Өвөрмонголд "соёлын геноцид" эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Өвөрмонголд "соёлын геноцид" эхэлжээ

Өвөрмонголд "соёлын геноцид" эхэлжээ

Та бүхэнд “radio Free Asia” сайтын Хятад дахь сэтгүүлч Чиао Лон болон Италийн шашин судлаач, социологич Массимо Интровигне нарын бичсэн нийтлэлийг тоймлон, орчуулан хүргэж байна.

Хятадын эрх баригч Коммунист нам /ХКН/саяхнаас Өвөрмонголын зарим хотод дунд сургуулиудын хичээлийг монгол хэлээр заадаг байсныг болиулж, зөвхөн хятад хэл дээр хичээлүүдээ үздэг болох шийдвэр гаргажээ. Энэхүү алхам нь Хятадын үндэстний цөөнхөд эх хэлээр нь боловсрол олгох үйл явцыг зогсоох томоохон стратегийн нэг хэсэг, монгол соёл уламжлалыг устгахаар аажмаар чимээгүй довтолж буйн нэг хэлбэр юм.

Өвөрмонгол дундаа монгол үндэстэн ястан хамгийн их амьдардаг Түнляо буюу Байшинт хотоос энэ үйл явцыг эхлүүлсэн нь бүр анхаарал татаж байгаа юм. Нийт гурван сая гаруй хүн амтай уг хотын бараг тэн хагас нь монгол угсаатан. Тус хотод байдаг монгол сургуулиудын багш нарт хотын боловсролын товчооноос хичээлийн шинэ жил эхлэхэд бараг бүх хичээл хятад хэл дээр орж эхлэхээр болсон тухай мэдэгдэл ирснийг багш нар цахим сүлжээндээ хуваалцжээ. Энэ шийдвэр Байшинт хотоор ч зогсохгүй цаашид бусад бүс нутгуудад хэрэгжих төлөвтэй байгаа аж.

Монгол угсаатны эрхийн төлөө тэмцэгч Синна өмнө нь ӨМӨЗО-ний нийслэл Хөх хотод багшилж байсан ба тэрбээр дээрх шийдвэрийн талаар маш олон хүнээс сонссон тухайгаа ярьсан байна. Түүний хэлснээр Байшинт хотын сургуулиудад монгол хэлнээс бусад бүх хичээлийг хятад хэл дээр заахыг шаардаж байгаа ба уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтнуудыг ч тус бүс нутаг руу илгээхээр болсон байна. ХКН-ын энэ шийдвэрийг маш олон монгол угсаатнууд таагүй хүлээн авч, эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн Байшинт хотын зарим оршин суугчид дээрхтэй ижил төстэй бодлогыг их сургуулийн түвшинд ч хэрэгжүүлэхээр зэхэж байгаа талаар ярьжээ.

Судлаачид, монгол хэл соёл, угсаатны зүйн төлөө тэмцдэг идэвхтнүүдийн үзэж буйгаар Хятадын эрх баригчид Өвөрмонголын автономит бүс нутагт эх хэл, соёл уламжлалыг хумих бодлого баримталж эхлээд буй нь ажиглагдаж байгаа гэнэ. Үүний хамгийн том жишээ нь монгол хэл дээр боловсрол олгодог сургуулиуд ажээ. Хөх хотод л гэхэд 2016 оны байдлаар монгол хэл дээр боловсрол олгодог 3,000 орчим сургууль байдаг байжээ. Харин Өвөрмонголын нийт хүн ам буюу 24 сая орчим хүний 5,8 сая нь монгол угсаатан ба 1980 оны байдлаар 110 мянган монгол сургууль байдаг байсан бол одоо үүний 80 гаруй хувь нь хаагдаж, Хятад сургууль болсон байна.

Хэл бол тухайн ард түмэн, үндэстэн ястны соёлын амин чухал хэсэг. Хэл устахад үндэстэн мөхдөг ч гэж ярьдаг. Гэтэл энэ бүс нутагт монгол хэлийг устгах бодлого аль хэдийн хэрэгжээд эхэлжээ. Дээрхтэй ижил төстэй шийдвэр 2018 онд Үзэмчин хошуунд хэрэгжүүлэхээр оролдох үед эцэг эхчүүд хүчтэй эсэргүүцэж байсан аж.

Судлаачдын хэлж буйгаар ӨМӨЗО-ны Засгийн газраас гаргасан 2020 оны ажлын төлөвлөгөөнд хятад хэлийг эрчимтэй сурталчлан таниулж, тус бүс нутагт хятад хэлээр бичиг үсэг тайлагдсан хүнийг тоог 80 хувьд хүргэхээр тусгасан байдаг байна.

Монгол соёлыг үгүй хийх бодлого зөвхөн хэлний асуудлаар ч тогтсонгүй, нийгэм эдийн засгийн асуудлаар ч илэрч байна. Автономит мужийн монгол үндэстний ихээхэн хувийг малчид эзэлдэг. Хятадын төв Засгийн газраас тэдний бэлчээрийн газар нутгийг булаан авсаар байгаа ба үүнийг малчид хүчтэй эсэргүүцдэг байна. Тухайлбал, 2020 оны зургадугаар сарын 1-ний өглөө бэлчээрээ булаалгасан Сөнөд хошууны Баян-уул сумын 400 орчим малчин жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн ба цагдаа нар тэдэн рүү нулимс асгаруулагч цацаж, биед нь халдаж, тэдний тэн хагас нь баривчлагджээ. Дэгээр малчдыг дэмжсэн идэвхтэн, тэмцэгчдийг ч мөн хорьж шийтгэдэг аж. Шүүхээс малчдын хөдөлгөөнийг дэмжсэн идэвхтнүүдийн хоёр нь болох Цогжил, Хасчулуу нарт найман сар, дөрвөн сарын хорих ял тус тус оноосон байна.

Цогжил нь зохиолч ба цахим сүлжээнд түүнийг маш олон хүн дагадаг. Тэрбээр өмнө нь 2019 онд Өвөрмонголд монгол соёлыг хадгалан үлдэхийн төлөө тэмцэж байсан нэрт яруу найрагч, ардын аман зохиолч Сэцэнбаатарыг цагдан хорьсныг эсэргүүцэж баривчлагдсан юм. Түүнтэй хамт тус бүс нутагт болсон Соёлын хувьсгалын золиос болсон хүмүүсийн баримтуудыг цуглуулсан ном хэвлүүлснийхээ төлөө өөр нэгэн идэвхтэн А.Боржигин мөн баривчлагдаж байжээ. Соёлын хувьсгал гэх үйл явдалд 30 мянга орчим /албан бус тоогоор 100 мянга гэж ярьдаг/ монгол үндэстэн Өвөрмонголд амь үрэгдсэн гэж үздэг. Шинжааны Уйгурууд, Төвдүүдтэй харьцуулахад олон улсын хэмжээнд төдийлөн анхаарал татаагүй байгаа ч Өвөрмонголд соёлын геноцид аль хэдийн эхэлжээ.

Эх сурвалж: RFA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж