Өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Лионель Месси мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа 700 дахь гоолоо орууллаа. Тэрбээр өчигдөр/2020.06.30/ явагдсан Испанийн Ла лигийн 33-р тойргийн хүрээнд Атлетико Мадрид багийг талбайдаа хүлээн аван 2-2 гэсэн харьцаатай тэнцсэн тоглолтонд нэг гоол оруулжээ. Лионель Месси хоёрдугаар үеийн 50 дахь минутанд тоглолтын тооны харьцаа 1-1 гэсэн харьцаатай байхад торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэн багтаа тэргүүлийг авчирсан боловч үүнээс удалгүй 62 дахь минутанд эсрэг багаас Саул Нигез мөн торгуулийн цохилтыг төгс гүйцэтгэн тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Өнгөрөгч зургадугаар сарын 24-ний өдөр 33 нас хүрсэн Аргентин довтлогч маань ийнхүү нийт 860 тоглолтонд оролцон Барселона багийн төлөө 630 гоол, Аргентин улсынхаа шигшээ багийн төлөө 70 гоолыг тус тус оруулаад байна. Харин түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа Спортинг, Манчестер Юнайтед, Реал Мадрид, Ювентус, Португал улсын шигшээ зэрэг багуудын төлөө 1002 тоглолт хийн 725 гоол хийсэн гэх сүрдэм үзүүлэлттэй.
Өдгөө 35 настай Роналдо мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа Мессигээс 100 гаруй тоглолт илүү гүйцэтгэсэн
Хөлбөмбөгийн спортын түүхэнд хөлбөмбөгчний замналдаа хамгийн олон гоол оруулсан амжилтыг Чех, Австрийн домог Йосеф Бикан 805 гоол оруулснаараа эзэмшдэг бол түүний араас Бразилын домгууд болох Ромарио 772 гоол, Пеле 767 гоол, Унгарын домог Ференц Пушкаш 746 гоол, Германы домог Гёрд Мюллер 735 гоол оруулснаараа тус тус бичигддэг. Харин тэдний араас Роналдо болон Месси нар бичигдэж байна.