Хонгконгийн иргэдэд Их Британи ээлтэй хандан, иргэншил олгоод эхэлбэл зүгээр хараад суухгүй гэдгээ Бээжин илэрхийлжээ. БНХАУ ийнхүү хүчтэй эсэргүүцээгүй бол Их Британид бодож, төлөвлөсөн зүйл их байсан юм.
Ерөнхий сайд Борис Жонсон "БНХАУ маргаан дагуулсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиа хэрэгжүүлж эхэлбэл хонгконгчуудад Британийн паспорт олгож эхэлнэ" хэмээн энэ долоо хоногт мэдэгджээ.
Хонгконгчуудын одоогийн паспортоор Их Британид визгүйгээр зургаан сар хүртэл байх боломжтой юм. Гэхдээ Их Британи хуулиа бага зэрэг өөрчилбөл хонгконгчууд 12 сар хүртэл визгүй зорчиж, цаашлаад иргэншил хүсэхэд саадгүй болох билээ.
Харин өчигдөр/2020.07.02/ БНХАУ-ын дипломатч нар Борис Жонсны амлалтад эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлж, дээрх төлөвлөгөө нь Лондоны Бээжинтэй хийсэн хэлэлцээрийг зөрчсөн зүйл болно хэмээн тайлбарлажээ.
Их Британи өмнө нь “Хонгконгод суугаа Хятад иргэдийн оршин суух эрхийг хөндөхгүй” хэмээн хэлж байсныг Лондон дахь БНХАУ-ын элчин сайдын яам сануулаад хонгконгчууд нийтээрээ Их Британийн иргэн болох боломжтой болбол энэ нь Их Британийн өөрийн байр суурь, амлалт, олон улсын хууль, үндсэн хэм хэмжээг зөрчиж буй асуудал хэмээн тайлбарласан байна. Мөн Их Британийн амлалтыг эсэргүүцэж, холбогдох арга хэмжээ авах нөөц төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Элчин сайд Лю Шиаомин Хонгконгийг буцаан авах үеийн тунхаглалд Их Британи хуучин колоныхоо хэрэгт оролцох, хяналт тавих эрхийн талаар байхгүй гэдгийг онцлоод Хонгконг Хятадын мэдэлд ирснээс хойш гадны ямар нэг хүч хөндлөнгөөс оролцох эрхгүй бөгөөд колончлолын үе аль эрт дууссан хэмээн жиргэжээ.
Харин Их Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб Британийн зүгээс БНХАУ-ыг зөвшөөрүүлэх боломж байгаа бөгөөд үүний тулд “дипломат хөшүүрэг” ашиглана хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT.COM