"Ховдын ЭЕШ өгөх сурагчид шалгалтаа өгөөд тусгаарлагдана"

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

"Ховдын ЭЕШ өгөх сурагчид шалгалтаа өгөөд тусгаарлагдана"

"Ховдын ЭЕШ өгөх сурагчид шалгалтаа өгөөд тусгаарлагдана"

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2020.07.01/ 10.00 цагаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭЕШ-ын байруудад хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтаар илэрсэн зөрчил болон хилээр оруулж ирж буй загас, далайн гаралтай бүтээгдэхүүний түр хязгаарлалт, зарим экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг орон нутгийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн улсын байцаагч нар мэдээлэл өгөв.

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явагдсан. Бүртгэл дуусахад 30.900 гаруй хүүхэд бүртгэгдсэн байна. Эдгээр шалгуулагчдаас 28 мянга гаруй нь 2020 онд ерөнхий боловсрол (ЕБС)-ын сургууль төгсч байгаа бол 2900 гаруй хүүхэд өмнөх оны төгсөгч байна. Орон даяар ЭЕШ долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулагдах тов гарсан билээ.

 “СЭЖИГТЭЙ ШАЛГУУЛАГЧААС ТУСГААРЛАХ ӨРӨӨНД ШАЛГАЛТ АВНА”

МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн мэдээлэхдээ “Маргаашнаас ЭЕШ-ыг орон даяар гурван өдөр зохион байгуулна. Энэ жил өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой тодорхой нөхцөл байдалд ЭЕШ-ыг зохион байгуулна. Шалгалтад нийт 30.902 хүүхэд бүртгүүлснээс нэг хүүхэд дунджаар гурван хичээлийн шалгалт өгнө гэж бодоход 100 мянга орчим төгсөгчийн хөдөлгөөн гарна гэсэн үг. Тиймээс УОК-оос баталсан түр журмын дагуу улсын хэмжээнд нийт 85 байранд шалгалт авахаар зохион байгуулсан. Байрны хувьд шаардлага хангаагүй газрууд цөөнгүй байна. Тэр дундаа нийслэлийн зарим дүүргүүдэд шалгалтыг байрыг бэлдэхдээ шалгалт авах нөхцөлийг бүрдүүлээгүй, агааржуулалтгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил илэрсэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор дээр шалгалтын бэлтгэл ажил хангагдаагүй, ангиудын гэрлийн тусгал муу, агааржуулалт муутай, бие засах газрын тоо хангалтгүй байсан. Энэ жилийн ЭЕШ-ыг хөл хорионы үед зохион байгуулж байгаа учраас тусгаарлах өрөөг бэлдэж байгаа. Шалгалтын байранд орохын өмнө шалгуулагчдын биеийн дулааныг хэмжиж, хэрвээ халуунтай байвал сэжигтэй гэдэг тохиолдол гэж үзэн тусгай өрөөнд оруулна. Энэ ЭЕШ нь том шалгалт учраас энэ шалгалтад орж чадахгүй бол хугацаа алдах болдог. Харин шалгуулагч багш хамгаалах хэрэгсэл өмсч шалгалтыг авна. Бас нэг асуудал нь тухайн шалгалтын байр бэлтгэж буй сургуулийн захирлуудыг салбар яамнаас зургадугаар сарын 29-нөөс эхлэн ээлжийн амралт өгүүлэх шийдвэр гаргасан байсан. Бид энэ суудлыг БСШУСЯ-д дэвшүүлж тавьсан” гэдгийг хэлж байв.

“ХОВД АЙМАГТ 900 ГАРУЙ ТӨГСӨГЧ ШАЛГАЛТ ӨГЧ, ЗУРГААН ХОНОГ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ХЯЗГААРЛАНА”

Мөн тэрбээр “Ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ёстой гэдэг шаардлагыг ерөнхий сургуулиудын зүгээс хийлгэх төсөв мөнгөгүй гэдгийг хэлжээ. Ховд аймагт тарваган тахлын улмаас хөл хорио тогтоосон. Энэ аймагт 900 гаруй төгсөгч ЭЕШ-д өгөх ёстой байгаа. Эдгээр хүүхдүүдийг аймаг руугаа нэвтрүүлж оруулаад, шалгалт өгч, дараагаар нь өвчлөлийн нууц үеийн зургаа хүртэлх хоногийг дуустал аймгийн төвд байлгахаар ажлыг зохион байгуулсан. Тус аймгийн Цэцэг суманд тарваган тахлын голомт илэрсэн. Уг суманд 27 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээр хүүхдүүдийг үзлэгт оруулж, аймгийн төвд нэвтрүүлнэ” гэв.

 “ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙГ ХИЛЭЭР ЧӨЛӨӨТЭЙ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА”

МХЕГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.ТӨМӨРБААТАР:

-Өнөөдрөөс эхлээд хилийн 16 боомт дээр тухайн орон нутгаас авсан гэрчилгээ, мэдэгдлээр аж ахуй нэгжүүд импортоо хийнэ. Хилийн боомт бүхий аймгуудын мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын хорио цээрийн хэлтсүүд энэ гэрчилгээ, мэдэгдлийг олгоно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр стратегийн холбогдолтой зарим нэр төрлийн гэрчилгээг олгоно. Аж ахуй нэгжүүдээс өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн уулзалт хийж, хүсэлтийг нь авч байсан. Энэ асуудлыг албан ёсоор өнөөдөр мэдээлж байна. Монгол Улсын хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд холбогдох байгууллагуудаас ямар нэгэн хязгаар тавиагүй. Зөвхөн УОК-ын хурлын шийдвэрээр долдугаар сарын 7-ныг хүртэл 14 хоног БНХАУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг түр хязгаарласан. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ дээр өнөөдрийн байдлаар ямар ч хязгаарлалтгүй, хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа.

“Монгол Улсын 26 хилийн боомтоос 15 нь хөдөлгөөнтэй байгаа. Бусад боомт түр хязгаарлалттай байна. Импортын барааны бүтээгдэхүүний хагас жилийн дүн мэдээллээс мэдээлэхэд хүнсний бүтээгдэхүүний 8126 аж ахуй нэгж 8187 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортолсон. Үүнээс БНСУ, Норвеги болон бусад улсаас оруулж ирсэн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн 350 тонн орж ирсэн. Хагас жилийн байдлаар БНХАУ-аас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импорт хийгээгүй. Мөн БНХАУ-аас өндөржүүлсэн хяналт дор хүнсний ногоо 62 мянга, жимс жимсгэнэ 41 мянган тонныг импортоор оруулж ирсэн. Хилийн боомтоор зорчигч явахгүй. Зөвхөн тээврийн жолооч нар нэвтэрч, гарч байгаа. Хамгийн их  ачаалалтай Замын-Үүд боомтоор өдөрт 200-300 орчим ачааны машин, 18-20 галт тэрэг буюу 100-120 вагон хүнс болон хүнсний бус экспорт, импортыг хийж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж