“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2016.01.08/ “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20,0 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 

2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгийг 2016 оны 01 дүгээр сараас эхлэн 1-17 дугаар бүлгийн өрхийн хүүхдэд олгоход 601.1 мянган хүүхэд буюу одоо хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдийн 58.2 хувь нь авч, өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлгийн өрхийн 128,795 хүүхэд болон амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй өрхийн 297,475 хүүхэд буюу нийт 426.3 мянган хүүхэд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүүхдийн мөнгө авахааргүй болж байгаа аж.

Иймд эдгээр өрхөөс 18-20 дугаар бүлэгт багтсан 128.8 мянган хүүхэд болон судалгаанд хамрагдаагүй 297.5 мянган хүүхдийн 30 хувь буюу 87.3 мянга, нийт 216.1 мянган хүүхэд дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргах магадлалтай байгаа юм байна. Хүсэлт гаргах магадлалыг 50 хувь гэж тооцвол улсын хэмжээнд 89,512 орчим өрхийн 108.0 мянга орчим хүүхдэд дахин үнэлгээ хийх төлөвтэй байна. Уг ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад Халамжийн сангийн хэмнэгдэж байгаа хөрөнгөөс 993.9 сая төгрөг зарцуулахаар Засгийн газрын 2015 оны 490 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Цаашид эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

Тогтоолын төсөл нь 2 заалттай бөгөөд 1 дэх заалтад “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолын 2 дахь заалтын “1-17 дугаар бүлгийн” гэснийг хасахаар, 2 дахь заалтад уг тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заажээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж