"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо/ММСУХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны талаар ярилцлаа. Цар тахалтай холбоотойгоор хурдан морины унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулахаар болсон нь олон хүний шүүмжлэл дагуулаад байгаа юм.


-Монгол түмний эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдах гэж байна вэ? 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал covid-19 аюулт өвчний үед  Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоон, ажиллаж байна. Энэ онцгой дэглэмийн үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хориотой байгаа хэдий ч төрт ёсныхоо уламжлалын дагуу эрийн гурван наадмаа тодорхой хязгаарлалтын хүрээнд тэмдэглэхээр болж байна. Энэ жилийн тухайд онцгой дэглэмийн үеийн нөхцөлд тохируулан УОК-ийн гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Энэ нөхцөл байдалд тохируулаад олон нийтийг бөөгнөрүүлэхгүй наадмын бэлтгэл, бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, олон түмэнд онлайнаар хэрхэн хүргэх талаар түр журам гарган ажиллаж байна.

-Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хороо хурдан морьдын уралдаан дээр цар тахалтай холбогдуулан ямар шинэлэг шийдвэрийг гаргав?

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг улс орон даяар аймаг, сум, улсын наадмыг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ хурдан морьдыг зургаан насны ангиллаар уралдуулж, уяачдын баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Улс орон даяар морь бүртгэлийг зургадугаар дугаар сарын 29-ны өдрөөс долдугаар сарын 8-ны хооронд бүртгэхээр болсон. Бүртгэлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд нэгдсэн нэг удирдлага дор зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар тус газраас хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэл хүргүүлсэн.  Уяачид морьдоо уралдах газраа заасан хугацаанд бүртгэлээ хийлгээрэй гэж зөвлөе. Мөн мандатын хязгаарлалт байхгүй нээлттэй байгаа гэдгийг хэлье.

-Морьд аймаг, сумдын наадамд очин уралдах боломж нээлттэй хэвээрээ юу? 

-УОК-ын хуралдаанаар орон нутгийн наадамд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, үзэгчидтэй байхаар шийдвэр гарсан тул энэ хүрээнд зохион байгуулагдана. Уяачид морьдынхоо сунгаа, давхилаа хийгээд хаана уралдахаа өөрсдөө шийдвэрлэнэ. Үүн дээр шилжилт хөдөлгөөн хязгаарлахгүй. Харин уяачид  УОК, мэргэжлийн байгууллагаас тавигдсан шаардлага, санал, зөвлөмжийг биелүүлж ажиллахыг уриалж байна.

-Эрлийз болон Монгол морьдыг хэрхэн ангилахаар болсон бэ? Жилийн жилд энэ асуудал дээр маргаан дэгддэг.

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хэрхэн ялгаж уралдуулах талаар саналаа гаргаж шийдвэрлэнэ. Ингэж шийдвэрлэхдээ мэргэжлийн спортын холбоо болох Монголын морин спорт, уяачдын холбооноос санал авсан. Монголын морин спорт, уяачдын холбоо уяачдын дунд маргаантай байдаг энэ асуудлыг холбооны VII их хурлаараа шийдвэрлэж дүрэм, журамдаа тодорхой тусгаж зөвхөн сэрвээний өдрийг монгол адууны стандартаар хэмжиж уралдахаар шийдвэрлэсэн. Энэ бол хэн нэгэн даргын шийдвэр биш нийт уяачдын олонхоороо шийдвэрлэсэн мэргэжлийн спортын холбооны бодлого үйл ажиллагаа юм.

Улсын баяр наадмаар эрлийз, монгол морьдыг ялгахдаа зөвхөн сэрвээний өндрийг барьж уралдвал маргаан байхгүй болох нь тодорхой байгаа юм

-Унаач хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ? Энэ жил унаач хүүхдүүд даатгал хийлгэсэн үү?

-Манай холбооны удирдах ажилтны улсын V зөвлөгөөнөөр унаач хүүхдийн даатгалын асуудалд Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газартайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулан онцгой анхаарал хандуулсан. Тус зөвлөгөөнөөр даатгалын асуудал бүрэн шийдэгдсэн. Гэнэтийн ослын даатгал 100 мянган төгрөгөөс доошгүй, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байхаар тогтоосон. Энэ даатгал нь зөвхөн хурдан морь уралдах үеийн эрсдэлийг хамгаалах биш бүтэн жилийн турш бүх төрлийн эрсдэлийг хамгаалах байдлаар үйлчилдэг болсон. Мөн хурдан морь уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэл стандарттай болж түүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой болсон. ММСУХ холбоо 2019 онд хүүхэд хамгааллын жилийн хүрээнд наадмын талбай дээрх хамгийн үнэт зүйл бол хүүхэд, хурдан морь уралдаанч хүүхэд “ӨВ СОЁЛЫН БААТАР” нэртэй урт хугацаанд хэрэгжих төслийг санаачлан хэрэгжүүлж хүүхэд бүрийг стандарт хэрэглэлээр бүрэн хангах, холбооноос зохион байгуулсан уралдаан наадмуудын өмнө 16 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах зэргээр хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулсан. Мөн цаашид “ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс хурдан морины уралдаан бол даатгагдсан хамгаалагдсан үндэсний спорт юм.

Нэг жишээ дурдахад өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Яаралтай тусламжийн тасагт 135 хүүхэд хандсанаас мориноос унаж бэртсэн хүүхэд байгаагүй тухай тус тасгийн эрхлэгч П.Баярсайхан ярилцлага өгсөн байсан. Энэ бол холбооноос цогц арга хэмжээ авч ирсний үр дүн хэмээн харж байна.

-Унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулах шийдвэр гаргасан байсан. Энэ тал дээр холбоо ямар байр суурьтай байгаа вэ? Хятадад хүүхдүүд амны хаалттай гүйж байгаад амиа алдсан хэрэг гарсан.

-Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг амны хаалттай уралдуулах асуудлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан санал, зөвлөмжид тулгуурлах ёстой. Энэ талаар албан ёсны мэргэжлийн байгууллагын шийдвэр гараагүй гэж бодож байна. Харин холбооны зүгээс цар тахал дотооддоо тархаагүй байгааг харгалзаад амны хаалттай уралдахыг бол дэмжихгүй байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт гарах ёстой.

-Амны хаалттай уралдах асуудал яригдсанаас гадна өөр ямар шинэчлэлт хийгдсэн үү?

-Морь бүртгэл улс орон даяар эхэлсэн. Тодорхой хязгаарлалтын хүрээнд улсын баяр наадам зохион байгуулагдах шинжтэй байна.

-Энэ жил цар тахлаас шалтгаалан танай холбооны үйл ажиллагаанд хүндрэл учирсан байх. Энэ жил ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?

-Монголын морин спорт, уяачдын холбооны 25 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд ой хүрээнд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах бүсийн уралдааны саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ цар тахлын үед улсын баяр наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх саналаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Мөн уяачдад улсын цолыг баяр наадмаар олгуулахаар саналаа Ерөнхийлөгчид хүсэлт уламжилсан байгаа.

-Ер нь танай холбоо энэ жил ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан байв? Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бол Монголдоо томоохон спорт холбоодын нэгт тооцогддог том байгууллага.

-Монголын морин спорт, уяачдын холбоо хурдан морины аливаа уралдаан наадмыг зөвхөн морин уралдаан  төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, Монгол туургатны морьтны соёлыг бүхэлд нь  илэрхийлэх, үндэсний их өв соёл болохыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлж, монголын ирээдүй хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх, дэлхийд Монгол Улсыг морьтны өв соёлын өлгий цөм нутаг болохыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг татаж Монголын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах  зорилгоор 2020 онд холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийнхээ ойн хүрээнд:

  • Дэлхийн II дайнд монгол морины гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэж Москва хотын улаан талбайд монгол морины хөшөөнд холбоо хүндэтгэл үзүүлж баярын парадад морьтой жагсах
  • XIII  зуунд Хубилай хааны адуун сүргээс үлдсэн монгол адууны үр удам Чежү адуу түүнийг тойрсон монголчуудын адуу эдлэх соёлыг хамтран судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг тухайн бүс нутагт зохион байгуулж, Монгол морьтны гайхамшгийг  харуулсан морьтон циркийн үзүүлбэрийг Чежү хотод зохион байгуулах
  • 2020 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болох Азийн морин уралдааны холбооны их хуралд оролцож монгол туургатны морьтны өв соёлыг сурталчлах
  • Дэлхийн үндэсний спортын холбооны ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор зохион байгуулагдах арга хэмжээнд монголын үндэсний их өв соёлын цөм болох эрийн гурван наадам түүний морин уралдааныг бүхэлд нь сурталчлан таниулах
  • Монгол улсад морьтны өв соёлыг харуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, уран зургийн үзэсгэлэн, адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн яармаг, худалдаа, айраг фестиваль, 21 аймгийн адуучин тэмцээн, хос морьтон, дээлтэй монгол, гийнгоо марзайн улсын уралдаан, жороо морь, морьтон циркийн үзүүлбэр, хурдан морины уралдаан наадмыг цогцоор нь зохион байгуулах

Дээрх ажлуудыг төлөвлөн 2020 оныхоо календарчилсан төлөвлөгөөгөө гарган,  25 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд хавар, зуны бүсийн уралдаан наадам зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан хэдий ч энэ цар тахлын тархалтай холбоотойгоор олон төлөвлөсөн, төлөвлөгөөт ажил цуцлагдах, хойшлогдоход хүрээд байна. Харин энэ хорио цээр тавигдаад арга хэмжээ зохион байгуулж болохоор болбол бид морьтны соёлыг дагасан өв уламжлал, ёс заншлыг залуу үедээ таниулсан их өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой байгаа. Мөн бид энэ удаагийн арга хэмжээний үеэр уяачид, морины эзэд, унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг  үнэлэхээс гадна туслах уяач гэж хамаг гол ажлыг хийж гүйцэтгэдэг  хүмүүсийн  хөдөлмөрийг үнэлэх ёстой гэдэг үүднээс гал, галын түрүүлсэн морины туслах уяачдын ар гэрт нь байр бэлэглэх санаачилгыг гаргаад байгаа. Түрүүчээсээ байрыг нь амлачихсан иргэд, аж ахуй нэгжүүд байна.

-Уяачид болон унаач хүүхдүүдийн чансааг хэрхэн гаргадаг вэ? 

-ММСУХ дэргэдээ рейтингийн байнгын зөвлөлтэй. Тэр зөвлөл нь тухайн жил наадмуудын цуваа, ажилтанд тулгуурлан тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Чансаа тогтоох журам”-ын дагуу тухайн жилийн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ ажлыг тухай жилийн сүүл сардаа зохион байгуулдаг.

-Наадамчин зон олондоо мэндчилгээ дэвшүүлээч?

-Их зохиолч Д. Нацагдоржийнхоо хэлсэн  “Эрүүл явбал Улсын наадам үзнэ” гэдэг эрхмийн сайхан ерөөлт үгээр Монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн, зөв сэтгэлээ нийлүүлж элдэв муу бүхнийг эгнэгт зайлуулж  хотол баясгалант монгол наадмынхаа  дэвжээн дээр  дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж