Монгол Улс 2019 оны аравдугаар сард Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-ийн техникийн 40 зөвлөмжийн 20-ыг биелүүлээгүй, хэрэгжилтийн 11 зөвлөмжийн бүгдийг нь биелүүлээгүй гэх үндэслэлээр саарал жагсаалтад бүртгэгдсэн. Энэ цагаас хойш Монгол Улс долоон сарын хугацаанд FATF-ийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тайлангаа тухай бүрд нь тавьж, өнгөрсөн тавдугаар сарын 28-нд саарал жагсаалтаас гарах нөхцөлөө хангасан юм. Өөрөөр хэлбэл, Монгол улс нь долоон сарын хугацаанд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох FATF-ийн техникийн 40 зөвлөмжийн 37-г нь биелүүлдэг, 3-ыг нь хагас биелүүлдэг, хэрэгжилтийн 11 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлдэг улс болов.
Харин Монгол Улс нь үүрэг даалгавраа хэр сайн биелүүлсэн талаарх албан ёсны мэдээ зургадугаар сарын 24-25-нд болсон хуралдааны үеэр яригдаж, өчигдөр /2020.06.30/ FATF-ын албан ёсны сайт дээр тайлан нь тавигдсан байна. Тус хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Монгол Улс нь FATF-ийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж үнэлжээ.
Ингэхдээ Монгол Улсыг дараах шинэчлэлүүдийг хийсэн гэдгийг дурджээ. Тухайлбал,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эрсдэлийн үнэлгээний үндэсний аргачлал боловсруулж үнэлгээ хийх;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, санхүүгийн болон санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийг уг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- FATF-ын зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын хүрээг нэмэгдүүлэх;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагааг хийх талаар эрх бүхий байгууллагуудыг чадавхжуулах;
Үүний зэрэгцээ, Covid-19-ийн халдварын тархалт буурч, нөхцөл байдал сайжирмагц FATF төлөөлөгчид Монгол Улсад ирж, газар дээр нь үнэлгээ хийхээ мэдэгдсэн байна. Ингэснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах боломжтой болох юм. Энэ хугацаа нь ойролцоогоор аравдугаар сар гэж мэргэжилтнүүд харж байна.
Холбоотой мэдээ