"Хүүхдийг сонирхолгүй байхад шахвал ном унших дургүй болно"

Хуучирсан мэдээ: 2020.07.03-нд нийтлэгдсэн

"Хүүхдийг сонирхолгүй байхад шахвал ном унших дургүй болно"

"Хүүхдийг сонирхолгүй байхад шахвал ном унших дургүй болно"

Цар тахлын үед хүүхдээ эрсдэлээс хол байлгах, мөн  зуны амралтыг нь хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэж эцэг эхчүүд бодож байгаа биз. Адал явдлаар дүүрэн байлгаж, хүүхдийг хөгжүүлэх хамгийн зөв шийдлийн нэг нь ном уншуулах, ном унших дадал хэвшүүлэх байж болох юм.  Тиймээс энэ удаад хүүхдийг хэрхэн ном унших дуртай болгох талаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хүүхдийн тасгийн номын санч Ж.Раятай ярилцлаа.


-Олон эцэг, эхийн сонирхдог асуултын нэг нь хүүхдийг хэрхэн ном унших дуртай болгох вэ. Үүнд та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдийг ном унших дуртай болгохын тулд хамгийн түрүүнд номтой нөхөрлүүлэх шаардлагатай. Үүний тулд дэргэд нь байнга ном байлгах хэрэгтэй. Хүүхдийг уншиж чадахгүй, балчирдна гээд тоолгүй орхиж болохгүй. Хоёр настай хүүхдийн  ном ч гэж байдаг. Хэдийгээр хүүхэд уншиж чадахгүй ч тэр номд байгаа зураг зэргийг хараад үйл явдлыг нь ойлгочихдог.

Мөн унтахаас нь өмнө багадаа 10 минут үлгэр уншиж өгч байх шаардлагатай. Энэ нь хүүхдэд олон талын ашигтай. Тухайлбал, хүүхдэд өөрөө үлгэр унших сэдэл төрөх, үгийн баялаг нь нэмэгдэх, номд дурлах үндэс тавигддаг.

-Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ ямар ном сонгох вэ гэж их асуудаг?

-Хүүхдийн өөрийнх нь сонирхлыг харгалзах нь чухал. Номын дэлгүүрээр дагуулаад явахад л хүүхэд өөрт нь сонирхолтой санагдсан номыг сонгоно. Мэдээж тухайн хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байна уу, үгүй юу гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Хэт урт хугацаагаар ном унших нь хараанд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг талтай. Тиймээс хамгийн ихдээ хэдэн цаг ном уншуулах нь зохистой вэ?

-Бага насны хүүхдийг олон цагаар суулгаж,  ном уншихыг шаардах хэрэггүй. Учир нь, бага насны хүүхдийн идэвхтэй анхаарал төвлөрөл 15 минут орчим л үргэлжилдэг. Сонирхолгүй байхад нь хүчлээд ном унш гээд шахаад байвал унших сонирхолыг нь бууруулдаг сөрөг талтай. Түүний оронд өөрийнх нь сонирхож байгаа номтой нь нөхөрлүүлэх нь чухал. Хэрэв хүүхдэд тухайн ном таалагдвал үйл явдалд нь хөтлөгдөөд  хэдэн цаг ч хамаагүй номоо уншаад дуусгачихдаг.

-Сүүлийн үед хүүхдүүд хэр ном уншиж байна вэ. Сонголт дээр нь та яаж тусалдаг вэ?

-Цар тахалтай холбоотойгоор түр хаагдаад байсан номын сангийн үйл ажиллагааг сэргээснээс хойш хүүхдийн уншлагын танхим олон уншигчтай байх болсон. Өдөрт багадаа 20-30 хүүхэд манай танхимаар үйлчлүүлж байна. Ихэнх нь гэрийн даалгаварт ашиглах номын жагсаалтаа хараад хэрэгтэй номоо өөрсдөө сонгоод уншдаг. Харин зарим нь “Ямар ном унших вэ”, “Зөгнөлт зохиол сонирхож байна. Та надад тэр төрлийн ном санал болгооч” гэж асуудаг. Тэр бүрт нь тохирох ном санал болгодог.

-Танин мэдэхүйн номыг хүүхдүүд түлхүү сонирхож байгаа ажиглагдсан. Энэ нь магадгүй хүүхдийн онцлогтой холбоотой байх? 

-Зөв ажигласан байна. Хүүхдүүд танин мэдэхүйн ном маш их сонирхдог. Мөн 1-3 дугаар ангийнхан комик ном (зурагт ном) түлхүү уншдаг. Харин дунд ангийнхан Монголын уран зохиолын ном түлхүү уншиж байна. Ахлах ангийнхан дэлхийн сонгодог зохиол уншиж байна. Мөн бие хүний хөгжил, төлөвшлийн тухай номнууд түлхүү асуудаг.

-Танайх хүүхдийг номд дуртай болгох сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг юм билээ. Энэ талаар ярихгүй юу?

-Манайх Бямба гариг бүр гэр бүлийн уншлага зохион байгуулдаг. Энэ өдөр гэр бүлээрээ ирж ном уншингаа чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн бага ангийн сурагчдыг долоо хоногт нэг удаа ангиар нь ном уншуулж тэр дундаасаа шилдэг уншигчаа шалгаруулж Д.Нацагдоржийн тэмдэгтэн шилдэг уншигч шалгаруулдаг.

-Ном уншихад орчин чухал. Та энэ тасгийн дизайныг өөрөө гаргасан гэсэн. Яагаад ийм дизайныг сонгосон юм бэ?

-Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд би 2018 оноос ажилласан. Ажиллаж эхлэх үед хүүхдүүдийн шил шилээ харж суугаад ном уншиж буй байдал тэдэнд сонирхолгүй, тухтай биш байдаг юм байна гэж ажигласан. Ангидаа ч, номын санд ч яг тийм байдлаар сууж байгаа нь уншигч хүүхдүүдийн номын санд суух сонирхолыг төрүүлдэггүй. Тиймээс хүүхдүүдэд зориулан өөр орчин бүрдүүлье гэж бодсон. Тэгээд судалгаа хийж, төсөл бичин орчин үеийн стандартад нийцсэн дизайнаар танхимаа өөрчлөн тохижуулсан юм. Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Монгол дахь Элчин Сайдын яамны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн.

-Хүүхдийг номд дуртай болгох гэж буй эцэг, эхчүүдэд зориулан та пэйж хөтөлдөг гэсэн үү?

-Өөрийн сонирхлын дагуу хөтөлдөг пэйж хуудас байгаа. Түүнд хүүхдийг хэрхэн номонд дуртай болгох тухай зөвлөмж болон өөрийн уншсан хүүхдийн номнуудын тухай оруулдаг юм.

-Та яагаад номын санч болсон юм бэ. Энэ сониуч асуултаар хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Миний номын санч болсон түүх сонин. Их сургуулиа төгссөний дараа 3-4 жилд дан эмнэлгээр явдаг байсан. Тухайн  үед ном л надад найз болж байсан. Өдрийг ном уншиж л өнгөрүүлдэг байлаа. Маш зузаан романуудыг гурав хоногт уншаад дуусчихдаг байсан. Ингээд номонд дуртай болохоор номын санд илүү ихээр татагдсан юм. Энэ мэргэжилдээ дуртай. Тэр дундаа хүүхдийн тасагт ажиллах бүр гоё. Хүүхэд бүр шинэ ертөнц. Тэдний сониуч, хачирхалтай асуулт намайг уйдаадаггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж