ЭМЯ: Нэг оюутан эдгэрч, нэг жирэмсэн эх амаржлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нэг оюутан эдгэрч, нэг жирэмсэн эх амаржлаа

ЭМЯ: Нэг оюутан эдгэрч, нэг жирэмсэн эх амаржлаа

ЭМЯ-наас хийдэг коронавирусийн халдварын цаг үеийн өнөөдөр /2020.07.01/-ийн мэдээлэл эхэллээ.

Мэлээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 563 мянган хүн өвчилж, 513 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 159 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн нь өнгөрсөн өдрийнхөөс өвчлөл 9000-аар, эндэгдэл 1000-аар өссөн үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт АНУ-д өвчлөл 40-45 мянгаар нэмэгдэж байгаа нь жагсаал цуглаанаас болсон гэж үзэж байгаа. ОХУ-д сүүлийн 24 цагт 6693 шинэ тохиолдол, нас баралт 154 хүрсэн байна. Монголд 16 хүн ажиглалтад орж, 31 хүн ажиглалтаас гарч 2468 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүс дунд 1-5 насны 118 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна. Гурван сарын 24-өөс өнөөдрийг хүртэл 5447 иргэн ажиглалтад байсан. Үүнээс 623 нь гэрийн ажиглалтад байгаа. Шуурхай 119 дугаарын утсанд 24 цагт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнд нэг дуудлага ирж, зөвлөгөө мэдээлэл авсныг" мэдээлэв.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 мянга гаруй иргэнд тандалт, судалгаа хийж, батлагдсан 220 тохиолдлыг илрүүлж, тусгаарлан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 175 буюу 81 хувь нь эдгэрсэн байна. Сувилалд 68, гэрт 73 хүн хяналтад байна. Батлагдсан тохиолдлын 181 нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн 50 хувь нь Алтанбулаг боомтоор орж ирсэн бөгөөд 6-80 насны хүмүүс өвчилжээ. Нийт батлагдсан тохиолдлуудын эмнэл зүйн шинж өөрчлөгдөөгүй, хөнгөн үед нь тусгаарлаж эмчилж байгаа гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Бид нэгдүгээр сарын 8-наас эхлээд 11 мянга гаруй хүнд тандалт хийсэн. Үүнээс 220 нь шинэ коронавирустэй болох нь батлагдсан. Өнөөдрийн байдлаар 175 нь буюу 81 хувь нь эдгэсэн. Эдгэрсэн хүнийг бид 14 хоног сувилалд ажиглаж, дараа нь гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Одоогоор 68 хүн сувилалд, гэрт 73 хүн байгаа бол бусад нь ажиглалтаас гарсан. Батлагдсан тохиолдлын 181 нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Архаг хууч өвчтэй 10-аад хүн байсан. Вируслогийн лабораторид 24 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн. Долоо хоногт 50-60 сорьц шинжилсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1400 гаруй ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд 13-т нь вирус илэрсэн. Халдварт өвчний нууц үе нь шинж тэмдэг илрэх хүртэл үргэлжилдэг. Коронавирусийн нууц үеийн хугацаа тодорхойгүй байгаа. Гэхдээ бид ДЭМБ-ын судалгаагаар нууц үеийг 14 хоног гэж үзэж байгаа. Монгол хүн дээр нууц үе яг ямар байгааг судлан тогтоох боломжгүй байгаа. Учир нь дотооддоо халдвар гараагүй. Өчигдөр 19 дэх хоног дээр нэг хүнээс вирус илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн. Бидний 21 хоногийн тусгаарлалт нь өөр оронд байхгүй байж магадгүй. ДЭМБ-аас өөрийн орны онцлогт тохируулан арга хэмжээ авахыг зөвлөж байгаа. Вирус ялгарах хугацаа их байна. Тухайлбал, хамрын арчдаст 28, хоолойд 39 хоног вирус агуулагдаж байна. Тиймээс бид голомтот бүс нутгаас ирсэн хүнийг 21 хоног тусгаарлаж байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өнгөрсөн 24 цагийн байдлаар лабораториудад нийт 406 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, ажиглах байранд байсан 378 хүн буюу Энэтхэг-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэд, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хоёр хүн, идэвхтэй тандалтын шинжилгээнүүд багтаж байна. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ. Тухайн иргэн нь ОХУ-аас ирсэн 21 настай оюутан. Мөн өнөө өглөө ХӨСҮТ-д жирэмсэн эмэгтэй амаржиж охин хүүхэд мэндэлсэн. Нийт батлагдсан 220 тохиолдол болж, 176 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 44 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 35 хүн хөнгөн, 11 хүндэвтэр байгаа. Эмчлүүлж буй хүний дунд зургаа болон 12 настай хоёр хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Tuesday, June 30, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж