“Монгол шуудан” хувьцаат компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр нээж “Цан” цохилоо.
Улсын их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монгол шуудан” хувьцаат компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд нээлттэйгээр хувьчилсан байна. Тус компанийн 34 хувийг хувьчилснаар 6.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, уг хөрөнгөөр автозамын логистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр болжээ. “Монгол шуудан”-гийн хувьцааг нээлттэй худалдсанаар хөрөнгө оруулагчдаас нийт 12.6 тэрбум төгрөгийн хувьцааг худалдан авах захиалга ирсэн байна. Энэ нь монголчууд олон нийт төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол их байгааг харуулсан явдал юм.
Хөрөнгийн биржээр арилжаалж буй Засгийн газрын бондын хэмжээ 14.3 хувиар өсчээ. Харин өнөөдөр таван тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдэж байгаа юм байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа Хөрөнгийн биржид ийнхүү арилжаалагдсан. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж Монголын ипотекийн корпораци 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалж чадсан гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа онцлон хэллээ. Ингэхдээ шинэ оны эхэнд хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман компанийн анхных нь “Монгол шуудан” компани болж, цахиур хагалан арилжаагаа нээжээ.
Ийнхүү төрийн өмчит компаниуд хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлагдсанаар, иргэн бүр төрийн өмийн хувьчлалд эрх тэгш оролцож, ашиг хүртэх боломжтойг хөрөнгийн шинжээчид онцолж байна. Энэ удаа олон нийтэд санал болгосон “Монгол шуудан” хувьцаат компанийн нэгж бүр нь 185 төгрөгийн доод үнэтэй байсан юм.
Нэг хэсэг зогсонги байдалд орсон Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхтэй сэргэж, олонд хүртээлтэй арилжаа амжилттай явагдаж буйг салбарынхан нь тодотголоо. Тухайлбал 2014 оны сүүлд хөрөнгийн биржээр нийт 36 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдэж байсан бол 2015 оны төгсгөлд нийт 515 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондын арилжаа хөрөнгийн биржээр хийгдсэн байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД