Орчин цагийн хаант засаглал буюу путинизм

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Орчин цагийн хаант засаглал буюу путинизм

Орчин цагийн хаант засаглал буюу путинизм

ОХУ-ын ард иргэд зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний өдөр хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгад оролцож, уг санал асуулгын үр дүнг өчигдөр /2020.07.02/ олон нийтэд танилцуулав. Коронавируст цар тахалтай холбогдуулан санал хураах байранд олон хүн нэг дор цугларахаас зайлсхийх үүднээс санал хураалтыг ийнхүү олон хоног зохион байгуулсан юм.

Санал асуулгын дүнгээс харахад иргэдийн 78 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. Ингэснээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 83 нас хүртлээ буюу 2036 он хүртэл улсаа удирдах боломж бүрдэж байгаа юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацааг тэглэх тухай заалт орсон нь дээрх хардлагыг төрүүлж байгаа билээ.

Түүхэн дэх хамгийн олон жил төр барьсан тэргүүнүүдийн тоонд зүй ёсоор багтаад буй Путин нь өдгөө 20 гаруй жил Орос улсыг удирдаж байна. Хэрэв тэр 2024, 2030 оны сонгуулиудад дахин өрсөлдөж ялалт байгуулбал Зөвлөлтийн үеийн удирдагч Сталин, Хаант Оросын эзэн хаан Пётрийн амжилтыг эвдэн улсаа хамгийн удаан удирдсан удирдагч болох юм. Ямар нэг аргаар эрх мэдлээ хэвээр хадгалсаар байгаа түүний арга барилыг дэлхий дахинд путинизм хэмээн нэрлэж, Орос улсыг орчин цагийн хаант засаглалын жишээ хэмээн тодорхойлж байна.

Өдгөөгөөс 20 жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин улс төрийн туршлага бага, олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй, тухайн үед Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Владимир Путиныг Ерөнхий сайдаар томилсноор путинизм эхэлжээ.

Тэр цагаас хойш бүхэл бүтэн 20 жилийн дараа ч энэ улсыг нөгөөх л Путин удирдсаар байна гэж, тэр ч бүү хэл дэлхийн хэмжээний үйл хэргүүд түүний оролцоогүйгээр болохоо байна гэж тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз.

Дэвид Камерон Их Британийн Ерөнхий сайд байхдаа Их Британийг Европын холбоонд элсүүлэх талаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгыг бүх ард иргэдийнхээ дунд зохион байгуулж байв. Тэр үүнийг заавал ард иргэдээсээ асуух шаардлагагүй байсан. Энэ бол зүгээр л улс төрийн шахалт шаардлагаар тавигдсан тавилттай жүжиг байсан. Путины саяны алхам бол үүнтэй адил бэлгэ тэмдэг төдий санал асуулга байсан юм. Тэрбээр нэмэлт өөрчлөлтөөр Оросын ард иргэдэд “Тогтвортой байдал ба аюулгүй байдлыг” амлажээ. Үр дагавар, золиос нь юу байх нь хамаагүй тэр үүнийгээ биелүүлэхэд бэлэн байгаа гэж шинжээчид харж байна. Мөн уг нэмэлт өөрчлөлтөд Оросын хууль дүрэм журмыг олон улсын хэм хэмжээ, хууль дүрмээс дээгүүр тавьсан байгаа нь бусад том гүрнүүдэд таалагдахгүй нь лавтай.

Дэлхий дээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хязгаарласан үндсэн хуулийн заалтыг үгүй хийсэн цорын ганц улс нь ОХУ биш юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас гадна сүүлийн жилүүдэд Африкийн улсуудад ч ийм үзэгдэл ихээхэн ажиглагдах болжээ.

Путинээс өмнө олон арван төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хугацааг ямар нэгэн аргаар уртасгаж байв. Тэдний зарим нь өнөөг хүртэл улс орноо удирдаж байгаа бол зарим нь албан тушаалаа хашиж байхдаа хорвоог орхиж, заримыг хүчээр суудлаас нь буулгаж байжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг Дмитрий Медведевээр бамбай хийж төрийн жолоог атгасаар байсныг улс төр судлаачид Доминикан улсын удирдагч Рафаэл Трухильотой харьцуулдаг байна. Трухильо Ерөнхийлөгчийн суудлыг хоёр удаа хашсаныхаа дараа 1938 онд Хасинто Пейнадод эрх мэдлээ шилжүүлээд, 1942 онд өөрөө эргэн ирээд хоёр удаа сонгогдсон юм. Харин үүнийхээ дараа тэрбээр дүү Эктор Трухильод суудлаа шилжүүлж байв. Энэ бүх хугацаанд хөшигний ард улсаа удирдсаар байсан Рафаэл Трухильо 1961 онд цэргийнхний гарт амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Washington Post, The Diplomat, BBC, Today

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж