Улсын онцгой комиссоос ОХУ-д суралцаж буй оюутнуудыг өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн эх орондоо татан авч байгаа. Тэнд төгсөх курсийн 350 гаруй оюутан үлдсэн байснаас саяхан 114 оюутныг Москвагаас татан авсан. Үлдсэн 220 орчим оюутныг долдугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор татан авна гэдгээ Шуурхай штабаас мэдээлсэн.
Гэвч тусгаарлах байр хүрэлцээгүйгээс эх орондоо ирсэн оюутнуудыг шаардлага хангахгүй байранд байлгаж байгаа талаар манай редакцид хандсан юм. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн 103 оюутан Монголын үндэсний их сургуулийн /МҮИС/ оюутны байранд тусгаарлагдаж буй. Эдгээр оюутны байрлаж буй тусгаарлах байр нь маш бохир, цэвэрлэгээ хийгдээгүй, хоолноос нь шавьж гарч, тагт дээр нь хулгана үхсэн байдалтай байжээ. Ингээд оюутнуудын төлөөлөлтэй /нэрээ нууцлахыг хүссэн/ тусгаарлах байрны нөхцөл байдлын талаар ярилцлаа.
–Сайн байна уу. Хэзээ эх орондоо ирсэн бэ?
-Сайн. Би зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ-132 онгоцоор эх орондоо ирлээ. Манай онгоцонд нийт 103 монгол иргэд саад бартаагүй маш сайн явж ирсэн.
-Та хаана тусгаарлагдсан бэ?
-Биднийг Монголын үндэсний их сургуулийн оюутны байранд тусгаарласан.
-Тусгаарлах байрны орчин нөхцөл хэр байна. Өрөөндөө хэдүүлээ байна вэ?
-Янз янз л байх шиг байна. Зарим өрөөнд 3-6 хүмүүс нэг дор байрлаж байгаа. Дундаа нийтийн бие засах газартай. Бид тусгаарлах байрандаа орж ирээд үнэхээр шоконд орсон. Учир нь ариутгал байтугай анхан шатны цэвэрлэгээ ч хийгээгүй байсан. Байрнаас үхсэн хулгана, шавьж, хэрэглэсэн дотуур хувцас олдсон. Тиймээс бид “Өөрсдөө цэвэрлэгээгээ хийе” гэсэн чинь цэвэрлэгээний бодис ч өгөөгүй.
Бид дөрөв дэх өдөр ирсэн болохоор амралтын өдрүүдэд эргэлтээр угаалгын нунтаг, саван авсан. Эхний хэд хоног өрөөгөө зөвхөн усаар л арчсан. Гэтэл нялх хүүхэдтэй, тоосны харшилтай, амьсгалын замын өвчинтэй хүмүүс ч байгаа шүү дээ. Хөнжил, гудсыг нь ярих ч хэрэггүй байх. Бохир, шар толботой хөнжил нөмрөөд унтаж байна. Мөн эхний хоёр, гурван хоног халуун ус байхгүй, суултуур нь хагархай өмхий үнэртэж байсан.
-Тусгаарлах байрны ажилчид хэрхэн үйлчилж байна. Ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа биз дээ?
-Эмч нарын хувьд маш сайн ажиллаж байгаа. Харин цэвэрлэгээ их тааруу хийдэг. Долоо хоногтоо нэг удаа ариун цэврийн өрөөг ариутгалын бодисоор шүршдэг. Бид аягаа өгөөд орцонд хоолоо аягалуулдаг. Гэтэл биднийг ирснээс хойш орцыг ганц удаа ч цэвэрлээгүй.
–Хоол унд нь дажгүй юу?
-Хоолны хувьд амттай, халуунаараа ирдэг. Гэсэн хэдий ч удаа дараа хоолноос нь шавьжнууд гарч ирсэн. Энэ нь гал тогоонд ч ариун цэвэр муу байна гэсэн үг. Өчигдөр л гэхэд пирошкины шанзнаас ялаа гарч ирсэн. Анзаараагүй шавьжтай хоол идсэн олон хүн байгаа биз. Хүний нутгаас вирус тээхгүй гэж өөрийгөө чадахаараа хамгаалж ирсэн иргэд ирсэн хойноо нянгийн гаралтай өвчин тусахаас айж байна. Тусгаарлах байр нь бохир заваан байсан ч гэсэн бид хэл ам хийлгүй өөрсдөө цэвэрлэж байгаа. Ядаж хоолны ариун цэвэр дээр анхаарах хэрэгтэй байна.
–Зарим иргэд тусгаарлах байрны төлбөрөө төлөхгүй байгаа гэдэг мэдээллийг албаныхан өгч байсан. Та төлбөрөө төлсөн үү?
-Анхнаасаа тусгаарлах байрны төлбөрөө төлчихөөд явах нь эх орондоо харих үндсэн болзлуудын нэг. Би бусдын адилаар 1 сая 60 мянган төгрөгөө төлсөн. Харамсалтай нь бид тавьсан нөхцөлийг нь биелүүлсэн байхад бидний амьдрах нөхцөлд ямар ч анхаарал хандуулаагүй нь харагдаж байна.
Оюутнуудын зүгээс “Яагаад адилхан мөнгө төлөөд зарим хүмүүс буудалд ороод зарим нь ийм бохир оюутны байранд байгаа юм бэ” гэж асуухад “Та нар тэндээ ч бас оюутны л байранд байсан биз дээ” гэдэг хариултыг өгсөн. Монгол Улсад бүх төрлийн ялгаварлан гадуурхалт их байна. Залуус бид Үндсэн хуулинд тусгасан тэгш эрхийг шаардаж байна.
-Хэзээ тусгаарлалтаас гарах вэ. Гэртээ гараад дахин өөрийгөө тусгаарлах уу?
-Бид долдугаар сарын 16-нд тусгаарлах байрнаас гарна. Тэндээсээ гараад хоёр долоо хоног гэрийн тусгаарлалтанд байх юм.
-Гэр бүлийнхэнтэйгээ холбогдож байгаа юу?
-Тийм. Ар гэрийнхнийхээ санааг нь зовоохгүй гээд тусгаарлах байрны талаар хэлж ярихгүй байгаа. Харин бусад оюутны гэр бүлээс Улсын онцгой комисст хандаж, гомдол мэдүүлсэн боловч амны гарз л болж байгаа гэж сонссон.
-Тусгаарлах байрны асуудлаар холбогдох байгууллагуудад нь хандаж, санал гомдлоо хүргүүлсэн үү?
–Саяхан paparazzi.mn дээр тусгаарлалтад байгаа нэг оюутны маань ярилцлага нийтлэгдсэн. Уг ярилцлагын сэтгэгдэл хэсэгт хүмүүс “Тусгаарлах байрандаа анх орж ирээд л лайв хийхгүй. Яагаад олон юм яриад байгаа юм бэ” гэж шүүмжилж байсан.
Гэтэл бид чинь төр засагтай ардчилсан улс. Хариуцсан төрийн байгууллагууд нь ажиллаж байгаа шүү дээ. Бид анхны өдрөө л Улсыг онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргасан. Хүсэлтийг минь хүлээж авсан ч өнөөдөр энэ асуудал хэвээрээ байна. Залуу үеийнхэн бол юу юуны түрүүгүй утсаа гаргаж ирээд лайв хийдэг үеийнхэн биш шүү дээ.
Бид бүгдийг холбогдох журмын дагуу хийсэн. Тиймээс хэн ч хариуцлага үүрэхгүй байгааг олон нийт мэдэх хэрэгтэй. Бид хамгийн гол нь зөөлөн матрас, өрөөний тансаг үйлчилгээ хүсээгүй. Харилцан адилгүй тусгаарлах байранд иргэдийг хуваарилж байгаа бол үнийн зөрүү байх ёстой. Бид төлсөн мөнгөнийхөө тал хувийг нь буцааж авмаар байна. Шударга ёс, үүргээ биелүүлэхийг л шаардаж байна. Иргэдээ эх оронд нь аваад ирлээ одоо боллоо гэдэг хандлагаа зогсоо. Бид вирус биш хүн.
–Тусгаарлах байрны нөөц бага байгаа учраас харилцан адилгүй үйлчилгээтэй байх шиг байна. Цаашид хилийн чанадаас иргэдээ татан авахдаа юун дээр анхаармаар байна вэ?
-Нэгдүгээрт тушаасан тусгаарлах байрны зардлыг шилэн данс болгож нийтэд мэдээлэхийг хүсч байна. Бидний байрлаж байгаа байр шаардлага хангахгүй байгаа учир, цаашид үүн дээр анхаарч дараа дараагийн оюутнуудыг авчрахдаа нэг нэгээр байлгах шаардлагатай. Мөн оюутнууд ганцаараа буудалд байрлаж байгаа хүмүүстэй ижил хэмжээний төлбөр төлсөн учир зохих хэмжээнд нь төлбөрөө буцаан авмаар байна.
Онгоцонд байхад бидний паспортыг хураан авч “Тусгаарлах байранд байхад авчирч өгнө” гэсэн ч алга болчихсон. Сүүлдээ өөрсдөө очиж авахаа фэйсбүүкийн зураг л харж мэдлээ. Энэ мэт иргэдийн бичиг баримттай хүртэл хариуцлагагүй хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ