Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийг гацаанаас гаргах хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.01.08/ Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар өргөн мэдүүлэв. 

Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим үзэл баримтлалд нийцүүлэн 2002 онд Иргэний хуулийг баталж эд хөрөнгийн барьцааны нийтлэг зохицуулалт, тэр дундаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны зохицуулалтыг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгө буюу ипотекийн зүйлийг барьцаалах замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлж эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал хөшүүрэг болдог.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгогдож байна. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн бөгөөд гол төлөв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг бүрдүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасны үндэслэн өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийх тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагын дагуу Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 27 гишүүн санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлэхдээ, энэхүү хуулийн төслийн талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг, ИЗНН-ын төлөөлөл зөвшилцөн, санал нэгдэж, санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлж байна гэсэн юм. Мөн тэрээр "8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно" гэдгийг хэлж байлаа. 

Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжилж, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй байх, банкны зээл олгогдож, зээлийн санхүүжилтээр явагдаж буй бага хүү /8%/-тэй,  урт хугацаа бүхий Засгийн газрын “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагууд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгосноор зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэх, түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон бизнест бодитой дэмжлэг үзүүлэх зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн эерэг үр дагавартай хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзжээ

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж