Дэлхий нийтийг айдаст автуулаад буй цар тахлаас үүдэн энэ жил төрт ёсны уламжлал Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Харин сур, шагай, үндэсний бөх "13-р зуун" цогцолборт болохоор товлогдсон.
Гэхдээ энэ жил наадамчин олон наадмаа гэрээсээ үзэх сонголттой. Жил жилийн наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс мөнгө зарцуулдаг. Энэ жил үзэгчгүй ч гэсэн өмнөх жилүүдтэй адил гурван тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Угтаа бол эдийн засгийн хүндрэлтэй, наадамчин олонгүй учраас төсөв мөнгийг нь багасгаад цомхон наадамлах боломж бий. Гурван тэрбум төгрөгөөр үзэгчгүй наадамлаж байхаар энэ мөнгөө өөр зүйлд зарцуулъя гэх сошиал уриалга ч гараад эхэлжээ. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн гэгддэг "13-р зуун"-д зохион байгуулж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм. Үзэгчдийг оролцуулахгүй, гэхдээ "13-р зуун" цогцолборын гэр, амрах байруудыг өндөр үнээр түрээслэж байгаа. Тиймээс энэ цогцолборт амрахад нэг хүний 60 орчим мянган төгрөг байдаг бөгөөд гэр бүлээрээ бол илүү их зардал гарна. Тэгэхээр ийм хэмжээний зардал гаргаж, наадамлах хүн тун цөөхөн, дээрээс нь тооны хязгаартайг хэлэх үү.
Наадамчин олон лав гэрээсээ үзэх наадамд гурван тэрбумыг зарцуулах гэж байгаад дургүйцээд эхэллээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ