УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан нам ахиад сөрөг хүчин болж, дөнгөж 11 суудал авсан. Тиймээс С.Эрдэнэ ажлаа өгөөд байгаа билээ. АН-ын ялагдлыг тус намын гишүүд дэмжигчид янз бүрээр тайлбарлаж буй. Улс төр судлаачдын хувьд АН-ын ялагдлын гол шалтгаан бол сонгуулийн тогтолцоо гэж үзэж буй юм. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа холимог тогтолцоог жижиг мажоритари тогтолцоогоор сольсныг олон хүн тухайн үедээ сануулж, буруутгаж, ухарсан алхам боллоо гэж шүүмжилж байсан юм. Харамсалтай нь, 2016 оны сонгуулийг жижиг мажоритор тогтолцоогоор явуулснаар АН-д саналаа өгсөн олон сонгогчийн санал гээгдэж, МАН үнэмлэхүй олонх болсон. Энэ удаад ч Ардчилсан нам нийт сонгогчдын 40 хувийн саналыг авсан ч дөнгөж 11 суудалтай үлдсэн билээ.
"Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр сонгуульд ялагдсан ялагдлаа Ардчилсан намын залуус өрөөл бусдаас эрж хайх болсон. Жишээлбэл, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд өчигдөр нүүр номдоо байр сууриа илэрхийлэхдээ "МАНАН мафийн мэхэнд уналаа" гэсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь, өнгөрсөн гурван жил С.Эрдэнэболд АН-ын шинэчлэл дээр ажиллаж, залуучуудын байгууллагыг нь толгойлж ирсний хувьд ч хариуцлага хүлээх ёстой хүн мөн үү гэвэл мөн.
Ардчилсан намын залуусын хандлага, үзэл баримтлалыг нь харахад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, өмчийг хамгаалахаас илүү Ерөнхийлөгч Х.Баттулгад хэн тал алдахгүй байх вэ гэсэн "уралдаан" өрнөж байх шиг, хөндлөнгийн хүний нүдээр дүгнэвэл шүү дээ.
Олонх нь "би тэр муу хүмүүстэй хамаагүй, танд сайн байдаг шүү" гэсэн мессежийг ил далдаар илэрхийлж буй Ардчилсан намын залуус амиа хоохойлж, ах нарынхаа ард нуугдахаа болих цаг болжээ. Ардчилсан намын ялагдалд хууччуулаасаа илүү залуус нь буруутай.
АН-ын үнэт зүйл, туг нь ардчилал, хүний эрх, эрх чөлөө. Гэтэл өнгөрсөн гурван жил Монголд бусдын өмчийг дээрэмдэж, ардчиллыг үгүйрүүлж, хүний эрхэнд халдаж, Үндсэн хуулийн бус аргаар хууль, шүүхийг гартаа атгаж, үзэл сурталын хоригдлуудтай болчхоод байхад АН-ын залуус хаана байсан вэ. Тэд ядаж л Л.Оюун-Эрдэнэ шиг, Х.Нямбаатар шиг итгэл үнэмшлийнхээ төлөө ил цагаан тэмцэж чадсан уу. Тиймээс албан тушаалын сургаар ам нь нээгдэх болсон АН-ын залуус өөрсдөөсөө ич. Өөрсдөө ил гар.
Эрдэнийн Бат-Үүл ахынх нь үгийг АН-ын залууст дамжуулъя.
Хууль бусаар цагдан хоригдсон улс төрийн хоригдол-нөхдүүдийнхээ эрхийг чадвал хамгаалах ажил л надад үлджээ.Улс төр одоо залуучуудын ажил болсон!
30 гаруй жилийн турш сайн нэр дуулаагүй ч ардчилал эрх чөлөөний төлөө зүтгэсэн ахаас нь залуустаа амжилт хүсье дээ! Айж бүү амьдар!
Б.БАТ
Холбоотой мэдээ