Аялал зугаалгын улирал эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн урсгал хөдөлгөөн нэмэгдэж байна. Иргэдийн хувьд гол нуурын эргээр зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газар сэрэмжлүүлж буй. Тус газарт өчигдөр /2020.07.02/ бүртгэгдсэн ослын дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Халхын гол гэдэг газарт гурван настай, эрэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. Хүү долдугаар сарын 2-ны өдрийн 14.00 цагийн орчим Халхын голын эрэг дээр сууж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг өдрийн 14.10 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сум дундын эмнэлгийн эмч, орон нутгийн иргэд Халхын голоос хойд зүгт найман км тойрогт голын эрэг дагуу явганаар болон завьтай самналт хийж, тогтоол ус болон голын эрэг дагуу агаараас нисдэг төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Гэвч орой болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул долдугаар сарын 3-нд 06.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн Их булаг гэдэг газар өчигдөр /2020.07.02/ аадар бороо орсны улмаас зорчигчтой автомашин үерт урсчээ. Энэ тухай дуудлага мэдээлэл долдугаар сарын 2-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсны дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, 17.00 цагийн орчим уруйн үерт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд Баянхонгор аймгийн харьяат иргэн Н-ийн жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ урсаж байна. Онцгойгийн алба хаагчид 10 км замыг туулан 18.35 цагт очиж, автомашиныг гурван хүний хамт татаж гаргажээ.
Мөн тус газарт Арвайхээр сумаас Сант сумын чиглэлд иргэн М-ийн жолоодож явсан “Портер” загварын автомашин үерийн улмаас замын хажуу руу орж унажээ. Дуудлагын дагуу алба хаагчид автомашиныг хоёр хүний хамт татаж гаргасан байна.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сэргэлэн багийн борооны ус барилгын зоорийн давхарт орж барилгын хийц бүтээц эвдэрсэн тухай мэдээллийг долдугаар сарын 2-ны өдрийн 10:39 цагт ирүүлжээ.
Хоёр давхар цэцэрлэгийн барилга долдугаар сарын 1-ний өдрийн 15:30-16:30 цагийн хооронд орсон усархаг борооны улмаас барилгын суурь сууж, шал цөмрөн нэгдүгээр давхрын баруун, зүүн талын хана нь цуурсан байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 18А байрны хоёрдугаар орцны дөрвөн давхрын 12 тоотын тагтнаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус тоотын хаалгыг онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг оройн 23.49 цагт ирүүлсний дагуу долдугаар сарын 2-ны шөнийн 00:02 цагт очиж, байрны тагтаар орж хаалгыг онгойлгон хүлээлгэн өгчээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ