“ДОЛДУГААР САРД 10 УДААГИЙН НИСЛЭГЭЭР 3000 ОРЧИМ ИРГЭДЭЭ ТАТАН АВНА”
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.07.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг долдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа.
УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Tuesday, June 30, 2020
“ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ТАВАН ШАЛГУУРЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД СУУЛГАНА”
Тэрбээр “Улсын онцгой комиссын 24, 25 дугаар хуралдаанаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах долдугаар сарын төлөвлөгөөг танилцуулж, зөвшөөрөл авсан. Үүний дагуу долдугаар сард хийх татан авалтын талаар мэдээлье. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ыг дуустал сунгасан хэдий ч хилийн зорчих хөдөлгөөний хязгаарлалт долдугаар сард үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор тусгаарлах байрны нөөцийг нэмээд, тав, зургадугаар сард татан авсан иргэдийн тоог нэмсэн. Тусгай үүргийн онгоцны нислэгийн давтамжуудыг ч бас нэмсэн. Долдугаар сарын эхний нислэгийг БНСУ-руу энэ сарын 2-нд хоёр онгоц ниснэ. Тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж, онгоцны тоог нэмсэн.
Тусгаарлах байрны нөөц бага ч гэсэн нэмэгдэж байгаа. Долдугаар сарын сүүлчээр тусгаарлах байрны нөөцийг харж байгаад дахин нислэг хийхээр төлөвлөөд байна. Бид зөвхөн тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авдаггүй. ОХУ-д байгаа оюутнуудыг бид гуравдугаар сараас эхлэн татан авч байгаа. Тэнд төгсөх курсийн 350 гаруй оюутан үлдсэн байсан. Саяхан 114 оюутныг бид Москвагаас татан авсан. Үлдсэн 220 орчим оюутныг долдугаар сарын 5- 6-нд Алтанбулаг боомтоор татан авна. БНХАУ-д байгаа 308 иргэдээс долдугаар сарын 2ноос 3-ны өдөр татан авна. Үндсэндээ 10 удаагийн нислэгээр 3000 орчим иргэдээ татан авахаар төлөвлөж байна. Өнгөрөгч зургадугаар сард бид нийт 2358 иргэнээ гадаадаас татан авсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд харьцангуй олон нислэг үйлдэж, иргэдээ татан авсан. Дараагийн нислэгүүдэд удаан хүлээсэн иргэдээ хүндэтгэн үзэх таван шалгуурыг үл харгалзан тусгай үүргийн онгоцонд суулгана” гэдгийг яриандаа онцолж байв.
Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн болон транзит нислэгийн хуваарь:
- 7-р сарын 2-нд Сөүл
•7-р сарын 4 Токио
•7-р сарын 7 Сөүл
•7-р сарын 9 Истанбул /транзит/
•7-р сарын 15 Сөүл /транзит/
•7-р сарын 20 Сөүл
•7-р сарын 21 Токио
•7-р сарын 26 Франкфур руу нислэг үйлдэнэ.
“НЭГ ИРГЭНЭЭС 20, 30 УДАА МЭЙЛ ИРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ Ч БАЙГАА”
Мөн тэрбээр “Иргэдээс хүсэх нэг зүйл байна. Зарим Элчин сайдын яамны гадаа иргэд зохион байгуулалттайгаар үймээн самуун гаргаж байна. Ингэснээр бид тэр иргэдийг авна гэсэн үг биш. ЭСЯ, Консулын газар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг он, цагийн дарааллаар эрэмбэлж байгаа. Удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуурт оруулахгүйгээр авчрах чиг барьж байгаа. Тиймээс иргэдийг тайван байж, үймээн самуун дэгдээж тухайн улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулъя. Нэг иргэнээс 20, 30 удаа мэйл ирүүлсэн тохиолдол ч байгаа. Бид бүгдийг нь бүртгэлжүүлж байгаа. Хилийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр цаашид буюу наймдугаар сард хэрхэх тухай мэдээлэл бидэнд одоогоор байхгүй.
Улс орнууд хилээ нээгээд байгаа хэдий ч тэд богино хугацааны аяллын иргэдийг авахгүй байгаа. Хойд хөршид халдвар буурах хандлага байгаа ч коронавирусийн халдварын тоо маш өндөр байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдварын дийлэнх нь ОХУ-аас орж ирж байгааг та бүхэн мэднэ. Япон, Солонгост дотооддоо хэрэгжүүлж буй хорио цээрийг цуцлах эсэхээ ярьж байгаа зэрэг бүх мэдээлэл бидэнд ирдэг" гэлээ.
“ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТАЛААР НЭР УСТАЙ НЬ МЭДЭЭЛНЭ”
ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:
-Шуурхай штаб үүдэнд ирсэн олон иргэдтэй уулзаж, асуудлыг шийдэж байгаа. Бидэнд хүндрэл бий. Гэхдээ бид тусгаарлах байртай холбооттой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дараа нь энэ асуудлаар ярина. Бид маш удаан хугацаанд тэвчиж байгаа. Тиймээс тодорхой нэр ус, тоо баримттай нь нарийн мэдээллийг мэдээлнэ. Шадар сайд тусгаарлах байрны дэг журмыг өчигдөр болсон хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Бид “Тоёоко инн” зочид буудлын хоол хүнсэнд шалгалт хийсэн. Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хоол хүнс нь муу байсан нь үнэн.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ