Монголын хөлбөмбөгийн “Үндэсний Дээд Лиг” өнөөдөр /2020.07.01/ эргэн ирнэ. Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-ны 2020 оны улирлын гадаа талбайн нээлтийн тоглолтонд SP Falcons болон Дэрэн багууд тоглоно. Энэ хоёр багийг Монгол үндэсний шигшээ багийн тоглогч М.Жансерик холбож байна. Өнгөрөгч солилцоо наймааны цонхоор Монголын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр үнэ буюу 20 сая төгрөг хүрч SP Falcons багтай нэгдсэн тэрбээр өөрийн 11 жил хүчин зүтгэсэн Дэрэн багийнхаа эсрэг шинэ багийнхаа өмсгөлтэй дебют тоглолтоо хийнэ.
Өдгөө 21 настай М.Жансерик шинэ багийнхаа төлөө 7 дугаартай талбайд гарна.
SP Falcons баг өнгөрөгч солилцоо наймааны цонхоор тун идэвхитэй байж Эрчим багаас 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөрийг болон Дэрэн багаас 2019 оны Алтан бөмбөгийн эзэн Х.Цэнд-Аюуш нарыг эгнээндээ нэгтгэж, хүчээ зузаатгасан.
Хоёр багийн тоглолт МХБХ-ны ногоон талбайд 14:00 цагаас эхлэнэ.
Үүний дараа 18:00 цагаас Супер цомын тоглолт 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим багуудын хооронд явагдана.
Эрчим багийн хувьд энэ жил "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэрийн дор дээд лигт өрсөлдөнө. Харин "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ. Энэ хоёр багийг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал холбож байна. Өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн тэрбээр багийн удирдлагуудтайгаа үл ойлголцон энэ жилээс буурь сэлгэн "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдсэн. Ямартай ч Н.Цэдэнбалын шинэ багтайгаа хийх дебют тоглолт хуучин багийнх нь эсрэг ажээ.
Холбоотой мэдээ