“Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно”. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа У.Хүрэлсүх ийнхүү амлаж байв. Үүнээс яг гурван жилийн дараа, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр дахь томилгоогоо өвөртлөхдөө У.Хүрэлсүхийн хэлсэн үг нь “Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна”.
У.Хүрэлсүх бол түүхэнд нэрээ үлдээх том амбицтай улстөрч. Түүний хүсч байсанчлан түүхэнд нэр нь үлдэх нь дамжиггүй болж байна. Тэрбээр улиран томилогдсон хоёр дахь Ерөнхий сайд төдийгүй Үндсэн хуулиар онцгой эрх мэдэлтэй болсон анхны Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийгээд МАН-ын зуун жилийн ой түүний засгийн үед тохиож байгаа юм.
Ард түмний сонголтоор ажлаа үргэлжлүүлэн хийхээр болсон У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээгээ хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр шийджээ. Үүнийгээ тэрбээр өнөөдөр УИХ-ын индэр дээр тавьсан илгээлтдээ онцолно лээ.
Энэ удаагийн МАН-ын ялалт бол У.Хүрэлсүхийн ялалт байсан. Гэвч тэр ямбалахаас илүү ялаа үүрэх нь чухал болохыг намынхандаа анхааруулахын сацуу ялагдлынхаа “шок”-той байгаа Ардчилсан намтай харилцан ойлголцож, хамтран ажиллахаас Монголын ирээдүй шалтгаалах болохыг зориудаар санууллаа. Үнэхээр, өнгөрсөн 30 жилийн Монголын нэн шинэ түүхийг Ардчилсан нам болон Монгол ардын нам бүтээж ирсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр Монгол Улсын тулах хоёр багана бол тэд.
Ардчилсан нам хэдийгээр засгийн эрх мэдлийн гадна үлдсэн ч тэд төрд хяналт тавих том үүрэг хүлээсэн. Товчхондоо, У.Хүрэлсүхийн “ташуур” нь ард түмэн болоод Ардчилсан нам, бусад эвсэл.
Ийнхүү ард түмэн төрхөө төвхнүүлж, У.Хүрэлсүх гэрээ эмхлүүлэхээс эхлээд эдийн засгаа хямралаас гаргах, цар тахлыг эрсдэл багатай туулах, улс төр, эдийн засгийн реформ хийх, мега төслүүдээ урагшлуулах, гацсан бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх гээд олон ажил түүний өмнө “овоолттой” байна. Түүний хэлснээр үнэхээр ч Монголын өмнө “…дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр биднийг тосон хүлээж байна”.
Шинээр зурах Засгийн газрын бүтэцэд Соёлын яамыг байгуулах нь Ерөнхий сайдын илтгэлээс тодорхой уншигдлаа. “Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих зорилго”-тойгоор уг яамыг байгуулж байгаа аж.
Ингээд ирэх дөрвөн жилийн У.Хүрэлсүхийн хийх ажлын төлөвлөгөөнөөс дурдвал,
-Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барина.
-Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбарыг тэргүүлэх салбар болгоно
- -Хөдөө аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн ажиллана.
- -Дунд, доод шатны хүнд суртал, хууль хүчний байгууллагынхан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэнэ.
- -Мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэнэ.
- -Манай засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байна.
- -Орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулна.
- -200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийнх нь хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
- -Банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
- -Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сангийн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана.
- -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна.
- -Хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооно.
- -Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна.
- -Нийслэлийн дагуул хотууд байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлнэ.
Хүссэн ч, эс хүссэн ч, хүлээн зөвшөөрсөн ч, эс зөвшөөрсөн ч У.Хүрэлсүхийн сценариар Монгол явна. Зөвхөн өрсөлдөгчөө нухчин дарахаас илүү өрсөлдөгчдөө хүлээн зөвшөөрөгдөх нь чухал. Өөрөөс нь өөр үзэл бодолтнуудыг буруутгахаас нь илүү сонсох нь У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Үгүй бол тэр шалдан хаан болно.
Тиймээс МАН-д гэхээсээ өөрт нь итгэж өгсөн ард түмний итгэлийг даах, эдийн засаг, улс орноо өөд нь У.Хүрэлсүхийн бодлого байх юм.
Монголын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал түүний улс төрийн тоглолтоос шууд хамаарна. ШХАБ, цаазын ялыг сэргээх эсэх, саарал жагсаалт гээд дуулиан болгон түүнд очиж наалдана. Тиймээс тэр ардчиллыг хамгаалагч болох уу, аль эсвэл “авторитори” болох уу! Энэ ганц асуулт түүнийг түүхэнд хараар эсвэл цагаанаар үлдээхийг шийдэх юм.
Холбоотой мэдээ