англи-Германы харилцаа холбооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч байсан. Тэд барууны түншүүдийн санаачилгаар зориудаар хойшлуулж байсан Франц, Их Британи, ЗСБНХУ-ын төлөөлөгчдийн гурван талт хэлэлцээний хажуугаар, бараг нэгэн зэрэг маш эрчимтэй харилцаж байсныг та бүхэн анзааран анхаарна уу? Үүнтэй холбогдуулан би Их Британийн архивд хадгалагдаж буй баримт бичгээс иш татъя. Энэ бол 1939 оны 8-р сард Москвад ирсэн Их Британийн цэргийн төлөөлөгчдөд зориулан бичсэн ажлын зааварчилга бөгөөд түүнд төлөөлөгчид «хэлэлцээг аль болох удаашруулан хойшлуулах ёстой», «Их Британийн засгийн газар нь энд дэлгэрэнгүй заасан ба аливаа нөхцөл байдалд бидний үйл ажиллагааг хязгаарлаж болзошгүй амлалтуудыг өгөхөд бэлэн биш байна» гэж тодорхой заажээ. Англи, Францаас ялгаатай нь Зөвлөлтийн төлөөлөгчдийг Улаан армийн дээд удирдагчид тэргүүлж байсан бөгөөд тэд «Европ дахь түрэмгийллийн эсрэг Англи, Франц, ЗХУ-ыг цэргийн хүчээр батлан хамгаалах асуудлыг зохион байгуулах тухай цэргийн гэрээнд гарын үсэг зурах»-ад шаардлагатай бүрэн эрхтэй байсан гэдгийг цохон тэмдэглэе.

Зөвлөлтийн талын өмнө аливаа үүрэг хүлээхийг хүсээгүй Польш хэлэлцээ бүтэлгүйтэхэд өөрийн үүргээ гүйцэтгэв. Барууны холбоотнуудын дарамт шахалтад автан Польшийн удирдагчид Вермахтын эсрэг Улаан армитай хамтран ажиллахаас татгалзжээ. Зөвхөн Риббентроп Москвад ирснийг мэдсэний дараа л Ю.Бек ихэд дурамжхан, тэгээд ч бас шууд өөрөө бус Францын дипломатуудаар дамжуулан Зөвлөлтийн талд: «… Германы түрэмгийллийн эсрэг хамтарсан арга хэмжээ авах тохиолдолд, тусгайлан тодорхойлох техникийн нөхцөлийн үед Польш, ЗХУ хоёр нь хамтран ажиллах боломжтой болж магадгүй» гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр хамтран зүтгэгчиддээ: «… Би зөвхөн тактикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор энэхүү томьёоллыг ашиглахаас татгалзаагүй бөгөөд ЗХУ-ын талаарх бидний зарчмын байр суурь эцсийн бөгөөд өөрчлөгдөхгүй хэвээр байна» хэмээн тайлбарлажээ.

Ийнхүү нөхцөл байдалд Зөвлөлт Холбоот Улс Германтай харилцан үл довтлох тухай гэрээнд гарын үсэг зурсан ба үнэн хэрэгтээ Европын орнуудаас хамгийн сүүлд ийм гэрээг байгуулсан байдаг. Түүгээр ч үл барам уг гэрээнд хоёр фронт дээр нэгэн зэрэг дайн өрнөх бодит аюул заналхийлэлтэй нүүр тулгарсны улмаас гарын үсэг зурсан ба энэ үед Халхын гол дээр аль хэдийнээ Японтой ширүүн тулалдаж байсан бол өрнөдөд Германтай тулгарах эрсдэл өндөр байлаа.

Сталин ба түүний тойрон хүрээлэгчид маш олон шалтгаанаар шударга буруутгагдах ёстой. Бид уг дэглэм нь өөрийн ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн, аймшигт их хэлмэгдүүлэлтийг явуулсан гэдгийг санаж байна. Зөвлөлтийн удирдагчдыг олон янзаар зэмлэж болно гэдгийг давтан сануулаад, тэгэхдээ тэднийг гаднын аюул заналхийллийн мөн чанарыг ойлгоогүй гэдэгт буруутгаж болохгүй гэдгийг хэлье. Тэд Зөвлөлт Холбоот Улсыг Герман болон түүний холбоотнуудын эсрэг ганцааранг нь орхихыг хичээн оролдож байгааг тод томруун ойлгож, энэхүү бодит аюулыг хүлээн зөвшөөрсний улмаас улс орноо батлан хамгаалахад шаардлагатай, үнэ цэнэтэй цаг хугацааг хожихын тулд энэхүү үйлдлийг хийсэн байдаг.

Тухайн үед байгуулсан Харилцан үл довтлох тухай гэрээний тухай орчин үед их ярих болсон ба ингэхдээ өнөөгийн Орос Улсад маш их нэхэмжлэл гаргаж байна. Тийм ээ, ОХУ нь ЗХУ-ын залгамжлагч бөгөөд асар их ололт амжилт, эмгэнэлт үйл явдлуудаар баялаг байсан Зөвлөлтийн үе нь манай олон мянган жилийн түүхийн салшгүй хэсэг юм. Гэхдээ Зөвлөлт Холбоот Улс нь Молотов-Риббентропын пакт хэмээгдэх баримт бичигт хууль эрхзүйн болон ёс суртахууны үнэлгээ өгч байсныг мөн сануулъя. Дээд Зөвлөлийн 1989 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор нууц протоколуудыг «Зөвлөлтийн ард түмний хүсэл зоригийг» огт тусгаагүй учир «хувийн эрх мэдлийн үйлдэл» хэмээн албан ёсоор буруушааж, ард түмэн «энэхүү хуйвалдааны хариуцлагыг хүлээхгүй» гэжээ.

Үүний зэрэгцээ бусад улс орнууд нь нацистын болон барууны улс төрчдийн гарын үсэг зураастай бусад гэрээ хэлэлцээрүүдийн талаар эргэн дурсахгүй байхыг илүүд үздэг. Энд ийм хамтын ажиллагааны эрх зүйн болон улс төрийн үнэлгээг, мөн нацистуудын зэрлэг төлөвлөгөөнүүдийг Европын зарим удирдагчид чимээгүй зөвшөөрч, зарим нь бүр илэн далангүй дэмжиж байсныг дурдалгүй өнгөрье. Тухайлбал, 1938 оны есдүгээр сарын 20-ны өдөр Гитлертэй хийсэн ярилцаа хэлэлцээний үеэр Герман дахь Польшийн элчин сайд Ю.Липский: «… Еврейчүүдийн асуудлыг шийдсэнийх нь төлөө бид [польшууд] түүнд… Варшав хотноо үзэсгэлэнт хөшөө босгоно» хэмээн цочирдом үг хэлснийг юу гэх вэ?

Түүнчлэн бид хэд хэдэн улс орнуудын нацистуудтай хийсэн гэрээнүүдийн аливаа «нууц протокол», хавсралтууд байгаа эсэхийн талаар мэдэхгүй. Тэдний «хэлсэн үгэнд итгэх»-ээс өөр арга алга даа. Гэвч одоог хүртэл Англи-Германы нууц хэлэлцээнүүдийн материалууд задраагүй байгаа. Тиймээс бид бүх улс орнуудыг архивын материалуудаа нээж, дайны өмнөх болох дараах үеийн тухай урьд өмнө нь мэдэгдээгүй байсан баримт бичгүүдийг нийтлэх ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна. Орос Улс сүүлийн жилүүдэд уг ажлыг маш эрчимтэй хийж байгаа шиг. Бид өргөн хүрээний хамтын ажиллагаа, эрдэмтэн түүхчдийн судалгааны хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна.

За гэвч Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнөх үйл явдлуудад эргэн анхаарлаа хандуулъя. Чехословакийг «залгисныхаа» дараа Гитлер газар нутгийн зарга дахин дэгдээхгүй гэдэгт итгэх нь хэтэрхий гэнэн биз ээ. Энэ удаад саяхан Чехословакийг хуйвалдан «залгисан» түнш болох Польштойгоо заргалдав. Ташрамд дурдахад, энэ удаад бас нэгэн «Версалийн өв»-ийг шалтаг болгов. Энд «Данцигийн коридор» хэмээх газар нутгийн хувь заяаны тухай ярьж байв. Үүнээс хойш өрнөсөн Польшийн эмгэнэл нь барууны түншүүдийн тусламжид найдан Англи-Франц-Зөвлөлтийн цэргийн холбоотны гэрээнд саад болсноороо ард иргэдээ нацистын «махны машин»-д хаясан тэр үеийн Польшийн удирдагчдын буруу юм.

Германы довтолгооны ажиллагаа нь «Блицкриг» номлолын дагуу явагдав. Германы цэргүүд Польшийн армийн баатарлаг ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан боловч дайн эхэлснээс долоохон хоногийн дараа буюу 1939 оны есдүгээр сарын 8-нд Варшавын ойролцоо ирэв. Гэтэл Польшийн цэргийн болон улс төрийн дээд давхаргынхан түрэмгийлэгчидтэй үргэлжлүүлэн тэмцсээр байсан ард түмнээсээ урван, есдүгээр сарын 17-нд Румын руу зугтжээ.

Барууны холбоотнууд нь Польшийн итгэл найдварыг хөсөр хаяв. Германд дайн зарласныхаа дараа Францын цэргүүд Германы нутаг дэвсгэрийн гүнд хэдхэн арван км орсон ба энэ нь идэвхтэй үйлдэл гэхээсээ илүү дүр эсгэсэн мэт харагдаж байв. Түүгээр үл барам 1939 оны есдүгээр сарын 12-нд Францын Абвил хотод анх удаа хуралдсан Англи, Францын Цэргийн дээд зөвлөл Польш дахь үйл явдлууд хэт хурдацтай өрнөж байгаа тул давшилтаа бүрэн зогсоохоор шийдвэрлэжээ. Ийнхүү мөнөөх алдартай «хачин дайн» гэгч нь эхлэв. Энд Франц болон Англи нь Польшийн өмнө хүлээсэн үүргээсээ шууд ухарч, түүнээс урвасан хэрэг явдал болов.

Хожим нь Нюрнбергийн шүүх хурлын үеэр Германы генералууд дорно зүгт гаргасан дайны амжилтаа тайлбарлаж байлаа. Тухайлбал, Германы Зэвсэгт хүчний Ерөнхий командлалын оперативын удирдлагын штабын дарга асан генерал А.Йодль: «…Польштой дэгдээсэн дайны үеэр манай 23 дивизийн эсрэг Франц, Английн 110 орчим дивизийн аливаа хөдөлгөөнгүй зогсож байсны ачаар бид 1939 онд аливаа ялагдал хүлээлгүйгээр урагшилсан» хэмээн хүлээн зөвшөөрсөн.

1939 оны 8, 9-р сарын ээдрээтэй тэр өдрүүдэд ЗХУ, Герман хоёрын хооронд хэзээ, ямар харилцаа холбоо тогтоож байсантай холбоотой бүх төрлийн материалыг архиваас надад гаргаж өгөхийг хүслээ. Энэхүү баримт бичгүүдийн дагуу 1939 оны наймдугаар сарын 23-ны өдөр Зөвлөлт, Германы хооронд байгуулсан харилцан үл довтлох тухай гэрээний нууц протоколын 2-р заалтад Польшийн бүрэлдэхүүнд багтаж буй бүс нутгийг улс төрийн хувьд өөрчлөн зохион байгуулах тохиолдолд хоёр улсын ашиг сонирхлын хүрээний хил хязгаар нь «ойролцоогоор Нарева, Висла болон Сана голуудын дагуу» явагдана гэж заажээ. Өөрөөр хэлбэл Зөвлөлтийн нөлөөнд ихэнхдээ украин болон беларусь хүн ам оршин амьдардаг газар нутаг төдийгүй Буг, Виса голуудын хооронд байрлах түүхэн Польшийн газар нутгууд багтсан байна. Өдгөө энэ тухай тэр болгон мэддэггүй.

Мөн 1939 оны есдүгээр сарын эхний өдрүүдэд Польш руу дайрсныхаа дараахан Берлин Москваг тууштай, удаа дараа тэдний байлдааны ажиллагаанд нэгдэхийг уриалж байсан тухай ч хүн бүр мэдэхгүй. Гэсэн хэдий ч Зөвлөлтийн удирдлага ийнхүү уриаг нь үл ойшоон, сүүлийн мөч хүртэл өрнөж буй гашуун үйл явдлуудад оролцохыг хүсэхгүй байсан.

Зөвхөн Их Британи болон Франц нь холбоотондоо туслах эрмэлзэлгүй байгаа нь эцэслэн илт болж, Вермахт Польшийг маш богино хугацаанд бүхэлд нь эзэлж, Минскт хэтэрхий ойртох нь тодорхой болсны дараа буюу есдүгээр сарын 17-ны өглөө Улаан армийн анги нэгтгэлүүдийг «Зүүн кресы» хэмээх газар нутаг руу (өдгөө Беларусь, Украин, Литва улсуудын нутаг дэвсгэрийн хэсэг) оруулахаар шийдвэрлэсэн.

Өөр сонголт үлдээгүй нь энд харагдаж байна. Яагаад гэвэл эс тэгвээс ЗХУ-ын хувьд эрсдэл хэд дахин нэмэгдэх байлаа. Дахин сануулахад, Зөвлөлт-Польшийн хуучин хил Минскээс хэдхэн арван км-ийн зайд байсан ба ийнхүү тохиолдолд нацистуудтай зайлшгүй хийх дайн нь манай улсын хувьд туйлын тохиромжгүй стратегийн байр сууриас эхлэх байлаа. Үүний хажуугаар Брест, Гродно, Перемышль, Львов, Вильно ба бусад хот суурин газруудад амьдарч байсан еврейчүүд болон бусад үндэс угсааны сая сая хүмүүсийг нацистууд болон тэдний орон нутгийн хамсаатнууд болох антисемит болон радикал үндсэрхэг үзэлтнүүд хядан устгах байлаа.

Зөвлөлт Холбоот Улс нь эцсийн мөч хүртэл зөрчилдөөнөөс зайлсхийхийг хичээж, Германы талд тоглохыг хүсэхгүй байснаас Зөвлөлт, Германы цэргүүдийн бодит мөргөлдөөн нь нууц протоколд заасан газар нутгаас нэлээд зүүн нутагт болсон байдаг. Висла голын дагуу биш, харин 1919 онд Антантагийн зүгээс Польшийн зүүн хил хэмээн зөвлөсөн «Керзоны шугам» хэмээх газар нутгийн ойролцоо болсон.

Нэгэнт болоод өнгөрсөн явдлуудыг «ингэсэн бол, тэгсэн бол» гэж эргэцүүлэх нь нэмэргүй ч 1939 оны есдүгээр сард Зөвлөлтийн удирдлага ЗХУ-ын баруун хилийг Варшав хүртэл баруун тийш сунган татах боломжтой байсан ч тэгээгүй гэдгийг л сануулъя.

Германчууд шинэ статус-квог батлахыг санал болгов. 1939 оны есдүгээр сарын 28-ны өдөр Москва хотноо И.Риббентроп болон В.Молотов нар ЗХУ, Германы хооронд Найрамдал, хилийн тухай гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны цэргийн хүчин де-факто зогсож байсан тусгаарлах шугамыг хүлээн зөвшөөрч, улсын хилийг өөрчлөх тухай нууц протоколыг байгуулав.

1939 оны намар Зөвлөлт Холбоот Улс нь өөрийн цэрэг стратегийн болон батлан хамгаалах асуудлаа шийдвэрлэж байхдаа Латви, Литва, Эстони улсуудыг нэгтгэх явцыг эхлүүлэв. Тэд сонгуулийн үр дүнд байгуулагдсан төр засгийнхаа зөвшөөрлөөр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд гэрээний үндсэн дээр нэгдэн орсон. Энэхүү үйл явц нь тухайн үеийн олон улсын болон улс орны хууль тогтоомжид нийцэж байв. Нэмж дурдахад, 1939 оны аравдугаар сард урьд өмнө нь Польшийн хэсэг болоод байсан Вилно хот ба түүний эргэн тойрны газар нутгийг Литвад буцаан өгсөн байдаг. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа Балтын бүгд найрамдах улсууд нь төр засаг, төрөлх хэлээ хадгалан үлдэж, Зөвлөлтийн төрийн дээд тогтолцоонд өөрийн гэсэн төлөөлөлтэй байв.

Энэ хэдэн сарын турш бусдын хараанд өртөхгүй ч цэрэг-улс төрийн болон дипломатын тэмцэл, тагнуулын ажил зогссонгүй. Москва маш хүчирхэг, харгис дайсантай тулгарснаа, нацизмтай хийх далд дайн нь аль хэдийнээ эхэлснийг ойлгож байв. Тиймээс тэр үеийн албан ёсны мэдэгдэл, протоколын тэмдэглэл зэргийг ЗХУ, Герман хоорондын «найрамдалт харилцааны» нотолгоо гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. ЗХУ нь зөвхөн Германтай бус мөн бусад улс орнуудтай ч идэвхтэй худалдаа, техникийн харилцаа холбоог хөгжүүлж байсан. Үүний зэрэгцээ Гитлер ЗСБНХУ-ыг Их Британитай өрнүүлж буй сөргөлдөөндөө татан оролцуулахыг удаа дараа оролдож байсан ч Зөвлөлтийн удирдлага түүний ятгалгад автаагүй.

Гитлер Зөвлөлт Холбоот Улсыг хамтын ажиллагаанд татан оролцуулах эцсийн оролдлогоо 1940 оны нэгдүгээр сард Молотовын Берлинд хийсэн айлчлалын үеэр хийжээ. Гэвч Молотов 1940 оны есдүгээр сард гарын үсэг зурсан Герман, Итали, Японы байгуулсан гурван талт буюу Их Британи, АНУ-ын эсрэг чиглэгдсэн пактад ЗХУ нэгдэх тухай германчуудын санаа бодлын талаар ерөнхий үгсийг хэлж, Сталины зааврыг ягштал даган биелүүлжээ. арваннэгдүгээр сарын 17-нд Молотов Лондонд сууж байсан Зөвлөлтийн элчин И.Майскийг зааварлаж байхдаа: «Берлинд ямар ч гэрээ байгуулагдаагүй бөгөөд аливаа гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөө байгаагүйг танд хэлэвээс та цаашдын чиглэлээ тодорхойлоход тань хялбар болох болов уу… Берлин дэх уулзалт нь талууд санал бодлоо солилцсоноор хязгаарлагдсан… Германчууд япончуудын адил бидний анхаарлыг Персийн булан болон Энэтхэгийн зүг чиглүүлэхийг ихэд хүсэж байсан бололтой. Гэвч бид Германы талаас иймэрхүү зөвлөмжийг өгөх нь зохисгүй хэмээн үзэж, уг асуудлыг хэлэлцэхээс татгалзлаа» гэж байжээ. Харин арваннэгдүгээр сарын 25-нд Зөвлөлтийн удирдлага Берлинд цэргээ Финландаас гаргах, ЗХУ болон Болгарын хооронд харилцан туслалцах гэрээ байгуулах, мөн бусад нацистуудын хувьд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй нөхцөлүүдийг албан ёсоор дэвшүүлснээр энэхүү хэлэлцээнд цэг тавилаа. Ийнхүү Зөвлөлтийн тал Пактад нэгдэх аливаа боломжоо зориудаар таслав. Уг байр суурь нь ЗХУ-ын эсрэг дайн эхлүүлэх Фюрерийн санааг бататган бэхжүүлэв. Тиймээс тэрбээр тэр оныхоо 12-р сард «нэгэн зэрэг хоёр фронт дээр дайтах нь гамшиг мэт аюултай байх болно» гэсэн стратегчидийнхээ санамж анхааруулгуудыг хойш тавин, «Барбаросса» төлөвлөгөөг батлав. Гитлер Зөвлөлт Холбоот Улс нь Европт түүнтэй тулгараад буй гол хүч, харин зүүн зүгт болох тулаан нь дэлхийн дайны үр дүнг шийдэх болно гэдгийг ойлгосоор байж тэрхүү төлөвлөгөөгөө баталсан. Учир нь тэрбээр Москва руу чиглэсэн аян нь богино хугацааны буюу маш амжилттай болно гэдэгт бат итгэлтэй байв.

Тэр үед барууны орнууд нь Зөвлөлт Холбоот Улсын үйл ажиллагааг, мөн ЗХУ нь өөрийн аюулгүй байдлыг хангахыг хүсэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан гэдгийг энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тиймээс 1939 оны аравдугаар сарын 1-нд Британийн Далайн тээврийн яамны тэр үеийн тэргүүн В.Черчилль радиогоор дамжуулан мэдэгдэл хийж байхдаа: «Орос улс нь өөрийн ашиг сонирхлын үүднээс хүйтэн бодлого баримталж байна… Нацизмын аюулаас өөрийгөө хамгаалахын тулд Оросын арми нь уг шугам [шинэ баруун хил] дээр зогсох шаардлагатай нь илт байна» гэжээ. Харин 1939 оны аравдугаар сарын 4-ний өдөр Их Британийн Гадаад хэргийн сайд Э.Халифакс: «Версалийн бага хурлын үеэр Лорд Керзоны зөвлөж байсан шугам руу хилээ татсанаар үндсэндээ Зөвлөлтийн засгийн газрын үйл ажиллагаа нь хязгаарлагдсан гэдгийг сануулах хэрэгтэй… Энд би зөвхөн түүхэн баримтуудаас иш татаж байгаа ба эдгээр баримтууд нь маргаангүй гэдэгт итгэж байна» гэж байлаа. Түүнчлэн Их Британийн нэрт улс төрч, төрийн зүтгэлтэн Д.Ллойд-Жорж: «Оросын арми Польшийн биш боловч Дэлхийн нэгдүгээр дайны дараа Польш өөртөө хүчээр нэгтгээд байсан газар нутгийг эзлэн авчээ… Оросын урагшлалтыг германчуудын давшилттай адилтгах нь ухамсаргүй болоод гэмт үйлдэл болно» хэмээн цохон тэмдэглэж байв.

Харин Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч И.Майскийтэй хийсэн албан бус хэлэлцээний үеэрээ Английн өндөр, дээд албан тушаалтай улс төрчид болон дипломатчид илүү илэн далангүй ярьдаг байлаа. Тухайлбал, Их Британийн Гадаад хэргийн дэд сайд Р.Батлер 1939 оны аравдугаар сарын 17-ны өдөр: «… Их Британийн төр засгийн хүрээнд Баруун Украин, Беларусь улсуудыг Польшид буцааж өгөх тухай асуудлыг хэн ч хөндөхгүй. Зөвхөн ЗХУ болон Германы төдийгүй Англи, Францын баталгаатайгаар Польш хэмээх улсыг угсаатных нь, этнографийнх нь хэмжээнд хязгаарлан эгэл жирийн улс болгон байгуулбаас Британийн засгийн газар хангалттай сэтгэл хангалуун байх болно» гэж байлаа. Харин 1939 оны аравдугаар сарын 27-ны өдөр Н.Чемберлений ахлах зөвлөх Г.Вильсон: «Польш улс нь… угсаатны зүйн үндэс суурин дээрээ тулгуурлан бие даасан улс болон сэргээгдэх ёстой. Тэгэхдээ Баруун Украин болон Беларусьгүйгээр» хэмээжээ.

Ийнхүү яриа хэлэлцээний үеэр Зөвлөлт-Британийн харилцааг сайжруулах хөрсийг тандаж байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй ба эдгээр ярилцаа хэлэлцээнүүд нь Гитлерийн эсрэг ирээдүйн эвслийн үндэс суурийг тавьсан юм. Хариуцлагатай, алсын хараатай улс төрчдийн дунд У.Черчилль ялгаран тодорч байсан бөгөөд тэрээр ЗСБНХУ-д дургүйгээрээ нэлээд алдаршсан байсан боловч түүнтэй хамтран ажиллахыг дэмжиж байсан. Тэрээр 1939 оны тавдугаар сард Төрийн ордонд: «Түрэмгийллийн эсрэг аугаа эвслийг эс байгуулж чадваас бид үхлийн аюулд өртөнө. Зөвлөлт Орос улстай хөгжүүлэх жам ёсны хамтын ажиллагаанаас татгалзваас хамгийн том тэнэглэл болно» хэмээн мэдэгджээ. Харин 1939 оны 10-р сарын 6-нд буюу Европт байлдааны ажиллагаа эхэлсний дараа тэрээр И.Майскийтэй уулзаж байхдаа: «…Их Британи ба ЗСБНХУ-ын хооронд ноцтой зөрчилдөөн байхгүй тул бидний харилцаа хурцадмал, сэтгэл ханамжгүй байх үндэслэл байхгүй. Британийн засгийн газар… худалдааны харилцааг… хөгжүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн харилцаагаа сайжруулахад тус дөхөм болох бусад зүйл, арга хэмжээнүүдийг хэлэлцэхэд бэлэн байх болно» хэмээн итгэмжлэн ярьжээ.

Эх сурвалж: kremlin.ru

Үргэлжлэл бий…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж