Франц бүсгүй монгол үндэсний бүжгийг чадварлаг бүжиглэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Түүнийг Мари-Од Равет гэдэг. Тэрбээр Францын Турс хотод амьдардаг аж. Монголын үндэсний урлагийг дэлхийн дахинаа түгээн дэлгэрүүлж байгаа бүсгүйтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Мари-Од Равет гэдэг. Би Франц улсад төрж өссөн. Францын маш үзэсгэлэнтэй хуучин хот болох Турс хотод амьдардаг.
–Монгол үндэсний бүжгийг тун чадварлаг бүжиглэж буй бичлэгийг тань үзлээ. Анх хэдэн онд биелгээ хийж сурсан юм бэ?
-Маш их баярлалаа. Би Монголд анх удаа 2012 онд ирэх үеэр монгол бүжиг сурч эхэлсэн. Анх монгол үндэсний бүжгийг сурахад амаргүй байсан. Монголд ирэхээсээ өмнө бий биелгээний талаар огт мэддэггүй байлаа.
-Та бүжигчин мэргэжилтэй юу?
-Тийм ээ. Би бүжигчин хүн. Анх 2011 оноос хойш олон хүмүүстэй танилцаж, тэдний ахуй амьдрал бас үндэсний бүжгийг олж мэдэхийн тулд олон орноор аялсан. Би Францад өөрийн сурсан үндэсний бүжгээ хүмүүст зааж сургадаг. Одоогоор би дэлхийн 33 орноор аялж, үндэсний уламжлалт 10 бүжиг бүжиглэж сурсан.
–Дэлхийн 10 үндэстний уламжлалт бүжиг бүжиглэдэг гэлээ. Тэр дундаас монгол үндэсний бүжгийн онцлог нь юу вэ?
-Миний бодлоор нүүдэлчдийн амьдралтай дотно холбоо байдаг тул монгол бүжиг илүү онцгой санагдсан. Тийм учраас Франц хүүхдүүд монгол бүжгийг надтай хамт сурах дуртай байдаг. Анх бий биелгээ сурахад мөрний хөдөлгөөнийг зөв хийх нь маш хэцүү байсан. Тэгээд би монгол морин дээр мордож, бүжигчдийн мөрний хөдөлгөөний утга учрыг ойлгохыг хичээсэн. Эцэст нь би энэ хөдөлгөөнөө сурч чадсандаа маш их баяртай байна.
-Монголд сүүлд хэдэн онд ирж байв?
-Би Монголд хамгийн сүүлд 2017 онд очсон. Би Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжээр аялсан. Тэрнээс өмнө 2012 онд Завхан аймгийг зорьж, очиж байлаа.
-Монгол орны юу нь танд сайхан сэтгэгдэл үлдээж чадсан бэ?
-Мэдээж ан амьтад, эцэс төгсгөлгүй уудам тал нутаг гэж хэлнэ. Монголд анх ирэхдээ хүмүүсээс бага зэрэг айж байсан. Гэхдээ би тэдний хүндэтгэл, нөхөрлөлийг олж авах ёстой гэдгийг ойлгосон. Би Монголд чин сэтгэлийн найз нөхөдтэй болсондоо бахархаж байна.
-Монгол бүжгийн үндэсний дээл хувцастай юм билээ. Худалдаж авсан уу?
-Миний анхны монгол бүжгийн багш бол нэртэй бүжиг дэглээч Д.Энхгэрэл юм. Багш маань надад бүжгийн дээл хувцас бэлэглэсэн. Би энэ дээлээ Европт байнга өмсдөг. Мөн багш намайг Францад монгол бүжгийн соёлыг дэлгэрүүлж, хөгжүүлэхийг хүссэн. Mөн миний найз Чукагийн ээж надад хэд хэдэн бүжгийн хувцас урлаж өгсөн. Монголд аялал жуулчлалын томоохон агентлагтай Чука найз минь надад их тусалсан. Тиймээс би Европт монгол бүжгийг таниулах амлалтаа биелүүлж явна.
-Бүжиг сурахын тулд фургон машинаар Ховд аймаг хүртэл аялсан гэж дуулсан. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Би Завхан аймаг руу автобусаар 30 цагийн турш явсан. Энэ бол үнэхээр гайхалтай аялал байсан. Би автобусанд суусан цорын ганц европ эмэгтэй байсан. Тэр үед хүмүүс надад маш их анхаарал тавьж байсан.
-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?
-Би Турс хотод аав, ээж, охин дүүтэйгээ амьдардаг. Бас бяцхан мууртай.
Францын Турс хотод анхны Монгол зоогийн газар нээгдэж нээлтэнд оролцсон Франц бүсгүй Монгол үндэсний бүжгийг тун чадварлаг хийж байна. Бүжиг сурахын тулд фургон машинаар Ховд аймаг хүртэл аялжээ. Монголын соёл, урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа энэ бүсгүйг хүндлэх сэтгэл аяндаа төрж байх юм.
Posted by Bayarmagnai S Myangan on Wednesday, July 1, 2020
Холбоотой мэдээ