Тав дахин нэмэгдсэн байцааны үнэ буурч, бусад ногоо тасарна

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Тав дахин нэмэгдсэн байцааны үнэ буурч, бусад ногоо тасарна

Тав дахин нэмэгдсэн байцааны үнэ буурч, бусад ногоо тасарна

Шинэ ургацын ногоо гарахаас хоёр сарын өмнө ногооны үнэ огцом өсдөг. Энэ жилийн хувьд хүнсний ногооны үнэ хоёр дахин бус тав дахин нэмэгдээд байна. Хаданд гарсан үнэд өөрчлөлт орсон эсэхийг сурвалжлахаар хүнсий хамгийн хямд бөөний төв гэгддэг “Барс” худалдааны төвийг зорилоо.

“Барс” худалдааны төвийн бөөний хэсэгт уут уутаар нь хүнсний ногоог овоолсон байгаа харагдав. Харин тэнд худалдан авагч цөөн байсан юм. Бөөний үнийн хувьд төмс 2000, лууван 2000, байцаа 2000, манжин-5000, сонгино 2500 төгрөг гэж байв.

МАРГААШНААС БАЙЦААНЫ ҮНЭ БУУНА

Дараа нь жижиглэн худалдааны төвд орсон юм. Энд харин олон хүн байгаа харагдав. Худалдагч эмэгтэйгээс хүнсний ногооны үнэ цаашид ямар байхыг, юунаас шалтгаалан үнэ нэмэгдсэнийг тодруулсан юм. Тэрбээр “Одоогоор төмс 2000, лууван 2500, сонгино 2000-4000, байцаа 3000 төгрөг гэж байна. Манжинг 6500 төгрөгөөр зарж байсан ч өнөөдөр ингээд тасарч байна. Бас сонгино, төмс, лууван тасрах шинжтэй байна. Нөөцгүй болоод байгаа. Шинэ ургацын монгол лууван, байцаа одоохондоо маш жижиг, хураах цаг нь арай болоогүй байна. Болц нь гүйцээд лууван долдугаар сарын 10-наас, төмс наймдугаар сарын 10-наас орж ирэх байх. Харин байцааны үнэ маргаашнаас буух шинжтэй байна. Өнөөдөр талбайн байцааг 1000 төгрөгөөр бөөндөж худалдах хүн ирсэн. Өмнө нь бид хүлэмжийн байцааг 5000 төгрөгөөр бөөндөж авсан болохоор тэрийгээ дуусгаад байцаа авч, хямд үнээр зарна” гэв.

ӨМНӨ НЬ 10 КГ ТӨМС АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО 3 КГ-ЫГ Л АВЧ БАЙНА

Ногооны үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тодрууллаа.

-Өмнө нь 800 төгрөг байсан төмс 2000 төгрөг болсон байна. Урьд нь нэг удаад 10 кг төмс, хоёр килограмм лууван, нэг килограмм сонгино авдаг байсан бол одоо гурван килограмм төмс, нэг килограмм лууван авлаа. Махны үнэ нэмэгдсэн болохоор хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэж байгаа гэтэл ногооны үнэ ингэж нэмэгдсэн нь амьдралд бас л хүндээр нөлөөлж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН НЬ ХӨӨРӨГДӨЛ

-Манайх ам бүл цөөн болохоор төмс, лууванг нэг килограммаар л авдаг байлаа. Хүнсний ногооны үнэ огцом өссөн байна. Хэдийгээр хил хаасан ч Хятадаас бараа таваар, хүнс орж ирж байгаа. Тийм байтал хүнсний ногооны үнэ нэмэгдсэн нь хөөрөгдөл. Цаашид үнэ нь улам нэмэгдэх байх гэж бодоод таван килограмм төмс авлаа. Эмээлтэд эр хонь 250 мянга гэж байна. Мах, ногооноос эхлээд юм бүхний үнэ нэмэгдээд байна.

ИРГЭД МАХЫГ ГРАММЛАЖ АВЧ БАЙНА

Харин тус захын махны тасаг үйлчлүүлэгчгүй, бас лангуу нь хоосон шахуу байв. Худалдагч эмэгтэй “Үхрийн мах ястай нь 13800, ясгүй нь 14800, хонины мах 11500 төгрөг гэж байгаа. Махны үнэ сүүлийн үед харьцангуй тогтмол байна. Гэвч иргэдэд худалдан авах чадал алга. Нэг удаад 100, 200 граммаар нь, нэг хоолныхоор нь л авч байна. Үнийг нь үндэслэлгүй нэмээд байгаа гэж ойлгоод бидэнд уурлаж байна. Тийм юм байхгүй шүү дээ. Махны олдоц бага байна. Өглөө 03.00 цагт гараад олсон махаа 200-300 төгрөг л нэмж зарж байна. Хүүхдийн 100 мянган төгрөг өгч байх үед иргэд буусан даруйд нь хүүхдэдээ сайхан махтай хоол хийж өгье гээд килограммаар нь авдаг байсан. Харин одоо мах бүү хэл яс ч авах хүн алга” гэв. Үхрийн булууны ясыг ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдаж байгаа аж.

ХҮНСНИЙ НОГООНЫ ИМПОРТЫГ ЗОГСООСОН, ТАТВАРЫГ НЬ ӨСГӨСӨН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Шинэ ногооны үнэ, эрэлт хэрэгцээг хэрхэн зохицуулах талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

Тэрбээр “Шинэ ургац гарахаас 1-2 сарын өмнө ногооны үнэ өсдөг жишиг бий. Энэ нь нөөц багасч эрэлт буурдаггүйтэй холбоотой. Нийлүүлэлт буурвал эрэлт болон үнэ өсөх магадлалтай байдаг шүү дээ. Зах зээлийн энэ зарчмыг, үнийн хэлбэлзлийг хүчээр зохицуулж болохгүй. Түүнээс биш хүнсний ногооны импортыг зогсоосон, татварыг нь өсгөсөн зүйл байхгүй. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор зарим нэр, төрлийн импортын барааны хэмжээ багассан байх талтай ч хүнсний ногооны нийлүүлэлтэд нөлөөлөөгүй.

Энэ хавар хүнсний ногооны талбайн хэмжээг өнгөрсөн оныхоос 20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Тариалсан ногоогоо хураах зоорины багтаамжийг ч нэмэгдүүлсэн тул ирэх жил хүнсний ногооны үнийн хэт өсөлт ажиглагдахгүй байх гэж найдаж байна” гэв.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж