НЭМЭЛТ:
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаан маргааш 9.00 цагт үргэлжлэхээр болжээ.
Шүүх хуралдааны шатанд өнөөдөр шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь өмгөөлөгч Д.Батсүхээс татгалзаж, шүүх хуралдаан даргалагч Х.Идэр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хуралдаан даргалагч шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч танилцаад түүний хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргасан ба үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгч нараас татгалзах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаан дахин завсарласан аж. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй байна.
Мөн үүний дараагаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь уг хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцож байгаа улсын яллагч нараас татгалзах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хуралдаан даргалагч шүүгч хянаад, улсын яллагч нарыг өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлжээ.
Энэ хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас гадна Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг мөн шүүж байгаа юм.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүх байрны гадаа Сэлэнгэ аймгийн иргэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл" гэдэг шаардлага тавин, жагсаж байна.
Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг юм.
Шүүх хурлыг завсарлуулав
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарласан байна. Шүүх хуралдааныг 15.00 цагаас үргэлжлүүлэх юм.
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх хэргийн материалтай танилцах боломж олгоогүй гэж үзэн, шүүх хурлаас татгалзан, гарч ирээд байна. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Та өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Шүүгдэгчийг өмгөөлөх боломжгүй байсан гол шалтгаан юу вэ?
– Шүүгчээс би 14 хоногийн хугацаа хүссэн байсан. Яагаад гэвэл үйлчлүүлэгчээ би өмгөөлөх асуудлыг уржигдраас яриад өнөөдөр эцэслэн шийдэгдсэн. Хэргийн материалтайгаа танилцаж амжаагүй байна. Тийм учраас өнөөдрийн хуралд бэлтгэл хангах ямар ч боломжгүй байсан.
Шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч прокурортой тэгш мэтгэлцээд дүгнэлтээ хэлдэг. Прокурор яллах дүгнэлтээ хэлдэг бол өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтээ хэлдэг. Хэрэгтэй танилцаагүй үед хурал дээр сууж баримтуудаа сонсч байгаад шууд дүгнэлт хэлэх боломжгүй. Шүүгч хэрэгжих болломжгүй бодит нөхцөл байдалтай нийцээгүй зүйлийг тулгаад байна.
-Шүүгч түрүүн шүүгдэгч Ж.Эрдэнэбат шүүх хуралдаанд ирэхгүй үл тоомсорлож байсан гэдэг зүйлийг хэлсэн. Үндэслэлтэй юу?
-Үйлчлүүлэгч маань УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа оролцоод явж байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан. Энэ бол хангалттай хүндэтгэн үзэх шалтгаан. Гэтэл тэр өдөр 10 тэрбумын барьцаа тавих үүрэг оногдуулсан.
Шүүх анхнаасаа зорилготой захирамж гаргасан байна гэж харагдаж байгаа. 10 тэрбум бол жижиг аймгийн жилийн төсөв. Ийм мөнгийг гарга гэсэн. Хүн биелүүлэх боломжгүй захирамж. Энэ бол зорилготой санаатай, илт хууль бус шийдвэр. Шүүхийн шийдвэр хуульд нийцэхээс гадна бодит байдалд нийцэх ёстой.
-Нэг шүүгдэгчийн бие муу байгаа гэсэн. Хэр муу байгаа юм бэ?
-Энэ хэрэгт холбогдогчийн бие их муу, мэдүүлгээ өгч чадах юм уу үгүй юм уу байгаа. Яаралтай мэа засалд орох шаардлага байгаа юм билээ.
-Одоо шүүх хурлаас та татгалзаад явахаар ямар байдал үүсэх вэ?
-Хоёр том зөрчлийн асуудал гарна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан иргэний өөрийгөө өмгөөлөх эрх зөрчигдөнө. Үндсэн хуулийн энэ заалтыг буруугаар ойлгоод байдаг. Өөрийгөө өмгөөлөх гэдэг бол өөрийгөө өмгөөлөгчөөр дамжуулж, хууль эрх зүйн туслалцаа авах эрх.
Олон улсын гэрээ конвенцэд заасан хувь хүний эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Өмгөөлүүлэх эрхээр хангагдах боломжийг хүссэн, энэ хүсэлтийг шүүх нулимаад хаялаа.
-Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа юу?
-УИХ-ын гишүний бүрэн эрх нь хараахан хэрэгжээгүй байна. Гэхдээ УИХ-ын гишүүний халдашгүй эрх нь үүсчихсэн байгаа. Урьд нь УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх нь байсан. Шүүхээс Монгол Улсын Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгааждаг УИХ-ын гишүүнийг шууд цагдан хорих шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийг ноцтойгоор гажуудуулсан. Энэ бол ганц Ж.Эрдэнэбат гэдэг хүний асуудал биш. Шүүхийн энэ шийдвэр цаашдаа жишиг болоод явах юм бол Монгол Улсын Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгааждаг 6 субьект хүнд болно.
Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн гишүүн, шүүгч гээд. Энэ бүх хүмүүсийг Үндсэн хуулийн бус аргаар барьж аваад хориод байх нөхцөл бүрдэж байгаа.
Өнгөрсөн жил шүүгч нартай холбоотой хэрэг явсан. Эхлээд Ерөнхийлөгч тэдгээр шүүгчдийн бүэрн эрхийг түдгэлдзүүлж байгаад ажиллагаа явагдсан. Энэ бол Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэгш тэнцвэртэй, хяналттай хрээгжүүлэх энэ зарчимд нийцүүлж явуулж байгаа.
Өмнө нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх болоход Улсын ерөнхий прокурор саналдаа УИХ-д гаргаж байж шийдвэрлэгддэг байсан.
УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчинтэй хэвээр байгаа нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрх, халдашгүй байыдлыг нь шийдвэрлэж байж, шүүхийн асуудал явагдах ёстой байсан гэж үзэж байгаа. Энэ асуудлаар холбогдох гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргана.
-Тавдугаар сарын 15-н гэхэд Ж.Эрдэнэбат шүүгдэгчийг дуудсан байсан, үл тоосон гэдэг асуудал яриад байна?
-Шүүхэд ирэх боломжгүй байгаа хүсэлтээ ирүүлж байсан юм билээ.
Өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авсангүй, шүүх хурал үргэлжлэх болов
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Отгонбаатар, өмгөөлөгч н.Золбоо нараас өмгөөлөгчөө өөрчилсөн тул шүүх хуралдааныг хойшлуулах, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд тавьсан юм байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо.
Шүүх бүрэлдэхүүний зүгээс "Өмгөөлөгчөө сольсон үндэслэлээр шүүгдэгч Ж.Эрдэнэбатын хүсэлтээр шүүх хуралдааныг өмнө нь гурван ч удаа хойшлуулж байсан. Яллагч нарын зүгээс тавьж буй "шүүгдэгч Ж.Эрдэнэбат шүүх хурлын өдөр өмгөөлөгч авч, шүүх хуралдааныг хойшлуулдаг гэдэг үндэслэлтэй" гэдэг тайлбар хийлээ. Иймээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч н.Батсүх хэрэгтэйгээ бүрэн танилцаж чадаагүй байгаа үед шүүх хурал үргэлжлэх болж байна. Шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж байна.
Ж.Эрдэнэбатын гэм бурууг шүүх хурал эхэллээ
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая эхэллээ.
Шүүх хуралд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат оролцож байна. Харин шүүх хурал болж байгаа байрны гадаа жагсаж буй Сэлэнгэ аймгийн иргэд “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл” хэмээн шаардлага тавьж буй юм. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт өрсөлдөхөд 22865 сонгогч саналаа өгснөөр тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөг байршуулаагүй гэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн зургадугаар сарын 12-нд цагдан хорьсон. Үндсэндээ 20 шахам хоног Урьдчилан саатуулах байранд хоригдоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүнэ
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11.00 цагт Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Харин УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн билээ.
Шүүх энэ асуудлыг өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь саатуулан хорьсон үйлдлийг Сэлэнгэ аймгийн иргэд буруутгаж буй. Түүнчлэн хуульчид “УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг саатуулан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж тайлбарлаж байгаа.
Шүүх хуралдаан өнөөдөр 11.00 цагт эхлэх ёстой ч Сэлэнгэ аймгийн иргэд Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрны гадаа цуглан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан, жагсаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ч Урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа тул УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй байгаа юм.
Г.ХОРОЛ