Германы “KSK” буюу тусгай хүчний элит анги сүүлийн үед хэт үндсэрхэг үзэлд автаж, удирдах байгууллагууддаа захирагдахаа больж, олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Герман улсад барууны экстремистүүдийн үйлдсэн халдлага нэмэгдэх хандлагатай болсон юм. Иймд тус ангийг хэсэгчлэн тараах болсон тухай Германы Батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп Карренбауэр өчигдөр /2020.06.30/ зарласан байна.
Нийт 1,400 орчим албан хаагчтай уг тусгай анги нь 1996 онд байгуулагдсан ба гадаадад терроризмийн эсрэг ажиллагаанд оролцох, барьцаанаас хүн чөлөөлөх аюултай үүрэг даалгавар гүйцэтгэдэг юм.
Харин сүүлийн үед элитийн хүчнийхэн хэт үндсэрхэг үзэл гаргаж байна гэх шүүмжлэлийн дагуу тус ангид шалгалт явуулсны үр дүнд “KSK” элит анги цаашид одоогийн бүтцээрээ байх боломжгүй, Бундесвер буюу Германы зэвсэгт хүчинд илүү харьяалагдах ёстой гэж дүгнэжээ.
Уг шалгалтын явцад 48 мянган ширхэг сум, 62 кг тэсрэх бодис алдагдаж, зарим цэргүүд галт зэвсгийг хувьдаа хадгалж байсныг илрүүлснээс гадна 2017 оны дөрөвдүгээр сард “KSK” ангийн командлагчийг үдэн гаргах үдэшлэг дээр хэт барууны үзэл гаргаж, гахайн толгой шидэж, барууны үзлийг сурталчилсан рок хөгжим тоглуулж, нацистуудын ёсолгоо үйлдэж байсныг ч мөн илрүүлсэн байна. Тус улсын Зэвсэгт хүчин дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн эрхтнүүдийн нэрээр нэрлэгдсэн анги нэгтгэлүүдийн нэрийг солих, армид буй нацизмтай холбоотой бүх эд зүйлсийг цэвэрлэх зэргээр хэт үндсэрхэг үзэлтэй тэмцэж ирсэн юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ