ЭЕШ: 30 минутын өмнө шалгалтын байранд ирсэн байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

ЭЕШ: 30 минутын өмнө шалгалтын байранд ирсэн байхыг анхааруулав

ЭЕШ: 30 минутын өмнө шалгалтын байранд ирсэн байхыг анхааруулав

Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдрөөс /2020.07.02/ орон даяар 10:00 цагт Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ. Их дээд сургуульд элсэгчдийн шалгалтыг энэ жил цар тахлын үед зохион байгуулж байгаагаар онцлог. Улсын хэмжээнд 30 мянга орчим шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 27.999 нь ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 2903 нь  өмнөх оны төгсөгчид юм. Элсэгчид  шалгалтын байранд нэвтрэхдээ гараа ариутгаж, халуунаа хэмжүүлсний дараа тухайн шалгалтаа өгөх боломжтой. Иймд элсэгчдийг шалгалт өгөхөөс 30 минутын өмнө шалгалтын байран дээрээ ирэх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулсан ч шалгуулагчид  бичиг баримтаа дутуу бүрдүүлэх, хуваарьт цагаасаа хоцрох гэх зэрэг нийтлэг зөрчил гаргажээ. Тухайлбал, Нийслэлийн 23 дугаар сургууль дээр өчигдөр /2020.07.02/ хуваарийн дагуу 14:00 цагаас Англи хэлний шалгалт эхлэх тов гарсан ч зарим элсэгчид шалгалт эхлэхээс ердөө 5, 10 минутын өмнө яарч сандарсаар танхим руу орж буй дүр зураг нийтлэг харагдав. Иймд замын ачааллаа тооцож шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байран дээр ирсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байв.

ШАЛГАЛТЫН ТАНХИМД БАЙРШУУЛАХ КАМЕР ХУДАЛДАН АВАХ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН

Элсэлтийн ерөнхий шалгалтыг тойрсон асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн  дарга Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.

 -Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс/өчигдөр/ орон даяар эхлээд байна. Шалгалтын ирц хэр байна вэ?

-Монгол Улсын түүхийн хичээлээр 10:00 цагт орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж дүнгээ гаргалаа. Хичээлийн ирц улсын хэмжээнд 90 хувьтай байлаа. Одоогоор шалгалттай холбоотой асуудал гараагүй ч элсэгчид замын ачааллаа тооцож шалгалт эхлэхээс 30 минутын өмнө шалгалтын байран дээр ирсэн байхыг анхааруулъя. Бидний зүгээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс шалгуулагч бүрийн халууныг хэмжиж, гараа ариутгахыг зөвлөсний дараа бээлий өгч, хоорондын зай 1.5 метр байхаар шалгалтыг зохион байгуулж байна. Тухайлбал, Нийслэлийн 23 дугаар сургуулийн шалгалтын төв дээр элсэгчдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр  гурван хэсгээр нэвтрүүлэхээр зохион байгуулж байгаа юм. Нэвтрэх хэсгийг нарийвчлан зааж байгаа ч элсэгчдийн хувьд маш сайн мэдээлэлтэй байгаад талархаж байна.

-Элсэгчид шалгалтаа өгсөн даруйд дүнгээ сонсдог болсон. Монголын түүхийн хичээлийн дүн өмнөх жилийнхээс ямархуу үзүүлэлттэй гарав. Энэ жилийн хувьд коронавируст халдварын улмаас танхимын хичээл үндсэндээ зогссон шүү дээ?

-Монгол Улсын түүхийн хичээлийн дүн  өмнөх оныхтой адил дундаж үзүүлэлттэй байна.Мөн англи хэлний хичээлийг давхардсан тоогоор улсын хэмжээнд 20.300 шалгуулагч өглөө. Шалгалтын дүнг өмнөх онд шалгуулагчийн өмнө засч байсан бол энэ жил коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор  лайваар шууд дамжуулж байгаа юм. Ерөнхийдөө коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил сургалтын хөтөлбөр, элсэлтийн шалгалтын журманд өөрчлөлт орж  2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг аваагүй. Мөн монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг хассан зэргээр шалгалтын журмыг зөөлрүүлсэн тул шалгуулагчдын босго оноо муу гарахгүй болов уу.

-Хэрэв халуунтай шалгуулагч байвал тусгаарлах байранд шалгалтыг авах тухай өмнө нь мэдээлсэн. Ийм тохиолдол гарсан уу?

-Цар тахлын үед элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулж байгаа тул халуунтай шалгуулагч ирвэл тусгай өрөөнд хамгаалах хэрэгслийн хувцастайгаар шалгалт авна. Иймд шалгалтын төв бүрт тусгаарлах өрөө хоёрыг бэлдсэн. Тусгай өмсгөлтэй багш нараа ч бэлдсэн байна. Одоогоор халуунтай шалгуулагч бүртгэгдээгүй байна. Хэрэв 37 болон түүнээс дээш хэмийн халуунтай шалгуулагч ирвэл бид тусгаарлах шалгалтын танхим руу нэвтрүүлж бусад шалгуулагчтай ямар нэгэн харилцаанд оролцуулахгүй байх талаас нь анхаарч зохион байгуулж байна. Магадгүй тухайн хүүхдэд эмчийн дэмжлэг хэрэг болбол эмч үйлчлэхэд бэлэн байхаар бэлтгэл ажлаа хангасан. Шалгалтын төв бүрт эмч ажиллаж байгаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил хэдхэн хоногийн өмнө бүрэн хангагдаагүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлж байсан. Шалгалтын танхим бүрт камержуулалт хангалтгүй байгаа тухай мэдээлсэн. Одоо анги танхим бүр камертай юу?

– Бидний  хувьд богино хугацаанд камер худалдан авч суурилуулах боломж байгаагүй. Өмнө нь камертай өрөөнд шалгалт авах зайлшгүй шаардлагатай байсан бол энэ онд нэг ангид 12-оос илүү хүүхэд байлгахгүй ба хоорондын зай 1.5 метр байхаар зохион байгуулсан. Мөн хянагч багш байгаа тул зайлшгүй камер байх ёстой гэдэг шаардлага зөөлөрч байна гэлээ.

Өнөөдөр хими, газарзүй, нийгмийн ухааны шалгалтын хуваарьтай бол маргааш /2020.07.04/ биологи, математикийн хичээлийн шалгалттай. Мөн энэ сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтаар энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж