НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал хоёр өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргалаа.Шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Гэм буруутайд тооцсон дээрх дөрвөн шүүгдэгч нарт ял оноох шүүх хурлыг долдугаар сарын 6-нд 09.00 цагт хийхээр товлосон байна.
Шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хуралдааныг шүүгч Х.Идэр даргаллаа.
Халдашгүй байдлын дэд хороо: Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд халдсан
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал завсарлаад байна. Тун удахгүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах юм.
Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэжээ.
УИХ-Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг бол бүрэлдэхүүнд нь Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил гишүүн нар багтдаг юм.
Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал даваа гаригт үргэлжилнэ
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал завсарлаж, ирэх долоо хоногийн даваа гаригийн 09.00 цагт үргэлжлэхээр боллоо.
Н.Номтойбаярыг албан тушаалаа хэтрүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий компаниудад зээл олгосон асуудлаар шүүж буй юм. Тэдний гэм бурууг шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх долоо хоног руу шилжиж, гурван өдөр үргэлжлэх болж байна.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна
НЭМЭЛТ:
Завсарлагын хугацаа дууссан тул Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хуралдаан 15.00 цагийн орчимд эргэн орсон бөгөөд хурал үргэлжилж байна.
Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.
Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлав
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох шүүх хурал 20 гаруй минутын өмнө завсарлажээ. Шүүх хурал 14.30 цагаас үргэлжлэх юм байна.
Шүүх хурлын процессын тухай тодотговол улсын яллагч нар нотлох баримтыг шинжлэн судалж буй аж. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу, хагалгаанд орох шаардлагатай байгаа талаар өчигдөр өмгөөлөгч Д.Батсүх мэдэгдэж байв. Өнөөдрийн хувьд түүний бие гайгүй, шүүхийн эмч тухай бүрт үзэж буй юм байна.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал 14.30 цагаас үргэлжилнэ. Улсын яллагч нар шүүгдэгчдээс асуулт асууж байгаад шүүх хурал завсарлажээ.
Ж.Эрдэнэбатыг шүүх хурал үргэлжилж, Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал завсарлав
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд үргэлжилж байна.
Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан түр завсарлажээ.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал эхэлжээ
НЭМЭЛТ:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цаг өнгөрч байхад эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал эхэлсэн юм байна. Гэхдээ дээрх хоёр шүүх хуралд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нар өмгөөлөгчгүйгээр оролцож буй ажээ.
Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын шүүх хурал үргэлжилнэ
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.03/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд 09.00 цагаас үргэлжилнэ. Тус шүүх хурал өчигдөр эхэлсэн ч дуусаагүй юм.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй.
Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.
Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн иргэд шүүхийн байрны гадаа жагсаж, "Ард түмний сонголтыг хүндэтгэн, Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавиад буй.
Мөн шүүх хурал өчигдөр эхэлсэн даруйд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авч байгаа тул хэрэгтэй танилцах боломж олгох, шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэнд тааруу тул шүүх хуралдааныг хойшлуулах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авалгүй, үргэлжлүүлсэн юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албан тушаалаа хэтрүүлсэн үндэслэлээр буруутган шүүж буй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий компаниудад зээл олгосон үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүх хурал өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн бөгөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжилнэ.
Шүүх хурал өчигдөр эхлэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нь шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах шаардлага байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Гэвч шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг юм.
Өмнө нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах үүднээс шүүх хуралдаан 3 удаа хойшилж байсан тул шүүн таслан ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэн, хүсэлтийг нь хангаагүй байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ