Сүүж ууланд зургаан гал бөхийн бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

Сүүж ууланд зургаан гал бөхийн бэлтгэлдээ гарчээ

Сүүж ууланд зургаан гал бөхийн бэлтгэлдээ гарчээ

Монгол түмний баяр цэнгэлийн манлай  үндэсний их баяр наадам болоход наймхан хоног үлджээ. Наадам дөхөхийн хэрээр морьдын уяа сойлго жигдэрч, сур харваачдын тавьсан сум чивчирч, хүчит бөхчүүдийн бяр тэнхээ ханаж байна.

News.mn вэб сайтын сурвалжлах баг энэ удаад Улаанбаатар хотоос 60 гаруй километрт, Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших Сүүж уул амралтын газрыг зорьж, наадмын бэлтгэлдээ гарсан бөхийн галуудаар зочиллоо.

Өнөө жил Сүүж уулын хормойд улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нараар ахлуулсан Ховд аймгийн “Ховд бөхийн дэвжээ”, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй Завхан аймгийн “Даян” дэвжээ, Б.Батгэрэл, Р.Лувсанпүрэв багш нар болон улсын начин Б.Эрдэнэхүүгээр ахлуулсан Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээ, улсын начин Ж.Оргилоор ахлуулсан Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хороо, улсын начин Б.Адьяахүү"Аварга" дээд сургуулийн шавь нартайгаа гээд зургаан гал  бэлтгэлээ хийж байна.

 Дассан газрын даавуу зөөлөн Ховдын бөхчүүд

Сүүлийн өдрүүдэд Монгол орон даяар бороошсон нь газрын өнгийг сэргээжээ. Сүүж уул хэдийнэ ногоорч, хөлийн тоос шороо ч дарагдсан харагдав.  Биднийг очиход улсын харцага Г.Алтангэрэлээр ахлуулсан Ховд бөхийн дэвжээнийхэн оройны бэлтгэлээ хийж харагдав. Ховд бөхийн дэвжээ Д.Мягмар зааны үеэс эхлэн Сүүж уулын амралтанд наадмын бэлтгэлдээ гарах болсон байна.  “Анх Сүүж ууланд амралт байгуулагдаж эхлэхэд л Д.Мягмар заан бэлтгэлдээ гарч эхэлсэн гэдэг. Түүнээс хойш Дүгэр заан, Бямбаа багш, Ц.Мягмарсүрэн заан, Ч.Батзориг заан, Т.Амартүвшин харцага гээд бүгд л энэ газарт бэлтгэлээ хийн улсын цолондоо хүрсэн дээ” гэж улсын харцага Г.Алтангэрэл хуучилсан юм.

Ховд бөхийн дэвжээний бөхчүүд зургадугаар сарын 15-наас эхлэн цугларалтандаа гарч эхэлсэн бөгөөд сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 25-наас жигдэрч, бэлтгэлээ хийж эхэлжээ. Тус галд улс, аймаг, сумын цолтой 30 гаруй бөх байгаа аж. Бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу өдөрт нэг эсвэл хоёр удаа хийж байгаа гэнэ.

Ховдын бөхчүүд тахлын улмаас хэзээ нутаг буцах нь тодорхойгүй

Улсын харцагын санааг нутагт нь гарсан тарваган тахал зовоож байгаа аж. “Аймаг сумдын наадамд зодоглох бөхчүүд  хэзээ нутаг буцах нь тодорхойгүй байна. Учир нь манай аймагт тарваган тахал гараад хөл хорио тогтоочихсон. Наадам хийх эсэх ч тодорхойгүй байна. Харин улсын наадамд зодоглох бөхчүүд бүгд бүртгүүлсэн” гэв.  Түүнээс баяр наадамд дээгүүр  таамгийг сонирхоход “Энэ жил харцага Н.Батзаяа харцага, О.Хангай нар сайн байна. Мөн Б.Пүрэвсайхан зааны маань бэлтгэл жигдэрсэн харагдаж байгаа. Улсын цолонд үзэх аймгийн долоо, найман арслан байна. Ер нь бөхчүүдийн ир их сайхан ханаж байна. Олон сайхан залуус санасан цолондоо хүрээсэй. Бөх хүний насаараа хүсч мөрөөддөг зүйл чинь тэр шүү дээ” гэв.

Энэ жил covid-19-оос болж,  заалны барилдаанууд зохион байгуулагдаагүйд Г.Алтангэрэл харцага дурамжхан байсан юм. Тэрбээр “Заалны барилдаануудаас  бөхчүүд хэнтэй, яаж барилдах вэ гэж барилдааны багцаа авдаг. Гэвч цар тахлын улмаас  хамтарсан бэлтгэл хийж буй бөхчүүдээсээ багцаа авч байна” гэлээ.

13-р зуун цогцолборт үзэгчгүй наадам зохион байгуулагдах болсон талаар “Хиймэл зүлгэн дээр барилдахаар доороос халуун төөнөөд хэл ам хатаад их хэцүү юм билээ. Харин энэ жил байгалийн зүлгэн дээр барилдах тул ямар нэгэн асуудал гарахгүй байх. Том наадам дээр үзэгчид байхаас биш жирийн бэлтгэл сургуулилтын үеэр үзэгчгүй байдаггүй шүү дээ. Тиймээс хүн хүнийхээ хувийн зан чанараас хамаарах байх. Олон хүн хараад огшоод барилддаг бөхчүүд байдаг. Эсрэгээрээ ч бий” гэж биднийг хуучлах  зуур оройн бэлтгэлийн цаг дуусч, хурдны бэлтгэл хийсэн бөхчүүд амрах байр руугаа явж харагдана. Харин амьсгаагаа даран сууж буй хэсэг залуу бөхчүүдээс наадмын бэлтгэл хэр сайн хангагдаж чадаж байгааг мөн үзэгчгүй цэнгэлдэхэд барилдах сэтгэгдлийг нь сонссон юм.

Аймгийн заан Б.Уртнасан: Үндэсний бөх маань үзэгчидтэй байж бидэнд таашаал, урам зориг өгнө. Үзэгчгүй наадам төсөөлөгдөхгүй байгаа. Гэхдээ төр засгийнхаа гаргасан шийдвэрийг хүндэлнэ. Нар хур тэгширсэн сайхан өдрүүд өнгөрч байна. Г.Алтангэрэл багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилт маань сайхан жигдэрч, наадмаа хүлээж сууна даа.

 

Аймгийн начин, Даншигийн начин Ц.Заяатүшиг: Монгол төрийн наадам  үзэгчгүй явагдахаар боллоо. Үзэгчгүй байсан ч гэсэн Монгол төр наадмаа хийнэ. Үзэгчид бол бөчхүүд омогших, эрч хүч авах, сайн, муу барилдахад нөлөөлнө. Үзэгч түмнээ баясуулах гэж барилддаг. Үзэгчгүй ч гэсэн наадам гэсэн утгаараа барилдана. Цэнгэлдэхэд үзэгчид байгаа юм шиг л барилдана даа. Бэлтгэжилтийн хувьд 2012 оноос жил бүр Сүүж ууландаа бэлтгэлд гараад сайхан байна.

Аймгийн нэмэх начин О.Очбат: Энэ жилийн наадам шинэ коронавирусээс болж үзэгчгүй зохион байгуулагдана гэж зарласан. Бөхчүүд маань ч төр засгийнхаа гаргасан шийдвэр, дэгийг л баримтална даа. Үзэгчгүй байна гэдэг чинь бас л нөлөөлнө шүү дээ. Харин бэлтгэлийн хувьд энэ жил манай Ховд дэвжээний бөхчүүдийн маань бэлтгэжилт сайн байна.

 

 

Гурван жил дараалан гал гарч буй Хонгор нутгийн бөхчүүд 

Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний Б.Батгэрэл багшийг сурагласаар очтол тэрбээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан бөхийн гал, дэвжээдийн багш дасгалжуулагчдын сургалт уулзалтанд яваад эзгүй байлаа. Харин Р.Лувсанпүрэв багш "Дөнгөж саяхан хотоос ирлээ. Хоол ундаа идчээд, тухтай уулзья” хэмээн инээмсэглэсээр амрах байр руугаа оров.

Бөхийн галын хамаг  арын албаны ажлыг залуу бөхчүүд хариуцна. Залуу бөхчүүдийн нэг нь байран дотор ах нартаа хоол аягалж байхад нөгөө нь гадаа угаасан хувцсаа модны мөчир, гэрийн хаяанд цэмбийтэл дэлгэн хатааж зогсоно.  Залуу  бөхчүүдийн хувьд бэлтгэлээ хийхээс гадна цолтой ах нарынхаа ая тухыг хангаж, арыг нь даана гэдэг чухал "алба" давхар хашдаг ажээ. Бөхчүүд хооллож дууссан бололтой нэг залуу бөх тав зургаан томоо аягыг амралтын байрны шатан дээр угааж байлаа.

Төд удалгүй Р.Лувсанпүрэв багш ирж, бид түүнтэй уулзахаар өрөөнд нь орлоо. Хонгор нутгийн бөхчүүд энэ жил тун аажуу цугларалтанд гарчээ. Зургадугаар сарын 28-наас  улс, аймаг, сумын цолтой 30 гаруй бөх тус галд нэгдэж бэлтгэлээ эхлүүлжээ. Р.Лувсанпүрэв багшийн хэлснээр Сүүж уулын энэ газар тус дэвжээний бөхчүүдэд ихээхэн ээлтэй гэнэ. Тэрбээр “Энэ газар гурав дахь жилдээ гал болон гарч байна. Анхны жилдээ хоёр улсын начин цолтон төрсөн бол өнгөрсөн жил Д.Цэрэнтогтох маань цолоо баталсан. Мөн аймаг, цэргийн арслангууд энэ газраас олон төрсөн” хэмээн ярив. “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд өглөө барилдааны бэлтгэл хийж байгаа бол үдээс хойш спорт тоглоом гэх мэт бэлтгэлүүдийг хийж байгаа ажээ.

Хонгор нутаг дэвжээний бөхчүүд ирэх Бямба гаригт буюу долдугаар сарын 4-ний өдөр сорилго барилдаанаа зохион байгуулна.

Харин нутгийнхаа бөхчүүдийн талаар таамаг дэвшүүлэхдээ “Улсын цол авах, цолоо бататгах залуус олон бий. Бүгдийг нь л харан сууж, сойж байна даа. Хонгор нутгийн бөхчүүд болон нийт бөхчүүддээ цолоо ахиулж, бататгаарай гэж хүсье” хэмээв.

Түүнээс энэ жилийн улсын их баяр наадмын зохион байгуулалтын талаар асуухад “Сүүж уулын амралтанд байгалийн зүлгэн дээрээ бэлтгэлээ хийж байгаа болохоор их таатай байна. Өмнө нь хиймэл зүлгэн дээр барилдахад эвгүй гэцгээж байсан. Тэгээд монгол хүний дасан зохицох чадварын тусламжтайгаар дороо л дассан. Энэ жил наадам зохион байгуулагдах газартайгаа адил байгалийн зүлгэн дээр бэлтгэлээ хийж байгаа учир бөхчүүдэд маань дөхөм байх. Гэхдээ тус өдрийн бороо хур, чийгшилт, хуурайшилт их нөлөө үзүүлнэ. Бэлтгэлээ сургуулилтаа сайн хийгээд бэлтгэл нь ханасан бөхөд бол үзэгчид нэг их хамаагүй. Хэн сайн сэтгэл зүйгээ бэлдэж, бэлтгэлээ хангаж чадсан нь л дээшээ барилдана” гэв.

Э.Оюунболдын ахалсан Хэнтий аймгийн бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

Тэнд мөн  "Хүч" спорт хорооны бөх улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхчүүдтэй бэлтгэлд гарсан нь харагдаж байлаа.  Дашрамд сонирхуулахад, түүний допинг хэрэглэсэн гэх хэрэг шүүх дээр асуудалтай. Хэрэвзээ энэ жилийн наадамд зодоглобол олон ойлгомжгүй асуудал үүсч мэдэх нөхцөл үүссэн. Гэсэн хэдий ч  аварга Э.Оюунболд наадмын бэлтгэлдээ гарсан нь энэ жилийн баяр наадам зодоглох сонирхолтой байгаа бололтой.

Гэрэл зургийг: Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж