Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Ботсвана улсад сүүлийн хоёр сарын хугацаанд олон зуун заан учир битүүлгээр үхэж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Зааны тоо толгойгоор дэлхийд тэргүүлдэг тус улсад сүүлийн хоёр сарын хугацаанд 350 гаруй заан үхжээ.
Үхсэн заануудын цогцсыг харвал бүгд соёотойгоо байгаа учир хулгайн ан биш гэх дүгнэлтэд хүргэж байгаа ба элдэв халдварт өвчин ч мөн тархаагүй байна. Хөрш зэргэлдээх Зимбабве улсын хулгайн анчид зааны эд эрхтэнг худалдахын тулд зааныг цианидаар хордуулдаг арга хэрэглэдэг ч үхсэн заанууд бүгд бүрэн бүтэн байгаа нь анхаарал татаж байгаа ажээ.
Харин ихэнх цогцос ундны ус, нуур цөөрмийн дэргэдээс нүүрээрээ эгч урагшаа унасан байдалтай олдож байгаа нь хачирхалтай байгаа юм. Түүнчлэн нутгийн иргэдийн ярьж байгаагаар зарим заанууд үхэхээсээ өмнө нэг газраа тасралтгүй тойрон алхаж байсан аж.
Тус улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу үхсэн заануудын сэгээс дээж авч шинжилгээ хийж эхэлсэн ч коронавируст цар тахлын улмаас шинжилгээний дээжүүдийг бусад оронд байрлах баталгаажсан лабораториуд руу илгээхэд хүндрэл учруулж байгааг онцолжээ. Мөн үхсэн заануудын сэг зэм дээр энгийн үеийнхээс маш цөөхөн тас шувууд хооллож байгааг нутгийн иргэд анзаарчээ. Аялал жуулчлалын орлогоор эдийн засгийнхаа дийлэнх хэсгийг бүрдүүлдэг энэ улсын хувьд заан бол үндэсний баялаг юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ