Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран өнөөдөр /2020.07.02/ 10.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“3120 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НОГООН БҮСЭЭС 50-100 МЕТРИЙН ЗАЙНД БАЙРЛУУЛСАН”
НОБГ–ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
-Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгаар хур бороотой байхыг анхааруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Туул, Тэрэлж голын усны түвшин нэмэгдсэн. Бид урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна. Тэрэлж, Хэрлэн, Туул гол болон Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Хар усан тохойгоос Баянзүрх, Төмөрзам, Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр, Хан-Уул дүүргийн есдүгээр хороо, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэлх маршрутаар нийслэлийн Аврах 105 дугаар анги болон бэлтгэл ээлжийн хоёр бүлэг өдөр бүр ажиллаж байна.
Нийт Онцгой байдлын газрын 515 алба хаагч, цагдаагийн 61, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын 60, 94 техник хэрэгсэлтэй завьт эргүүл, явганаар эргүүл хийж байна. Зургадугаар сарын 10-наас эхлэн нийт 19 мянга 124 иргэнд сэрэмжлүүлэх хүргэж, 3120 тээврийн хэрэгслийг ногоон бүсээс 50-100 метрийн зайнд байрлуулсан. Гэсэн хэдий ч усанд осолдож, амь насаа алдах тохиолдол гарч байна.
“ХУШ МОДНЫ САМАР ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ТҮҮХИЙГ ХОРИГЛОСОН”
Энэ үеэр нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн мэдээлэхдээ “Энэ жил хуш модны самар элбэг ургадаг жил гэж үзэж байгаа. Зарим газар ургаад эхэлсэн. Нийслэлийн ойн бүсийн 17 хувьд самар ургадаг хушан ой эзэлдэг. Тиймээс самрыг бүрэн болсон үед нь түүж, модыг нь гэмтээхгүй байхыг анхаарлуулж байна. Хуш модны самрыг болц нь болоогүй байхад түүж, бэлтгэж, худалдаахыг 2020 оны есдүгээр сарын 1 хүртэл хориглосон” гэв.
“ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖИЙН АГУУЛАХЫГ ТҮРЭЭСЭЛЖ, ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛНӨ”
“Тавантолгой” түлш компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь мэдээлэхдээ “Наадмын маргааш намар болно. Тийм болохоор өвөлжилтийн бэлтгэл ажлаа эхлүүлж, өнгөрсөн жилийнхээс хэд дахин их сайжруулсан шахмал түлш нөөцөлнө. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зуны хоёр сардаа нөөцлөх агуулах савны хүрэлцээний асуудал гарч байна.
Тиймээс томоохон хэмжээний агуулах савтай аж ахуй нэгжүүд сайжруулсан шахмал түлшээ худалдан авч, нөөцлөхийг уриалж байна гэв. Мөн иргэн, аж ахуй нэгжийн агуулахыг түрээсэлж, сайжруулсан шахмал түлшээ нөөцөлнө” гэсэн юм.
А.СҮРЭН