Хятадын Коммунист нам Лхагва гаригт 99 жилийн ойгоо тэмдэглэжээ. Энэ өдөр Коммунист намын эрхлэн гаргадаг “People’s Daily” сонинд бичихдээ шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлыг дотооддоо дарж чадсан нь удирдлага, социалист системийн зөв гэдгийг баталлаа хэмээжээ. Түүнчлэн Ши Жиньпин тэргүүтэй намын шиймдэмгий удирдлага дор Хятад улс нь цар тахлын эсрэг бүх ард түмний хүчийг нэгтгэн тулалдаж, хүнд хохирол амссан ч агуу стратегийн ачаар ялалтад хүрсэн хэмээн тус сонинд магтан дуулсан байна.
Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан шинэ коронавирусийн халдвараар дэлхий дахинаа 10 сая гаруй хүн халдварлаж, хагас сая гаруй хүн амь үрэгдээд байна.
Үүнээс гадна Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин нь Шанхайн Фудан их сургуулийн идэвхтнүүдэд хандан намын даалгаврыг биелүүлэхэд туслахыг уриалжээ. Намын даалгавар нь үндсэн хоёр чиглэлтэй. Тухайлбал, Хятадыг энэ оны сүүл гэхэд “цогц, чинээлэг нийгэм” болгох, мөн 2050 он гэхэд “хүчирхэг социалист орон” болгох чиглэлийг Коммунист нам дэвшүүлжээ. Мөн Хятадын Коммунист намын улс төрийн хорооны гишүүдийг намын бүтцийн ажил болон түүхийг судлахыг шаарджээ.
Хятадын Коммунист нам нь 1921 оны долдугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд өдгөө 91.9 сая гишүүнтэй дэлхийн томоохон намуудын нэг болжээ.
Эх сурвалж: South China Morning Post
Холбоотой мэдээ