МАН-ынхан Р.Дагвыг хотын даргаар томилуулахаар тохирчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Р.Дагвыг хотын даргаар томилуулахаар тохирчээ

МАН-ынхан Р.Дагвыг хотын даргаар томилуулахаар тохирчээ

МАН-ын “Үргэлжлүүлэх” амлалт үргэлжилсээр. У.Хүрэлсүх сонгогчдодоо болон намын нөхдөдөө  хэлсэн, амласандаа хүрч эхлэв. Тус нам эхлүүлсэн ажлаа, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхээ амласан бол, сонгогчид ч тогтвортой төр, засгийг хүсэж сонголтоо хийсэн юм. Улсаа нар зөв бүтэн тойрч явахдаа иргэдийнхээ энэхүү хүлээлтийг хамгийн сайн мэдэрснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр харуулж “үргэлжлүүлэх” хоёр томилгоо хийлээ. УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираах саналыг намын Удирдах зөвлөлдөө оруулж дэмжүүлэв. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагыг ч үргэлжлүүлэхээр болов.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хэлсэн амласандаа хүрэх, үргэлжлүүлэх дараагийн амлалт нь хотын даргын томилгоо юм. МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнд ярьж буйгаар одоогийн НИТХ-ын дарга Р.Дагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилохоор тохирчээ. Түүнийг дэмжих  тавын зэрэг шалтгаан, бас улс төрийн тохироо байгаа юм байна.

Эхнийх нь, Р.Дагва УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан юм уу, Багануур-Налайхын тойрогт нэр дэвших намын бодлогод анхнаасаа байсан.  Сүүлийн мөчид мөн л намын бодлогоор нэр дэвшээгүй. Намын бага хурал дээр ялагдаж,  хасагдаагүй. Харин  намын удирдлагуудын амлалт, журмын нөхдийн ятгалгаар энэ удаа хойш суужээ. Хотын дарга нэр дэвшиж байгаа учраас НИТХ-ын дарга нь арын ажлаа хариуцаж, бууриа сахиж  үлдэх ёстой, нам ялбал хотын даргад нэр дэвшүүлнэ гэж тохирсон байна. Улс төрийн энэхүү тохирооноос гадна хэлсэн ярьсандаа байх эр улсын тохироо ч явжээ.

Удаах нь,  Р.Дагва бол  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчоос эхлээд шатлан дэвших зарчмаар өгсөж яваа, хотын ажил амьдралын туршлагатай нэгэн.

Гурав дахь нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн боловсон хүчний бодлогодоо барьдаг гол шалгуурын босгыг давж буй нь Р.Дагва юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэн нэгнийг албан тушаал дэвшүүлэхдээ хүнийг нь илүүтэй харна, тэр өндөр хүн ёс зүйтэй, шударга, нэр цэвэр, тэгээд ажил амьдралын туршлагатай нэгэн байх ёстой” гэсэн юм. Эдгээр чанарууд дээр нэмээд Р.Дагва нь нам дотроо талцаж гүйгээд байдаггүй, хэвлэлийнхний өмнө хийснээ Пиардаж давхидаггүй,  ИТХ дээр хувийн эрх ашгийнхаа төлөө саналаа худалддаггүйгээс гадна өмнөх ажлаа олон хоногоор хаях, таслаад явах хувийн муу зуршилгүй, тулхтай нэгэн юм байна.

Дөрөвт, УИХ-ын сонгуульд МАН хотод хоёр мандат л алдсан. Хан-Уулд Доржханд, Баянголд С.Одонтуяа ялсныг эс тооцвол МАН хотод хавтай ялсан. Тийм учраас хотын намын хорооны дарга Д.Сумъяабазар ажлаа үнэлүүлж, хотын намын хорооны бодлогын нэр дэвшигчээ Нийслэлийн Засаг даргад зүтгүүлэхээ мэдэгджээ.

Тавд, хотод МАН ялж, Засаг дарга С.Амарсайхан УИХ-ын  гишүүнээр сонгогдсон нь  нэг талаар нийслэлийн иргэдээс хотын удирдлагын багийн ажилд өгсөн үнэлгээ юм. Уг багийн нэг удирдагч нь, нэг багана нь  Р.Дагва бөгөөд тэрээр ИТХ-ын даргын хувьд Засаг даргынхаа бүх бодлогыг дэмжиж ирсэн. Хотын удирдлагын энэ багийн, мөн Засаг дарга С.Амарсайханы ажлыг үргэлжлүүлэхэд мэдэхгүйн зовлон Р.Дагвад байхгүй. Хотын даргыг одоо шинээр томилох ч, Р.Дагва томилогдсон тохиолдолд гуравхан сарын дараа орон нутгийн сонгуулийн өмнө шинэ баг гаргаж ирэх гэж  халаа сэлгээгээр хотыг бужигнуулахгүй, өмнөх Засаг даргын ажлыг шинээр эхлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод МАН-ын үргэлжлүүлэх бодлогыг үргэлжлүүлэх хүн нь ИТХ-ын дарга Р.Дагва яахын аргагүй мөн юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж